-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Оюуны өмчийн газраас оюуны бүтээлийг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигласан zaluu.com тэргүүтэй нэр бүхий сайтуудыг энэ сарын эхээр үйл ажиллагааг зогсоосон. Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн тэргүүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Oнлайн сэтгүүл зүй сүүлийн үед дэлхий дахинд хурдацтай хөгжиж байгаа. Тэр дундаа манай орны хувьд шинэ тутам хөгжиж буй тул алдаа, оноотой зүйл бий. Ялангуяа зохиогчийн эрх болон оюуны өмчийн тал дээр хууль зөрчсөн үйлдэл сүүлийн үед хэм хэмжээгээ алдсанаас сэтгүүлчдийн тархинаас ундарч цаг заваа зарцуулж бичсэн нийтлэл, ярилцлага, мэдээ мэдээлэл ямар ч үнэ цэнэгүй болсон. Нийтлэл, ярилцлагыг оюуны өмчөөр шууд хамгаалдаг. Харин мэдээ, мэдээллийн хувьд хамгаалагдаагүй байдаг учраас сэтгүүлчийн болон редакцийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хуулбарлан авч, ашиг олох хэрэгсэл болгох байдал газар авсан. Үүнийг төрийн холбогдох байгууллагууд гярхай ажиглан, хариуцлага тооцож эхэлсэн нь сэтгүүл зүйн салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох, сэтгүүлчийн бүтээлийг үнэ цэнэтэй болгох эхний алхам гэж хүлээн авч байгаа.
-Монголд сайтуудын үйл ажиллагаа хаах хүртэл хариуцлага тооцож байгаагүй. Гэвч хаасан гэх боловч zaluu.com нээлттэй хэвээр байгаа юм билээ. Тэгэхээр төрийн байгууллагууд сайтуудад хариуцлага тооцсон гэх боловч техникийн талаас нь хянаж чадахгүй байгаагаас шийдвэр нь нэр төдий хэрэгжээд байгаа юм биш үү.
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын мэргэжлийн байцаагчийн дүгнэлтээр zaluu.com сайтыг хаахаар шийдвэрлэснээ Мэдээлэл, Харилцаа, Холбооны Зохицуулах Хороонд хүргүүлсэн юм билээ. Үүнийг үндэслээд Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах хороо тодорхой арга хэмжээ авсан байдаг. Гэтэл zaluu.com сайт болон тэдний серверийг байрлуулдаг компани төрийн байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэж өнөөдрийг хүртэл zaluu.com сайтад үйлчилгээ үзүүлсээр байгаа. Үүнийг төрийн холбогдох байгууллагууд анхааралдаа авч, ажиллаж байгаа байх аа. Ер нь ганц энэ сайт гэлтгүй сэтгүүлчдийн бүтээлийг хууль бусаар хуулбарлан ашигладаг нэлээд хэдэн сайт бий. Тиймээс манай Ассоциаци өөрийн гишүүн сайтуудын эрх ашгийг цаашид хамгаалахын тулд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар, Оюуны өмчийн газар, Мэдээлэл Харилцаа Холбооны Зохицуулах Хороо зэрэг төрийн холбогдох эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг дэмжих болно. Цаашид ч хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор сэтгүүл зүйг ашиг олох хэрэгсэл болгож, сэтгүүлчдийн оюуны бүтээлийг хуулбарлан олон нийтэд дамжуулсныхаа төлөө зохиогч болон уншигчдын өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй байдалтай тууштай тэмцэх болно. Аль нэг хэвлэл дээр гарсан анхаарал татсан мэдээ, мэдээллийг хууль бусаар хуулбарлаж олон нийтэд хүргэж ашиг олдог. Тэгсэн мөртлөө сэтгүүлчийн бичсэн материалд маргаан үүссэн тохиолдолд тэд ийм мэдээ мэдээлийг олон нийтэд зөвшөөрөлгүйгээр цацсаныхаа төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Үүнийг шударга өрсөлдөөн гэж хэлж болохгүй биз дээ.
