Хятадын хошууч генерал тэргүүн хатагтай

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Хятадын хошууч генерал тэргүүн хатагтай

ХКН-ын 18 дугаар их хурлаар БНХАУ-ын тав дахь үеийн шинэ удирдагчаар ноён Си Жинпин тодорлоо. Ирэх жилийн хавар тэрээр албан ёсоор 1,3 тэрбум хүн амтай том гүрнийг жолоодно.

Ноён Си Жинпин өндөр албан тушаалд очиж буйтай холбоотойгоор Хятад орон ирэх 10 жилд ямар тэргүүн хатагтайтай болох вэ гэдэг анхаарал татаж байна. Хятадын тэргүүн хатагтай болох гэж байгаа хатагтай Пэн Лиюань нэр нөлөөгөөрөө нөхрөөсөө илүү гарна уу гэхээс дутахгүй гэдгийг барууны хэвлэлүүд онцолж эхэллээ. Хятадын цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, арав гаруй жил Хятадын ССTY-ийн шоу нэвтрүүлгүүдийг чимж ирсэн 49 настай хатагтай Пэн Лиюань чөлөөлөх армийн хошууч генерал цолтой. Дэлхийн улс орнуудаас цэргийн ийм том цолтой тэргүүн хатагтайтай нь бараг байхгүй болов уу. Мао Зедуны сүүлийн гэргий агсан жүжигчин Зян Цинээс өөр олонд танигдсан, нийгмийн идэвхтэй тэргүүн хатагтай Хятадад өмнө нь байсангүй.

Харин энэ удаа гоо үзэсгэлэнтэй, яруу тунгалаг хоолойтой хатагтай Пэн Лиюань гадаадын сэтгүүлчдийн сонирхлыг татаж эхэлжээ. Улсын удирдагч болох эр нөхөр нь гэргийнхээ сүрд дарагдах гээд байсан тул Пэн Лиюанийг сүүлийн жилүүдэд телевизийн шоу нэвтрүүлэгт оруулахаа больж тайзнаа ч ховор гарах болжээ.  “The Washington Post” сонинд “Хэрэв барууны орнуудад ийм хатагтай гарч ирсэн бол тэр жинхэнэ утгаараа Тэргүүн хатагтай болох байлаа. Хатагтай Пэн Лиюань гоо үзэсгэлэн, нийтэч зан төлөв, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа Тэргүүн хатагтайд байх бүх шинжийг агуулж байгаа юм. Харамсалтай нь, Хятад бол Хятад юм даа” гэжээ. Түүнийг Английн хэвлэлүүдэд АНУ-ын Мишель Обама, Францын Карла Брунитай эн зэрэгцэхүйц тэргүүн хатагтай хэмээн үнэлсэн байна.

Хатагтай Пэн Лиюань гайхалтай сайн дуучин төдийгүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын элч төлөөлөгч юм. Тэрээр сүрьеэ, ДОХ өвчнөөр өвчлөгсдөд туслах, тамхидалттай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Пэн Лиюань Хятадын дуучдаас магистрын зэрэг хамгаалсан анхдагчдын нэг болж “Үндэсний уламжлалт хөгжим” гэсэн сэдвээр зэрэг хамгаалжээ. Хятадын үндэсний чөлөөлөх армийн дуу бүжгийн чуулгад 25 жилийн өмнөөс гоцлол дуучнаар ажиллаж цэрэг эх орны сэдэвтэй болон ардын дуунуудыг чадварлаг дуулж иржээ.

Си Жинпинийг 1986 онд хөгжингүй боомт болох Сямэнь хотын дэд дарга байхад танил нь Пэн Лиюанийг Си-тэй танилцуулжээ. Анхлан Си дарга хатагтай Пэн Лиюаньд таалагдаагүй гэдэг. Өөрөөс нь 10 насаар ах, хөдөөний байрын хуучинсагдуу залууд тухайн үед 24 настай байсан Пэн бүсгүй огтхон ч татагдсангүй. Гэвч Си дарга хөгжмийн онолын мэдлэгээрээ гайхуулж яриа өдсөөр залуу бүсгүйг өөрийн болгож чаджээ. “Тэгэхэд би үнэхээр гайхаж билээ. Миний хайж явсан хүн үнэхээр энэ мөн гэж үү. Энгийн атлаа маш ухаантай залуу байсан” гэж хожим Пэн Лиюань дурсчээ. Өөрийг нь ойлгодог ухаалаг нөхөртэй болсондоо баяртай явдгаа бас ярьсан байдаг.

Си Жинпин, Пэн Лиюань нар 20 настай охинтой, охин нь АНУ-д Харвардын оюутан
 юм.

                        
   Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж