-Өнгөрсөн хугацаанд экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү гэдгээрээ олон нийтэд богино хугацаанд танигдсан. Хэдэн сарын өмнө аавыгаа өмөөрч тэмцэж явсан хүү өнөөдөр Төв банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний хоёр өөр дүрийн ялгааг иргэд сонирхож байгаа байх?
-Уг нь ялгаа байхгүй. Гэхдээ хүмүүс намайг өөрчлөгдсөн гэж ярьж магадгүй. Би нэг л хүн. Н.Энхбаярын Батшугар хэвээрээ. Тодорхой хэмжээний албан тушаал хашиж байна уу, гэвэл хашиж байна. Гэсэн ч албан тушаал бол ердөө л ажил шүү дээ. Хэрвээ хүнийг хэн байна, ямар байна гэдгийг нь харъя гэвэл албан тушаалаар нь биш, хувь хүн талаас нь харвал зүгээр болов уу. Хэдэн сарын өмнө би МАХН-ын гишүүн байв. Харин одоо нам бус, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Яг энэ талаас нь харвал жаахан ялгаа харагдах байх. Гэхдээ сууриараа хэвээрээ байгаа гэж хэлмээр байна.
-Та одоо хэдэн настай билээ. Залуу хүнийг өндөр албан тушаалд томилсон нь багагүй шуугиан дагуулсан. Н.Энхбаярын хүү учраас улс төрийн ямар нэгэн тохиролцоо хийсэн гэж хардах хүн ч байна?
-Би 25 настай. Үе тэнгийнхнийгээ бодвол өндөр албан тушаал хашиж байгаа нь үнэн. Гэхдээ УИХ-ын дарга асан Дэмбэрэл гуай хэлэхдээ, нас бол зүгээр л тоо гэж хэлсэн байдаг биз дээ. Би ч гэсэн Дэмбэрэл гуайтай санал нийлж байна. Хүн залуу цагтаа илүү үр бүтээлтэй ажилладаг. Мэдээж аав, ээж минь намайг хүүхэд байхаас л ном сур, хэл сур гэж зааж сургасан. Би Монголоос их жаахан байхдаа сурахаар гадаад орныг зорьж байсан. Үүний үр дүнд өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу л ажиллаж байна. Түүнээс биш Н.Энхбаярын хүү учраас өндөр албан тушаал хаших ёстой, эсвэл ёсгүй гэх нь зүйд нийцэхгүй байх. Би энэ ажилд томилогдохдоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор орсон гэдгийг бүх хүн мэдэж байна.
-Гэхдээ өөрийн тань албан тушаалыг аавын чинь одоо байгаа нөхцөл байдалтай холбож үзэж байна л даа. Тухайлбал, аавынх нь хэрэг шүүхийн шатанд байхад хүү нь албан тушаалд томилогдоод аавынхаа талаар ярихаа ч больсон гэсэн шүүмжлэлд ямар хариулт өгөх бол?
-Би хэвлэлд ярилцлага өгөх бүртээ аавын талаар ярьдаг. Аавыгаа албан тушаалаар сольсон зүйл байхгүй. Би залуу хүн учраас ажил хийх ёстой биз дээ. Намайг албан тушаал аваад дуугүй болсон гэвэл худлаа. Би өдөр бүр аавынхаа асуудлаар хүмүүстэй уулзаж, харьцаж байна. Мэдээж тэр бүхнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлагнах албагүй. Ямар асуудлыг нийтэд мэдээлэх үү гэдэг нь өөр асуудал. Миний амьдралд тохиолдож байгаа зүйл бүхэн хүн бүхэнд нээлттэй байвал утгагүй. Та ч гэсэн хааяа гэр бүлийнхээ асуудлыг хүнд ярих дургүй байдаг биз дээ. Би ч гэсэн гэр бүлийнхээ талаар ярих дургүй. Аавыг маань хилс хэрэгт унагаж ял үүрүүлэхийг хүсч байгаа нь өдөр ирэх тусам л тодорхой болоод байгаа. Аавын улс төрийн тэмцэл одоо хүртэл үүнийг эсэргүүцэж тэмцэж байна. Улс төрийн муухай тэмцлийг харж сууна. Цаг нь болохоор хэлэх үгээ хэлнэ гэж бодож байгаа.
-Та улс төрийн муухай тэмцэл гэж хэллээ. Та хүссэн хүсээгүй ч энэ тэмцэл рүү орчихсон юм биш үү?
-Тодорхой хэмжээгээр орсон л доо. Гэхдээ би одоо улстөрч биш шүү дээ, төрийн албан хаагч. Харин аавын тэмцлийн нэг хэсэг бол ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд оршиж байгаа. Тиймээс би аавынхаа тэмцлийг үргэлж дэмжиж байгаа.
-Аавын тань биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Сайнгүй байгаа. Эмчилгээ хийлгэж байна.
-Аавтайгаа уулзсан уу. Ажлыг чинь хэр хүлээж авч байна даа?
-Уулзаж байгаа. Ажлаа сайн хийгээрэй л гэж хэлсэн.
-Харин ээж нь юу гэж байна?
-Ээж минь зөвхөн миний төлөө санаа зовоод суудаггүй шүү дээ. Аав байна, дүү нар маань байна. Надад улсын ажлыг сайн хийгээрэй л гэж хэлсэн. Хүний эх л болсон хойно элдэв хэл аманд өртөх вий гэж санаа зовдог нь тодорхой.
-Нэг хэсэг ээжийг тань гадаадад Монгол Улсын нэр хүндийг унагаасан захидал бичсэн гэж буруутгаж байсан?
-Гадаадад нэр унагасан гэхээсээ илүү бодит байдлыг тайлбарласан гэж боддог. Зарим нэгэн нь үүнийг зориудаар мушгин гуйвуулж гадаадад нэр хүнд унагасан гэж үздэг байх.
-Таныг АНУ-д байхдаа хауст амьдарч байсан талаар яригдаж байсан. Тэнд яг ямар сургууль суралцаж төгссөн юм бэ?
-АНУ-ын их сургуулийг хос мэргэжлээр төгссөн. Өөрөөр хэлбэл, санхүү- эдийн засагч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд АНУ-ын J.P.Morgan банкинд ажилласан. Нью-Йорк хотод ажиллаж байгаад Лондонд шилжиж ажилласан. J.P.Morgan-д байхдаа компани болон үйлчлүүлэгч талд хөрөнгө босгох үйл ажиллагаа хийх, бонд гаргах, хувьцаа гаргах ажлыг хийдэг байв. Энэ ажлыг хийхийн тулд Лондон, Хонконг, Нью-Йорк, Австрали, Өмнөд Африкийн биржтэй хамтардаг байсан.
-Хауст амьдардаг байсан тухайд?
-Ямар хаус. Хаус худалдаж авч байгаагүй ээ. АНУ-д байхдаа бусад оюутнуудын жишгээр л байр түрээслээд амьдарч байсан. Надтай хамт сурч байсан оюутнууд энэ тухай мэднэ шүү дээ. Тиймээс баримт нотолгоогүй мэдээлэл цацсан гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. Одоо шалгаж байгаа.
-Өөртэй чинь өмнө нь уулзаж байхад аавынхаа төлөө тэмцэнэ, хууль хяналтынхан улс төрийн нөлөөнд орсон гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан. Харин одоо та бүхэн харьцангуй тайван байдалд орсон шиг санагдаж байна?
-Тухайн үед гэнэтийн гэмээр маш олон асуудал ар араасаа гарч байсныг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Одоо ч гэсэн тайван болсон зүйл байхгүй. Мэдээж аавыг минь хилсээр гүтгээд шоронд суулгах гэж байхад гэр бүл нь тайван байна гэдэг үнэнээс хол зүйл юм. Бид өнөөдөр аавтайгаа уулзаж байгаа ч аавд эрх чөлөө алга. Нөгөө талаар аавын тухай мэдээлэл гэхээсээ илүү улс орны хувьд нийгмийн янз бүрийн асуудлууд байна. Тухайлбал, орон нутгийн сонгууль болох гэж байна. Бүх нам эвслийн удирдлагууд тийшээгээ анхаарлаа хандуулж байна. Харин бидний хувьд аавынхаа асуудлыг нэгд тавьсан хэвээр байгаа.
-Н.Энхбаяр даргатай журмын нөхөд байсан хүмүүс нь эргэж очиж байгаа гэсэн. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх очиж уулзсан гэж байсан?
-Ө.Энхтүвшин дарга очиж уулзсан. Харин У.Хүрэлсүх уулзаагүй байх. Би мэдээгүй юм байна. Ер нь бол намуудын удирдлагууд аавыг эргэж байгаа юм билээ. Энэ бол байх ёстой асуудал болов уу.
-Нэг хэсэг аавтайгаа уулзсан, уулзаагүй. Уулзсан хэрнээ худлаа ярьсан гэсэн шуугианы эзэн болж байсан. Яагаад тэгсэн юм бэ?
-Би худлаа ярих дургүй. Тэр үед үнэнээ л хэлсэн. Гэтэл үүнийг олон нийтэд буруу ойлгуулсан. Хүн хийж байгаа үйлдлээ үргэлж хянадаг биз дээ.
-Зарим хүн аавыг тань яллах нь тодорхой боллоо. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шүүх шийдвэрээ гаргах байх гэж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа бол?
-Нийслэлийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Одоо Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа. Хараахан тов нь зарлагдаагүй байна. Тиймээс ямар шийдвэр гарахыг хүлээж байя гэж хэлье дээ.
-Гэр бүлийнхэн чинь хэвлэл мэдээллийнхний байнгын хараа хяналтад байгаад ямар санагддаг вэ. Хааяа залхдаг уу?
-Хааяа би боддог юм. Зарим нэг сэтгүүлч өглөө босоод “за өнөөдөр юу бичих вэ” гэж боддог байх. Тэгээд л санаанд орсон зүйлээ бичээд сайтад тавьчихдаг байх. Яг үнэндээ тэр мэдээллийн ихэнх нь үнэнээс хол, худлаа байдаг. Хамгийн ойрын жишээ хэлье л дээ. Манай дүү сургуулиа төгсөөгүй оюутан байхад ажил хийдэг ааваас болж ажлаас нь хөөсөн ч гэх шиг. Дүү маань жаахан хүүхэд шүү дээ. Энэ мэтчилэн олон зүйл бий л дээ. Ерөнхийдөө янз бүрээр бичүүлсээр байгаад хүмүүсийн хэлдэгчлэн сурчихдаг юм билээ.
-Хоёр дүү чинь Монголд байгаа юу?
-Монголдоо байгаа. Би гэр бүлийнхний тухай ярих дургүй. Яагаад ч юм тэдний амьдрал хүмүүст хүртээлгүй санагддаг. Тийм болохоор сэтгүүлчдийн зарим асуултад хариулмааргүй санагдах үе бий.
-Монголбанкинд ирэхдээ ганцаараа ирсэн үү. Зарим хүмүүс багаа бүрдүүлнэ гээд олон хүн дагуулж ирдэг?
-Би ганцаараа энд ирсэн. Хүн төрөхдөө ганцаараа л төрдөг биз дээ. Надад хэн нэгнийг авчрах сонирхол байхгүй. Угаасаа Монголбанк гэдэг өөрөө мэргэжлийн байгууллага учраас мэргэжлийн хамт олон ажиллаж байна. Надад баг энэ тэр байхгүй. Би зүгээр л төрийн албан хаагч болсон.
-Өөрийг тань АНУ-ын эдийн засгийг мэдэхээс Монголын эдийн засгийг мэдэхгүй гэж шүүмжилж байсан. Энэ тал дээр юу гэж боддог вэ?
-АНУ-ын эдийн засаг Монголын эдийн засаг хоорондоо ялгаатай л даа. Гэхдээ Монголын эдийн засаг чинь дэлхийн эдийн засагтай зайлшгүй холбоотой. Анх энэ ажилд томилогдоход хүмүүс намайг ингэж хэлж байсан нь үнэн. Гэхдээ эдийн засаг бол нэмэгдэхүүний байрыг солигдоход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйтэй адил. Тодорхой хэмжээнд улс орнуудын эдийн засгийн онцлог гэвэл бий. Энэ нь шинэ хэл сурч байгаа юм шиг асуудал огтхон ч биш. Бүх эдийн засаг хоорондоо холбоотой. Өөрөөр хэлбэл, улс орнуудын эдийн засаг зах зээлийн нэг л дүрмээр явж байна гэсэн үг.
