арваннэгдүгээр сарын 14-нд Газын зурвасыг хянаж байгаа ХАМАС
хөдөлгөөний эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж эхлэв. Байлдааны
ажиллагааны зорилго нь Израилийг удирдлагагүй пуужингаар буудахыг
зогсоох явдал гэнэ. Гэхдээ Израилийн удирдлагад дайныг эхлүүлэх улс
төрийн зорилго бас байгаа.
“Үүлэн багана” гэгдэх ажиллагаа
ихээхэн үр дүнтэйгээр эхлэв. Агаараас хийсэн довтолгоогоор Газын
гудамжаар явж байсан Ахмад Жабарийн машиныг устгав. Израилийг хамгаалах
армийн (ЦАХАЛ, (иврит хэлээр. צבא הגנה לישראל — Цва hагана́
ле-Йисраэ́ль, товчоор. צה"ל — Ца́hаль)) төлөөлөгч, “Үзэл бодлын төлөө
тарчлагч Иззеддин аль Кассамын бригад” гэх ХАМАС-ын цэрэгжсэн жигүүрийн
лидерийн седан галт бөмбөг болон дэлбэрч буйг харуулсан видеог Youtube
сүлжээнд байрлуулсан ч удалгүй авчээ. Гэхдээ уг бичлэгийг The Daily
Telegraph сонины сайтаас үзэж болно.
Агаар, далайгаас хийсэн
Израилийн довтолгоонд Газ дахь зэвсгийн агуулах, пуужин хөөргөх
төхөөрөмж, цагдаагийн газрууд, зарим дайчид зэрэг зуу гаруй бай өртсөн
байна. Ажиллагааны эхний хэдэн цагийн дотор 13 палестинчууд амь
үрэгдсэний хоёр нь хүүхэд байжээ. Нэг нь BBC Arabic телевизийн
зураглаачийн хүүхэд байв.
ХАМАС-ын дэглэмийг унагах нь
израильчуудын гол зорилгын нэг биш, гэхдээ ЦАХАЛ зурвас нэвтрэх
ажиллагаа хийгдэхийг үгүйсгэхгүй байна. Мөн армийн командлал зурвас хил
орчимд хуягт техникээ татаж байна.
ЦАХАЛ-ын хуягт техник. Фото AFP
Энэ
үеэр ХАМАС зэрэг палестины бусад бүлэглэл Израилийг довтлох ажиллагааг
үргэлжлүүлэв. Дайсандаа “жинхэнэ айдас” үзүүлнэ гэж амласан тэд нэгэн
шөнийн дотор Ашдод, Ашкелон, Сдерот, Беэр-Шева ба бусад хотуудыг
пуужингаар харважээ. Палестины пуужингуудыг Тель-Авив, Димоны цөмийн
төвийн орчимд сөнөөсөн байлаа. Хамгийн ноцтой хэрэг Кирьят-Малахи хотод
гарчээ. Пуужин орон сууцны байранд тусах үеэр гурван хүн аьм үрэгдэж,
нэг хүүхэд хүнд бэртсэн байна.
Араб-израилийн дайны түүхэнд
жинхэнэ тулаан Твиттерт өрнөж байна. ЦАХАЛ @IDFSpokesperson-аар,
палестинчууд өөрсдийнхөө тухай @AlqassamBrigade хуудаснаа мэдээлж байна.
Youtube-д ч энэ талаарх видео бичлэгүүд тавигджээ.
Харин
дэлхийн олон нийтийн зүгээс эдгээр үйл явдалд төдий л ач холбогдол
өгсөнгүй. АНУ, Британи хүчирхийллийг буруутган, Израилийг дэмжлээ. Эх
газрын европчууд дундыг барьж байна. Арабын орнууд мэдээж, Палестиныг
дэмжлээ.
Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурси Тель-Авиваас
Элчингээ татаж, Кайрт суугаа Израилийн Элчин сайдад эсэргүүцлээ
илэрхийлэв. Мөн Мурси НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг
шаардсан юм. Мурси одоо өөрөө нэлээд хүнд байдалд байна. Египетчүүд, мөн
түүний намынхан нь Израильтай байгуулсан энхийн гэрээнээс татгалзахыг
шаардаж байгаа. Тэр ямар үр дагаварт хүрэхийг Мурси ойлгож байна.
Тиймээс тэр одоо Рафах дахь хилийн боомтыг нээх тушаал өгчээ. Египетээс
өөр тусламжийг ХАМАС одоогоор аваагүй. Гэхдээ байдал хурцдаж байгаа
учраас байдал өөрчлөгдөж болох юм.
Махмуд Аббас Мохаммед Мурси хоёр. Фото Reuters
Сүүлийн
үед Ойрхи Дорнодод өрнөж буй энэ үйл явдалд Катар ямар байр сууринаас
хандаж байгаа нь сонин. Олон улсад асар их “жинтэй” болсон энэ жижиг
улсын Гадаад хэргийн сайд “Израилийн үйлдэл цээрлэл хүлээнэ” гэсэн
ганцхан өгүүлбэр хэлжээ. Иерусалим үүнийг анхаарах ёстой гэх. Учир нь
сүүлийн хоёр жилд Доха зүгээр нэг үг хэлээд өнгөрдөггүй гэдгийг баталж
чадсан.
