-Улаанбаатарт болж буй Япон, БНАСАУ -ын төлөөлөгчдийн уулзалт ямар үр дүнтэй болж байгаа вэ?
-Өчигдрөөс эхлээд БНАСАУ, Японы хоёр талын уулзалт Их тэнгэрт болж байна. Хоёр талын өмнөх уулзалт таван жилийн өмнө буюу 2007 онд болсон. Таван жилийн дараа дахиад Зүүн хойд Азийн бүс нутгийн гол зарим асуудлыг ярилцахаар хоёр тал дахин нэг ширээний ард суулаа.
Монгол Улс хөгжихөд Зүүн хойд Азийн бүс нутаг тайван байх нь чухал ач холбогдолтой. Хуримтлагдсан асуудлуудаа улс орнууд энх тайвны замаар шийдэх нь зүйтэй. Солонгосын хойгийн асуудлаар болдог байсан зургаан талт хэлэлцээр зогсчихсон байгаа үед хэлэлцээрт оролцогч хоёр талын уулзалт Улаанбаатарт болж байгаа нь чухал юм. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргасан. Үүгээрээ Монгол Улс бүс нутаг тайван хөгжих асуудалд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа юм.
-БНАСАУ, Японы талаас харилцан ямар шийдвэр гаргаж байгаа бол?
-Хэлэлцээр өчигдрөөс эхэлсэн. Дуусаагүй байна. Хэлэлцээр нэлээд өрнөж байгаа шинжтэй. Өнөөдөр бүхэл өдөржин үргэлжилнэ гэсэн мэдээллийг урьдчилсан байдлаар өгч байна. Хоёр талын хэлэлцээрт Монголын тал оролцохгүй байгаа. Хоорондоо илэх далангүй ярилцах боломжийг олгож өгч байгаа юм.
Юу ярилцаж байгаа нь ерөнхийдөө ойлгомжтой. Японы талаас тавьдаг шаардлагуудаа тавьж байгаа. Хойд Солонгосын эдийн засаг, улс төрийн шинэчлэлт, дээрээс нь Японы талаас БНАСАУ-д хулгайлагдсан иргэдийн асуудлыг олон жил тавьж байгаа. Японы болон бүс нутгийн аюулгүй байдалд хамаарах Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг хөндөж байгаа. Хойд Солонгосын хувьд удирдлага нь шинэчлэгдсэн. Шинэ удирдагч гараад эдийн засгийн өөрчлөлт хийнэ гэсэн хүлээлт байгаа. Зарим талаар арга хэмжээ авч, өөрчлөлт хийж эхэлсэн. Үүгээр бүс нутгийн орнуудаас дэмжлэг авах зорилт тавьж байгаа байх. Мөн Японы талаас Хойд Солонгост тавьсан эдийн засгийн хоригийг задлах, ямар нэг байдлаар сулруулах зэрэг асуудал байгаа байх. Хоригийг сулруулахдаа хүрвэл олон улсын зүгээс БНАСАУ-д тавьдаг цөмийн зэвсэгтэй холбоотой шаардлага гэж бий.
Монгол Улс 20 жилийн өмнө дангаараа өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс нутаг, цөмийн зэвсэггүй статус гэж зарласан байгаа. Үүнийг сая есдүгээр сард НҮБ-ын таван гол орон баталгаажуулаад гарын үсэг зурсан. Нэг улс ч гэсэн өөрийн нутгийг цөмийн зэвсгээс ангид байлгах санаачилга гаргах нь ач холбогдолтой гэдгийг харуулсан. Энэ нь Хойд Солонгос бусад улсын анхаарлыг татах жишээ мөн гэж үзэж байгаа.