-Тэгвэл Монгол Улсын эдийн засаг аль төвшинд байна вэ?
-Одоогийн байдлаар дэлхийн хамгийн хурдан өсөлттэй орнуудын нэгд явж байна. Энэ нь мэдээж байгалийн баялаг, эрдэс баялгийн нөөцтэй холбоотой. Эдийн засгийн хөгжил хэр хурдтай байна, үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Хөрөнгө оруулалтын мөнгийг зөв зарцуулах, менежмент хийх, эдийн засгийн зөв сектор руу оруулах чухал. Нөгөө талаар инфляц, зээлийн хүү гээд иргэдийн өмнө тулгараад байгаа асуудлууд бий л дээ.
-Тэгвэл гадуур шатахууны үнийн талаар, махны үнэ өснө гэсэн мэдээлэл гарч байна. Монголбанк үүнийг анхааралдаа авсан уу?
-Эдийн засаг ярихаар бид инфляц гэдэг. Өргөн хэрэглээний барааны үнэ инфляцыг дагуулж байна. Манай улсын инфляцын дийлэнх нь хувь нийлүүлэлтийн шокоос үүдэлтэй. Нийлүүлэлтийн шок гэдэг нь мах, гурилын хомсдол үүсч үнэ өсөхийг хэлнэ. Тиймээс Засгийн газраас нийлүүлэлтийн шокийг багасгасан гэрээнүүд хийсэн. Цаашдаа энэ асуудал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж тусгай хөтөлбөрүүд боловсруулж байгаа.
-Инфляцыг өөр өсгөдөг нэг зүйл бол хавтгайруулсан халамжийн бодлого байв. Харин энэ удаа халамжийг багасгалаа гэсэн ч хүүхдийн мөнгийг тараахаар болсон. Та энэ бодлогыг дэмжиж байгаа юу?
-Монгол Улс баян биш шүү дээ. Зарим иргэний орлого бага, ажилгүйдлийн улмаас гэр бүлийн орлогын төвшин доогуур байгаа гэдгийг мартаж болохгүй. Халамжийг хавтгайруулж олгох биш, жинхэнэ эзэнд олгох хэрэгтэй. Төр өнөөдөр иргэддээ бага ч гэсэн гар сунгах хэрэгтэй. Тиймээс халамжийн бодлогыг дэмждэг, хүүхдийн мөнгийг ч гэсэн. Гэхдээ халамжийг олгохдоо алтан дундажийг барих хэрэгтэй юм болов уу гэж боддог.
-Манай иргэдийн ихэнх нь санхүүгийн эрх чөлөөнд баригддаг. Ажил хийсэн ч цалин хүрдэггүй зовлон аль ч Засгийн газрын үед байсаар байдаг?
-Бусад оронд тухайн улсын эдийн засгийн өсөлтөөс хамаарч иргэдийн санхүүгийн эрх чөлөө тэр хэрээр хангагддаг. Манай нөхцөлд харамсалтай нь эдийн өсөлт нь иргэн бүрт жигд хүртээмжтэй байж чадахгүй байна. Үүний учир шалтгааныг ул суурьтай судлах, шалтгааныг олж тогтоох, түүний үндсэн дээр бодлого хэрэгжүүлэх шаардлага байгаа юм.
-Уг нь хоёулаа ажил ярихгүй гэж тохирсон ч ажлын тухай яриа өрнүүлчихлээ. Ингэхэд өөрөө найз охинтой юу?
-Энэ талаар одоохондоо яримааргүй байна.
-Тэгвэл өөрийгөө хэр удирдагч гэж бодож байна вэ?
-Би өөртөө энэ талаар дүн тавих дургүй. Одоогоор шинэ хамт олонтойгоо гар нийлж ажиллаж байна. Ямар ч байсан ажилдаа их түүртэхгүй байгаа. Ажлынхаа үр дүнг харчихаад дараа тухтай ярилцъя.
Зохиогчийн эрх: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин