
Америкийн нэр хүндтэй наадмуудын нэг “People"s Choice Awards” нийт 48 төрлийн номинацид нэр дэвшигчдээ тодруулжээ. Энэхүү наадам нь хөгжим, кино, телевизийн шилдгүүдийг хүмүүсийн саналаар шалгаруулдаг бөгөөд энэ жил тус наадамд нэр дэвшигчдийг “Maroon Five” хамтлагийн ахлагч, “The Voice” шоуны шүүгч Адам Левин тэргүүлсэн байна. Тэрээр хүмүүсийн дуртай хамтлаг, дуу, цомог, видео, алдартан шүүгч, уралдаант шоу зэрэг зургаан номинацид нэр дэвшсэн байна. Мөн залуу од Жастин Бибер таван номинацид нэр дэвшжээ. Харин Америкийн телевизийн шоунууд дундаас “Glee” мюзикл шоу таван номинацид нэр дэвшсэнээр бусдыгаа хошуучилсан бол “The Avengers” кино нийт найман номинацид нэр дэвшсэн байна. “People"s Choice Awards” наадмын зохион байгуулагчид хүмүүсийн саналыг ирэх сарын 13-ныг хүртэлх нэг сарын хугацаанд интернэтээр авах бөгөөд ялагчдыг ирэх нэгдүгээр сарын 9-нд тодруулах юм байна.
Б.Анхтуяа