Дамаск ч гэсэн энэ талаар хэлэх үгээ дуулгав. Тэд Газын
зурвасыг бөмбөгдсөн нь “террорын бүдүүлэг үйлдэл” гэжээ. Арабын орнууд
тэр мэдэгдлийг гайхан хүлээж авах шиг боллоо. Сирийг дэмжигч Орос Газын
хэрэг явдалд уламжлалын дагуу “энхийн яриа хэлцэл” хийхийг уриалаад
өнгөрүүлж.
Ер нь “Үүлэн багана” өргөжиж магадгүйг хэн хүнгүй л
ярьж байна. Израилийн цэргийн бэлтгэл, бөмбөгдөлд идэвхжсэн, ЦАХАЛ-ын
мэдэгдэл ширүүсч байгаа зэрэг ажиллагааг үргэлжилнэ гэх итгэлийг улам
нэмэгдүүлж байна.
Үүний хажуугаар, Израиль 2008 онд Газад
явуулсан “Цутгамал тугалга” ажиллагаатай олон төстэй зүйл харагдаж
байна. Нэгдүгээрт, ХАМАС-ын эсрэг хоёр дайн шууд АНУ-ын ерөнхийлөгчийн
сонгуулийн дараа эхэлж байна. Хоёрдугаарт, хоёр дайн Израильд сонгуулийн
кампани эхэлсэн үеэр хийгдсэн юм. Гуравт, тэр жил ч, энэ онд ч
Израилийн удирдлага Палестины автономийн тэргүүн Махмад Аббастай “хүйтэн
дайны” байдалд байсан ажээ.
2008 онд Газыг хүчтэй бөмбөгдсөний
дараа Израилийн цэрэг тийшээ нэвтэрч, 1300 палестинчууд, 13 израилчууд
алагдсан байв. Стратегийн ноцтой өөрчлөлт гараагүй ч хоёр талууд ялалтаа
тус тусдаа зарлаж байлаа.
Газын зурвас, 2009 оны нэгдүгээр сар. Фото AFP
Эрх
баригч “Кадима” нам маш бага боломжтой байсан ч тэр дайны дараа
олонхийн санал авсан, гэхдээ парламентад олонхийг бүрдүүлж чадалгүй
сөрөг хүчин болсон юм. Тэр нь дайн сонгуульд хэрхэн нөлөөлдгийг
Израилийн улстөрчдөд сургамж болсон нь мэдээж. Сонгуульд ялахын тулд
хоёр нөхцөл шаардлагатай. Үүнд израильчуудын дунд хохирол маш бага байх
ёстой дээр нь телевизийн сайн зураглал байх хэрэгтэй. Эхнийхийг нь
“Төмөр дээвэр” гэсэн пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ систем
хангаж, нөгөөг нь Газ, Израильд ажиллах телевизийн олон тооны
сурвалжлагчид хийж өгнө. Дайны эхний өдөр гурван израиль алагдсан нь
Нетаньяхуд бага ч болов цохилт болов. “Төмөр дээвэр” цоорхойтой байж
таарчээ. Байдал ийм ч израильчуудын ихэнх нь өөрийн Засгийн газраа
дэмжиж байна. Израилийн хохирол мэдэгдэхүйц өсөхгүй бол Нетаньяху дахин
ерөнхий сайдаар ажиллана гэж хэлж болно.
Энд бас нэг зүйлийг
хэлэх ёстой болов уу. 2008 оны дайнаар Палестины автономийн тэргүүн
Махмуд Аббас улс төрийн нэр хүндээ алдсан билээ. Харин ХАМАС ард түмнээ
хамгаалагч хүчин гээд олон нийтийн дэмжлэгээ нэмэгдүүлсэн юм.
Үүнтэй
холбоотойгоор Израилийн Гадаад хэргийн сайд Либерманы мэдэгдлийг
анзаарах ёстой. Палестиныг НҮБ-ын жинхэнэ гишүүн болгохоор Аббас ирэх
сард зүтгэнэ гэсэн нь Израилийн сайдын дургүйцлийг хүргэв. Абас хүслээ
биелүүлбэл Иордан голын баруун эрэг дэх израиль сууринууд, зүүн
Иерусалимыг эзлэн нэгтгэснээ хууль ёсны болгох гэсэн Израилийн бодлогод
төгсгөл ирнэ. Палестин олон улсаар хүлээн зөвшөөрөгдвөл Израилийн
суурингууд харийн нутагт үлдэх болно. Үүнтэй холбогдуулан Либерман
Аббасыг авч хаях мөн Палестины автономийг татан буулгах хүртэл арга
хэмжээ авна гэсэн юм. Энэ мэдэгдлийг албан ёсоор хийж, зохих зөвлөмжийг
ГХЯ нь Засгийн газарт илгээсэн байна. Хэрэв энэ занал биелэгдвэл Баруун
эрэгт засаглалын хоосон орон зай үүсч түүнийг палестинчуудын хамгийн
алдартай хүчин ХАМАС нөхөх болно.
Хэрэг явдал тэгж өрнөвөл
Израильд зарим талаар ашигтай. Одоо Баруун эрэг дэх Израилийн
суурингуудыг АНУ хүртэл буруутгах сайн шалтаг болно.