УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хийх халз мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 18-нд товлогдсоноороо болно. Хойш тавихгүй, монгол хүн хэлсэндээ байх ёстой” хэмээн мэдэгдлээ. Ийм мэдэгдэл хийх болсон нь олон нийтийн дунд УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын хамтдаа зарласан мэтгэлцээн хойшлогдсон гэдэг яриа түгж байгаа тул түүнд хариу болгож тайлбар хийж буй нь энэ аж. Гэхдээ эрхэм гишүүнийг Дархан-Уул аймагт ажиллаж байх үеэр нь УИХ-ын Тамгын газраас утсаар холбогдож мэтгэлцээнээ арваннэгдүгээр сарын 23-нд хийх хүсэлт тавьжээ. Ингэхдээ орон нутгийн сонгуулийн өмнө халз мэтгэлцээн хийх нь сонгуулийн дүнд нөлөөлөхүйц үр дагавар дагуулж болзошгүй гэж хэлсэн юм байна. Түүнээс албан ёсоор УИХ-ын дэд дарга С.Баярцогтын зүгээс мэтгэлцээнийг хойшлуулах санал тавиагүй аж. Иймд УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн зүгээс мэтгэлцээнийг хойшлуулахгүй гэдгээ өнөөдөр УИХ-ын Тамгын газарт албан ёсоор биечлэн мэдэгдэнэ гэв.
УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэх мэтгэлцээн МҮОНТ-ийн 600 студид арваннэгдүгээр сарын 18-н буюу ирэх ням гаригт 21.00 цагаас эхлэн 1.30 цагийн турш шууд орон даяар цацагдана гэж тэрээр мэдэгдлээ. Эл нээлттэй хэлэлцүүлэг нь хэвлэлийнхэн болоод иргэдэд нээлттэй юм байна.
Г.ДАРЬ