БНХАУ-ыг 1949 оны аравдугаар сарын 1-нд байгуулснаас хойш Мао Зедун, Дэн Сяопин, Зян Зэминь, Ху Жинтао нарын дөрвөн үеийн удирдагч ээлж халаагаа өгч БНХАУ-ын дэд дарга Си Жинпин тэргүүтэй тав дахь үеийн удирдлага ирэх хавраас 1,3 тэрбум хүн амтай, эдийн засгийн өсөлтийн хурдцаараа АНУ-ын дараа ордог Хятад гүрнийг жолоодох гэж байна.
Бүгд хурлаар ноён Си Жинпинийг ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн зөвлөлийн даргаар сонгосноор тэрээр 2013-2023 онд Хятад орныг удирдах хүнээр баттай тодорсон юм. Дараа жилийн гуравдугаар сард болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурал буюу Хятадын байнгын бус ажиллагаатай парламентаар түүнийг БНХАУ-ын даргаар эцэслэн батална. Мөн Ли Кэцяныг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар батлах юм.
Си Жинпин 2008 оны зун БНХАУ-ын дэд даргын хувиар Монгол Улсад айлчилсан юм. Бүр тэр үед л түүнийг Хятадын ирээдүйн дарга хэмээн нэрлэж байсан билээ. ХКН-ыг дараагийн 10 жилд удирдах бүрэлдэхүүнд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэцян, Ерөнхий сайдын Гадаад худалдаа, санхүү эрхэлсэн орлогч Ван Цишань, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Чунцин хотын намын хорооны даргаар Бо Силайн дараа сонгогдсон Жан Дэцян болон ХКН-ын өндөр албаны түшмэдүүд болох Юй Жэншэн, Лю Юньшан, Шаньдун мужийн захирагч асан Жан Гаоли нарыг сонгожээ.
Ингэхэд Ху даргаас Си даргад ямар улс орон өртөөлөн ирж байна вэ. Дэлхийд хамгийн өнөр өтгөн буюу 1,3 тэрбум хүн ам, 82 сая гишүүнтэй ХКН, 20 сая хүний бие бүрэлдэхүүнтэй арми. Өсөлтөөрөө дэлхийн хоёр дахь эдийн засаг. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр дэлхийд 100 гаруйд орох үзүүлэлт. 200 гаруй сая ядуус, Түвд, Өвөрмонгол, Шинжаан-Уйгар гээд эмзэг цэгүүд бас бий.
Өнгөрсөн 60-аад жилд Хятадын онцлогтой социализм байгуулсан тус улс 2049 он гэхэд социалист ардчилсан улс болохоор сая томъёоллоо. Тэр хүртэл дахиад 37 жилийн зай бий. Шинэ тав дахь үеийн удирдлага хээл хахууль, авлигатай зоримгоор тэмцэж, бүх талаар баян нийгмийг байгуулж, хүн амын дундаж давхрагыг тэлж, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрээ шинэчлэн өөрчлөлтийг түргэсгэх үүрэг хүлээв. Ирэх жилүүдэд намынхаа үзэл бартимтлалд Марксизм-ленинизм, Мао Зэдуны үзэл суртал, Дэн Сяопиний онолыг баримталж Хятадын онцлогтой социализмыг байгуулах юм. Хятадад баян хоосны ялгаа улам бүр ихэсч байгаа энэ цагт иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд шинэ удирдлага ихээхэн анхаарал тавих ёстой болж байна.
Хятадын ирээдүйн шинэ дарга Си Жинпин өдгөө 59 настай. Өмнөд хөршид 60 настай удирдагчийг эрч хүчтэй залуу удирдагчид тооцдог. Өдгөө халаагаа өгөх гэж буй Ху Жинтао ч 10 жилийн өмнө 60 настайдаа шинэ үеийн удирдагч хэмээн тодорч байв.
Си даргын түүхийг харвал туг ч барьж тугал ч хариулж явжээ. Соёлын хувьсгалын жилүүдэд хөдөө тосгонд цөлөгдөж, тэндээсээ өндийн босч өнөөдрийн өндөрлөгт хүрсэн “цоохор” хуудас түүний намтарт бий. Тэрээр ХКН дахь Хунтайжийн хийгээд Шанхайн бүлэглэлийн аль алийг төлөөлнө. Эцэг нь өндөр тушаалын хүн байсан тул “Хунтайж”-ийн бүлэглэлд хамаарч басхүү Хятадын элитүүдийн төрөн гарсан Шанхайн бүлэглэлд ч багтдаг ажээ. Шанхайн намын хорооны томчуудын үр хүүхдүүд Шанхайн бүлэглэлийг бүрдүүлдэг. Си дарга бол 1959-1962 онд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч байсан, Мао даргын дотнын анд, коммунист намын нэртэй зүтгэлтэн Си Жунсюний хүү юм.
