Таны хүүгийн зурагтай карт гарвал гоё оо

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Таны хүүгийн зурагтай карт гарвал гоё оо

“Ээж ээ миний дансан дахь мөнгө одоо хэдэн төгрөг болж байгаа бол…” гэж шулагнан асуух хүү том болоод өөрийнхөө мөнгөөр хөрөнгө оруулалт хийн компани байгуулна гэж мөрөөдөж байна. “Одоогийн хүүхдүүдийн айхтар гэдэг нь. Бүр тооцоо хийгээд эхэлчихжээ” эмээ нь өхөөрдөх хүүгийн хүсэл биелэх болтугай. Хэдийгээр сар бүр 20 мянган төгрөг бага мэт боловч мөрөөдөл биелэхэд хүсэл багаддаггүй билээ.

Хэдийгээр сонгуулийн амлалт гэж зарим талаар шүүмжилдэг ч хүүхдээсээ мөнгө харамлах, түүнийг эсэргүүцэх хүн цөөхөн л байдаг. 2008 оны сонгуулиар “Ардчилсан холбоо” эвсэл амлахад биелэхэд хол мэт сонсогдож байсан ч хүүхдүүд мөнгөө хүртэж эхэлсэн. Шинэчлэлийн гэгдэх Засгийн газар ч энэ аравдугаар сараас эхлэн дахин олгож буй. Халамжийн хөтөлбөрөөс татгалзъя гэж тунхагласнаа яав гэж улстөржин шүүмжилдэг улстөрчид ч хүүхдийн мөнгийг үүнд нялзаахгүй байхад санал нэгдэж буй.

Харин өмнө нь хэн бүхний хүүхдэд хавтгайруулан олгож байна гэгдэж байсан бол энэ удаад эцэг эх нь хүсэлт гарган дансаа нээлгэснээр хүүхдийн мөнгөө авах болсон. Басхүү боломжийн амьдралтай, заавал энэ мөнгийг авах албагүй гэсэн хүмүүс ч бас бий. Түүнээс гадна банкинд данс нээлгэсэн л бол мөнгө шууд тийш шилжих болохоор зохион байгуулсан учраас тээр жилийнх шиг оочер даруулал болохгүй амар байгаа. Тэгээд ч дансанд  буюу картанд байгаа мөнгийг тэр болгон боломжтой бол хүмүүс авч хэрэглээд байдаггүй. Тэр утгаараа ч юм уу Хүүхдийн мөнгөний дийлэнх хэсэг нь хуримтлал хэлбэрээр хадгалагдаж байгаа гэж арилжааны банкныхан хэлж байсан. Энэ ч бас хүүхэддээ хуримтлал үүсгэх гэсэн эцсийн зорилгодоо хүрч байна аа гэсэн үг. Тэгээд ч бэлэн мөнгө тарааж инфляцийг хөөрөгдөж орхисон “шарх”-аа мартаагүй байгаа монголчуудад бас нэг сайхан мэдээ нь зарим хэсэг хүүхдийнхээ хэрэгцээнд зарцуулаад зарим нь хэсэг нь хуримтлал болгосноор инфляцид ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй нь ээ гэсэн тайвшралыг бий болгоод байгаа. 

Тэр тусмаа энэ жилийн хувь  эдийн засгийн өсөлт ерөнхийдөө буурч байгаа учраас чиглэсэн хэсэгт мөнгө олгосноор хөрж магадгүй эдийн засгийг бүлээцүүлэх магадлалтай гэж эдийн засагт тодотгож байгаа юм. Үнэндээ ч хэрвээ эцэг эх нь буруу тийш залчихгүй л бол  энэ мөнгө хүүхдийн эрүүл мэнд өсч бойжих, цаашилбал ирээдүйн хөрөнгө оруулалт нь болох учиртай юм. Энэ мөнгө олон айлын бор хоногийн хоол болж байгаа гэдэгтэй ч маргах хүн үгүй байх. Өлөн цөлмөн байгаа ганц ч гэсэн хүүхдийн бор ходоодыг бошийлгож л байвал.

Эцэг эхчүүд нь өөр зүйлд зарцуулах вий гэснээс гадаадын улс орнуудад хүүхдийн гэх тодотголтой гэх мөнгийг зөвхөн хүүхдийн хоол тэжээл, эмнэлэг болон боловсролын үйлчилгээнд зарцуулах зохицуулалт байдаг. Тэгвэл энэ талаар ч гэсэн монголчууд нэг алхам хийх гэж байна. Учир нь Монголбанкнаас үндэсний валютын гэсэн тодотголтой “₮” карт зөвхөн хүүхдүүдэд зориулсан хүүхдийн бяцхан картыг гаргах гэж байгаа юм. Энэ картанд хүүхдийнхээ нэр дээр мөнгийг нь байршуулж болохоос гадна хүүхдийн гэсэн энэ тодотголтой  картаар архи тамхины худалдаа огт хийж болохгүй. Бүр цаашилбал одооноос хүүхдийн парк, тоглоомын газар, хүүхдийн хоол, хувцас тоглоом худалдаадаг компаниуд зөвхөн Хүүхдийн энэхүү картаар үйлчлүүлэхэд тодорхой хэмжээний хөнгөлөлт урамшуулал эдлүүлж болохоо илэрхийлээд байгаа юм байна. Магадгүй бяцхан жаалууд маань ирэх хүүхдийн баяраараа Хүүхдийн парктаа хүүхдийн картаараа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж тоглож, цэнгэж, дуртай зайрмаг, тоглоом, зургийн хэрэгслэл, хайртай номоо ч хөнгөлөлттэй үнээр авч байх болох нь ээ.

Одоогоор хүүхдийн хэмээх тодотголтой “₮” картыг хэвлүүлж байгаа бөгөөд ирэх жилийн эхний өдөр буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхдүүдийн гарт хүргэх юм байна. Ингэхээр бяцхан жаалууд маань өөрийн гэсэн карттай болно. Өөрөөр хэлбэл ирээдүйн бяцхан захирлууд маань мөрөөдлөө биелүүлэх хөрөнгө оруулалтын картаа барьж баярлах болно.

Ингэхэд зарим арилжааны банкууд хайртай ээж, алаг үрс, амраг ханийнхаа гээд өөрийнхөө хамгийн хайртай зургаа тооцооны картан дээрээ хэвлүүлж болох үйлчилгээг аль хэдийнэ нэвтрүүлээд байгаа. Тэгэхээр бүр хүүхдүүдэд өөрсдийнх нь зурагтай картыг ч хэвлүүлж болох юм билүү. Карт хэвлүүлж байгаа арилжааны банкууд энэ саналыг анхааралдаа авч үзэхийг илүүдэхгүй байх. Хэн ч гэсэн хүүхдийнхээ картан дээр алдрай бяцхан үрийнхээ зургийг хэвлүүлж авахыг хүснэ дээ. Өөрийн гэсэн хуримтлалтай боллоо гэж баярлаж буй жаалууд ч гэсэн өөрийнхөө зурагтай картаа нандигнан хадгалж, бахархаж, магадгүй энэ бяцхан үрсийн өөрийхөө хөрөнгийг өөрийнхөө хэмээн хамгийн тодоор мэдэрч, “би”-гээ олж, мөрөөдлөө гартаа барьж болох юм байна гэдгийг хамгийн тод томруунаар мэдрэх ч юм билүү. Танд ч гэсэн хайртай бяцхан үрийн чинь картан дээрээ мишээж, хүүдээ охиндоо зориулж хуримтлал үүсгэж байгаа юм шүү гэдгээ мэдрэн, илүү хариуцлагатай байхаа илүү аз жаргалтайгаар мэдрүүлэх буй за.

А.ТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж