
Сонгодог урлагт нэгэн шинэ хуудас нээж буй үйл явдалтай давхцан өнөөдөр кино урлагт жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэ өөрөө зохиолыг нь бичиж, найруулан, гол дүрд нь тоглосон “Гарал угсаа” дэлгэцийн бүтээлээ өнөөдөр өлгийдөн авлаа. Түүнчлэн номын хорхойтнуудад дуулгах сайхан мэдээ байна. Өнөөдөр Уран зургийн галерейд “Монсудар” хэвлэлийн газраас хоёр дахь жилдээ зохиож буй “Соён гэгээрлийн өдрүүд” нээлтээ хийлээ. Энэ жил эх хэлэндээ тулгамдаад байгаа асуудлуудыг хурцаар хөндөн тавьж буй тус өдөрлөгийн хүрээнд олон сонирхолтой арга хэмжээнүүд болох юм. Эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд эх хэл, хүүхдийн боловсрол болон нийгмийн бусад олон асуудлаар өөрсдийн санал бодлоо хуваалцах ба “Монсудар” хэвлэлийн газраас гаргаж буй шинэ номнуудын нээлт ирэх амралтын өдрүүдэд үргэлжилнэ. Гурав хоног үргэлжлэх “Соён гэгээрлийн өдрүүд” хүрээнд маргааш Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Хөгжим таны хэрэгцээ юу, зугаа юу” сэдвээр ярилцах бол нөгөөдөр дэлхийн утга зохиолын сор бүтээл болсон У.Шекспирийн “Гамлет” жүжгийн агуулга, чин санаа нь өнөөдрийн Монголын нийгмийн талаар юу өгүүлж болох тухай хэлэлцэх юм.
Мөн өнөөдрөөс эхлэн иргэний цахим үнэмлэхийг төрийн болон бусад байгууллагын үйлчилгээнд үе шаттайгаар нэвтрүүлж эхэллээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв, орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтэс, нэгжүүд өнөөдрөөс эхлэн бүх үйлчилгээгээ иргэний шинэ цахим үнэмлэхтэй иргэдэд үзүүлэх ёстой. Цаашид төрийн болон бусад байгууллагууд зөвхөн иргэний цахим үнэмлэхээр үйлчилгээ үзүүлэх ба аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд иргэд зөвхөн цахим үнэмлэхээр санал өгөх юм.
Өнгөрсөн лхагва гаригт тохиосон Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 ойн өдөр олон хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар одон медалиар энгэрээ мялаасан. Өнөөдөр тэрхүү шагналын хур үргэлжилж, салбарын сайд дарга нар нь шагнал гардуулан өгөв.
Энэ өдрийн хамгийн том сенсацийг Нийслэлийн өмчийн газар МАН-ыг түрээсэлж байсан төлөлгүй луу унжсан төлбөрийг нэхэж шүүхэд өгсөн нь байлаа. МАН-аас тэд түрээсийн төлбөр, алдангид 800 сая төгрөг нэхэмжилж байгаа юм.
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э-Бат-Үүл орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 21-нд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглон сонгуулийн байгууллагууд /Санал авах байр/-ыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр таслахгүй, найдвартай хангах, хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулахыг даалган мөн иргэдийн сонгуульд оролцох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Нарантуул”, “Хархорин”, “Да Хүрээ”, “Өгөөмөр”, “100 айл”, “Гурвалжин” орчмын барилгын материалын зах, худалдааны төвүүдийг амраах захирамж гаргалаа.
Харамсалтай мэдээ дуулгахад найман сартай хүүгээ тэврэн Сэлэнгэ мөрнөөр урсан одсон бүсгүйн сургийг гаргаагүй хэвээр байна. Харин Сэлэнгэ мөрөнд хүн осолдоод байхад эрлийн ажлыг хангалттай зохион байгуулаагүй тус аймгийн онцгой байдлын албаны дарга болоод аврагч нарыг хувийн компанийн ажилд дайчилж байгаад нэгэн залууг гараа гэмтээхэд хүргэсэн албан тушаалтанд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.