Шинэ цагийн монголын урлагийн тайзнаа өөрсдийн өнгөөрөө гялтганаж яваа залуус хайр сэтгэлийн романс үүсгэх болоод удаж буй. Одоогоос дөрвөн жилийн тэртээгээс эхлэн Монголын язгуур урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвихын зэрэгцээ өөрийн бие даасан тоглолтоо хүртэл хийгээд амжсан “Шуранхай”-н Д.Үүрийнтуяаг мэдэхгүй, танихгүй хүн байхгүй. Түүнийг давтагдашгүй хоолой, боловсон төрх, залуу насаараа урлагийн тайзанд өөрийн орон зайгаа дархалсан уртын дуучин Д.Жавхаасайхантай олон жилийн өмнөөс үеэрхэж хамтын амьдралаа хүртэл зохиож хоёр хөөрхөн хүүхдийн эцэг эх болсон гэдгийг мэдэх нэг нь андахгүй биз. Харин үндэсний сонгодог урлагт хос морьтой яваа залуус маань энэ сарын билэгт сайн өдөр албан ёсоор гал голомтоо бадрааж, нүсэр хурим хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Өврийн сайхан хангайгаар овоглож, өвөрмөц найруулга бүхий “Эр бор харцага” дуугаараа олонд танигдсан уртын дуучин Д.Жавхаасайханг Монголчуудаас илүүтэй манай язгуур урлагийг шимтэн сонирхдог гадныхан илүү танимхайрах юм билээ. Тиймдээ ч хосууд хуримаа нүсэр тэмдэглэж, урлагийн бүхэл бүтэн концерт тоглож ирсэн зочидыг алмайруулах сурагтай. Дашрамд дуулгахад хаанаас нь ч харсан зүс царай, нуруу туруу сайтай авьяаслаг хосууд маань нэгэн насны гоёогоо, сүүлийн үед ихэс дээдсүүд хошуурах болсон үндэсний үнэт эдлэлийн брэнд хэмээгддэг ”Нандин гоёо”-гоор хийлгэж байгаа гэнэ лээ. Түүгээр ч барахгүй хаан бугуйвч ,хатан сүйх бүхий хурмын хос бөгжөө цагаан алтан, бриляндан шигтгээтэйгээр тусгайлан захиалсан гэхээр хосууд хуримандаа ихээхэн ач холбогдол өгч буй бололтой. Ямартай ч нас, зүс, сэтгэл зүрх, авьяас гээд л бүх зүйлээрээ эн тэнцүүхэн үлгэр жишээ, үнэнч хайраар холбогдсон хосууддаа аз жаргал хүсье.
Эх сурвалж: www.grandnews.mn