Том даргын хүү Си Жинпин бага насандаа Бээжин хотын аль л шилдэг сургуулиудад сурч байжээ. Тэгж байтал Хятадад Соёлын хувьсгал гарч бяцхан Си-г есөн настай байхад нь Ерөнхий сайдын орлогч байсан эцэг нь торны цаана суужээ. Өсвөр насандаа Си Жинпин тосгонд цөлөгдөж, оргох гэлээ гэсэн шалтгаанаар хэдэн сар хөдөлмөрийн лагерьт нухлуулав. Цаг арай зөөлрөхөд 1975 оноос ажин түжин бөглүү Хэбэй мужид багахан тушаалын алба хашин залуу Си цааш ахиж дэвших гараагаа эхэлжээ.
Хятадад Дэн Сяопиний шинэчлэл өрнөсөн 1980-аад оны дундуур түүнийг Фузянь мужид илгээв. Тухайн үед тус муж шинэ эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх туршилтын талбар болоод байлаа. Тэр үед Си Жинпин барууны фирмүүдтэй хамтарсан хэд хэдэн үйлдвэр байгуулж амжжээ. Түүний туршлага Хятад даяар түгж тэр цагаас карьер хөөх нөхцөл нь бүрдсэн байдаг.
Түүнийг үг хэлээ цэнэдэг хятадын уламжлалт зан заншлаас ихээхэн өөр, хэлэх гэснээ хаана ч хэлчихдэг хүн хэмээн тодорхойлдог. Си дарга 2009 онд “Гадаадын цатгалан ходоодтонгуудад Хятадын дотоод хэрэгт хошуу дүрэхээс өөр хийх ажил алга” хэмээн хэлж байв.
Ноён Си Жинпин АНУ-д талтай хүн. Зургаан ч удаа тус улсад айлчилжээ. Анх 1986 онд Айова мужид айлчилсан цагаасаа л Америк түүнд таалагдсан гэдэг. Бас америк кинонд хорхойтой, “Цэрэг Райныг аварсан нь” кино түүний үзэх дуртай киноны нэг гэнэ.
Хятадууд энэ удаа царайлаг, дуучин тэргүүн хатагтайтай болох гэж байна. Си даргын эхнэр хэн бэ гэж сураглах хэрэггүй. Хятад хүн бүр шахам түүнийг бараг нөхрөөс нь илүү мэднэ. Си даргын хоёр дахь амьдрал болох гэргий Пэн Лиюань нь цэргийн чуулгын нэртэй дуучин. Үзэсгэлэнтэй, яруу тунгалаг хоолойтой, генерал цолтой гэргийнхээ сүрд Си дарга жаахан дарагдах гээд байсан тул 49 настай хатагтай Пэн Лиюань сүүлийн жилүүдэд тайзнаа гарах нь ховорджээ. Тэрээр 25 жил цэргийн театрын тайзыг доргиож, телевизийн цэнгээнт нэвтрүүлгүүдэд оролцон цэрэг, эх орны сэдэвт дуунуудаа дуулж үй олон шүтэн бишрэгчтэй болсон тул өмнөх дарга нарын гэргийн адил нөхрийнхөө сүүдэрт нуугдах хүн биш юм.
Түүнийг Хятадын шинэ цагийн Мишель Обама, эсвэл Карла Бруни болно гэж Английн “The Independent” сонинд бичжээ. Зарим хэвлэлд бүр тэднийг ч ардаа орхих сайхан эмэгтэй Хятадын тэргүүн хатагтай болж буйг онцолжээ.
Си даргынх 20 настай нэг охинтой. Охин нь АНУ-д Харвардад сурч буй. Үзэсгэлэнтэй, авьяаслаг, нийгмийн идэвх оргилсон гэргийтэй, Харвардын оюутан охинтой ийм нэг шинэ цагийн сонирхолтой дарга ирэх 10 жилд Луугийн орныг жолоодох гэж байна.