-Хэвлэл мэдээллийн салбарыг сэтгүүлч, редакцигүйгээр төсөөлөх аргагүй. Гэтэл сүүлийн үед борооны дараах мөөг шиг олноороо төрсөн зарим сайтад редакци байтугай ганц ч сэтгүүлч ажилладаггүй. Ер нь сайт гэж ямар байх ёстой юм бэ. Үүнийг тодорхойлсон эрх зүйн орчин байдаг юм уу.
-Онлайн сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулж буй вэб сайтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн эсэхийг Хэвлэлийн эрх чөлөөний тухай одоогийн хуульд тодорхойлоогүй байдаг. Харин сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын намрын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүнд вэб сайтуудыг цахим мэдээллийн хэрэгсэлд тооцсон заалт орсон байгаа.
Сайт нь сэтгүүлч, редакцитай байх тухайд Мэдээлэл, Харилцаа, Холбооны зохицуулах хороо сайтуудын мөрдөх журмыг боловсруулан ажиллаж байгаа юм билээ. Гэхдээ бид төрийн байгууллагуудыг шийдвэрийг хүлээж, зүгээр суулгүй дотооддоо хяналт тавьж, цахим сэтгүүл зүйн орчинг шударга, боловсронгуй болгох тал дээр нэлээд ажлууд хийхээр төлөвлөөд байгаа.
Ер нь өөрийн гэсэн сэтгүүлчгүй, редакцигүй сайт гэдэг ямар аргаар үйл ажиллагаа явуулдаг нь ойлгомжтой шүү дээ. Сайт бол ганц сэтгүүлчдээс гадна фото зурагчин, дизайнер, админ, аюулгүй үйл ажиллагааг хангах инженер гээд олон талын мэргэжлийн ажилтны үйл ажиллагаанаас хамаардаг хамтын бүтээл юм.
-Өдөр тутмын хэд хэдэн сонин болон сайтууд zaluu.com-ыг шүүхэд өгч оюуны өмчийн төлбөр нэхэмжилсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ер нь сэтгүүлчийн бүтээл, оюуны өмчийн хулгайг мөнгөөр үнэлж шүүхэд хандаж байсан энэ тохиолдол анхных байх.
-‘’Өдрийн сонин’’, ‘’Өнөөдөр’’ сонин болон нэр бүхий сайтуудын мэдээлэл нийтлэлийг нь зөвшөөрөлгүйгээр хуулбарлан тарааж байсан zaluu.com сайтыг шүүхэд өгч оюуны өмчийн төлбөр нэхэмжилж байгаа. Сэтгүүлчийн бүтээл бол бүтээлээ туурвиж олон нийтэд хүрсэн цагаасаа эхлээд оюуны өмч болдог. Тэр тусмаа цаасан хэвлэл гэдэг бол сэтгүүлчийн бүтээлийг олон нийтэд хүргэхийн тулд өөрөө маш их хэмжээний зардал гаргадаг хамтын хөдөлмөр учраас дээрх хэвлэл мэдээллийн байгууллагууд оюуны бүтээлийн үнэлэмжээ шүүхээр шийдвэрлүүлэх нь зөв гэж үзэж байгаа
-Ассоциацийнхаа тухай уншигчдад танилцуулахгүй юу. Цаашид цахим мэдээллийн салбарын хөгжилд ямар ажил хийхээр төлөвлөж байна
-Манай байгууллагад өөрийн гэсэн редакцитай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй сайт нэгддэг, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалах онлайн сэтгүүл зүйн хөгжилд эрүүл орчинг бүрдүүлэхийн тулд бид нэгдэж ажиллаж байгаа. Цахим мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлч, ажилтнуудынхаа нийгмийн асуудлуудыг шийдэхэд анхаарал хандуулахаас гадна ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай холбоо тогтоон хамтран ажиллаж эхэлсэн.
Бид өнгөрсөн аравдугаар сард Португалийн Сэтгүүлчдийн холбооны тэргүүнийг урьж, туршлагаас нь суралцаж санаа бодлоо солилцсон бол 12 дугаар сарын эхээр Францын элчин сайдын яамтай хамтран онлайн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн багш болон фото зурагчдыг Монголд урьж сургалт явуулахаар төлөвлөж байна. Цаашид цахим мэдээллийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгох тал дээр анхаарч ажиллана.