
Уг арга хэмжээнд ШХУ-д амьдарч буй монгол иргэдээс гадна ШХУ-ын Гадаад хэргийн яам, манай улстай хамтран ажилладаг Швейцарийн төрийн болон төрийн бус байгууллагын зочид оролцов.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Оргил арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол Улс түүхэндээ анх удаа бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байгаад баяртай байна. Монголчууд Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тэмдэглэхдээ итгэл үнэмшил, оюун санаагаараа нэгдэж байх учиртай юм” хэмээн тэмдэглэв.
Өдөрлөгийн үеэр Эзэн Чингис хааны аугаа их үйл хэргийн талаар танилцуулга хийж, Чингис хааны суу алдар, цэцэн ухаанаар омогшин Монгол бахархлын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.