
Кристи охиныхоо эцэг Майклаас хүүхдийн тэтгэмжийн мөнгө удаа дараа нэхэмжилсэн боловч тэрээр татгалзаж байсан аж. Тиймээс тэрээр Майкл Лоханыг 2008 оны арван хоёрдугаар сард шүүхэд өгч, Майкл болон Эшлид ДНК-гийн шинжилгээ хийлгэсэн байна. Гэвч Майкл тухайн үед Эшлиг охиноо гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байсан бөгөөд Эшлигийн төрсний гэрчилгээн дээр нэрээ бичүүлэхээс татгалзаж байжээ. Үүний дараа Кристи шаргуу хөөцөлдсөний эцэст Майкл Лохан болон охиндоо дахин эцэг тогтоох шинжилгээ хийлгэж чадсанаар ийнхүү төрсөн охин нь мөн болохыг баталжээ. Түүнчлэн энэхүү ээдрээт хэргийн гол эзэн Майкл Лохан өчигдөр NBC телевизээр цацагдсан Триша Годдардын реалити шоуны үеэр анх удаагаа охинтойгоо уулзсан байна. Аав охины уулзалт нулимс, гомдлоор дүүрэн байсан бөгөөд Эшли ааваасаа яагаад үнэнийг нууж, өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байсныг асуужээ.