Эзэнгүй хашааны эзэн олдлоо-3

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Эзэнгүй хашааны эзэн олдлоо-3

Нийслэлийн төвд хэзээ, хэрхэн, ямар зориулалтаар эзэмших болсон нь тодорхойгүй, он удаан жилээр барилга байшин ч барьдаггүй хашаа хатгаад орхидог эзэнгүй мэт газруудын талаар манай уншигчдаас ирсэн мэдээллийн дагуу бид асууж тодруулж, мэдээлэл хүргэж байгаа. Өмнө нь бид Төв шуудан Турк улсын Элчин сайдын яамны дунд байрлах хоосон “цайз”, Хүүхэд залуучуудын соёлын төвийн урдах цэцэрлэг буюу Сэлбийн гүүрний эрэгт байрлах хоосон хашааны эздийг тодруулсан. Эдгээр хашаанууд дуудлага худалдаагаар теле шоу студи, зочид буудлын зориулалтаар эзэмшиж аваад 12-14 жилийн нүүр үзэж байгаа юм. Энэ хугацаанд барилгын суурийг  ч цутгалгүй ганц гэр барихаар эдгээр газруудыг аваагүй нь тодорхой. Тиймээс бид амьгүй мэт байгаа газруудын зориулалт, зөвшөөрлийг тодруулж байгаа.

Энэ удаа бид Арслантай гүүрний баруун урд, Сүхбаатарын талбайн хажуу дахь цэцэрлэгт хүрээлэн, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын хажуугийн хоосон хашаануудын эздийг тодруулсан сурвалжлагаа хүргэж байна. Дашрамд эдгээр хашаануудын эздийг тодруулж өгөөч гэж бидэнд хандсан уншигчдадаа дахин талархал илэрхийлж байна. Та бүхний ирүүлсэн мэдээллийн дагуу бид сурвалжлан хотын эмгэг болоод байгаа асуудлуудыг цаашид цувралаар хүргэх болно.

БАРИМТ 1

Арслантай гүүрний баруун урд буюу Нэгдүгээр амаржих  газрын үүдэнд өвгөн улиаснуудыг “эзэлсэн” саарал төмөр хашааны эзнийг “танилцуулж” байна. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт оюутны хотхоны хөрш байсан цэцэрлэгт хүрээлэнд урд нь залуус болзон, эхчүүд хүүхдээ салхилуулан, хэн нэгэн аав шинэхэн удахгүй мэндлэх үрээ сэтгэл догдлон хүлээдэг тийм л цэцэрлэг байсан. Олон хүний энэхүү сайхан дурсамжийг өвгөн улиас мододтой нь “булаан”, хашаалж чадсан байгууллага нь “Ремиф” ХХК. Энэхүү компанийн нэр ерөнхийлөгч  асан Н.Энхбаярын авлигын хэрэгтэй холбоотойгоор олонтаа дурдагдаж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.

“Ремиф” компанийн эзэн нь МАХН-ын дарга Н.Энбаярын хүү, Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар гэгддэг. Энэхүү компани Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3145 метр квадрат газрыг зочид буудал, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг авсан аж. Нийслэлчүүдийн нийтийн эзэмшлийн талбайд хуучин цэцэрлэг байсан газрыг юуны учир тав, зургаан жилийн турш хашаалаад байгааг анзаарах албан тушаалтан өнөөдөртэй алга бололтой. Он удаан жилийн настай өвгөн улиаснууд удахгүй ховх татуулахаа зөгнөх мэт гунигтай сэглийсэн энэ хашаанд сахиул бололтой ганц гэр овоорсон хогонд дунд сүүмийж байгааг та өнөөдөр ч харж болно. Уг нь өмнөх сурвалжлагууддаа дурдаж байсанчлан Газрын тухай хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг хоёр жил ашиглаагүй тохиолдолд гэрээг цуцлах ёстой. Энэ тухай Нийслэлийн газрын албаны Газар ашиглалт бүртгэлтийн хэлтсийн дарга М.Дунгармаагаас тодруулах гэсэн боловч “Танай явуулсан албан бичигт сэтгүүлчийн асуултад хариулах тухайл дурьдаагүй байсан. Газар эзэмшигчийн хувийн нууцад ийнхүү халдах шардлагагүй” гэсэн талаар өмнө мэдээлсэн.

Болдогсон бол хэдэн жилийн турш олон жилийн турш зочид буудал барьж чадаагүй хашаалж байгаа энэ газраа  “Ремиф” компанийн захирал, Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар иргэний зориг гарган газрыг нийслэлд нь буцаагаад өгчихвөл өвгөн улиаснууд аврагдаж, урьдын адил хүүхэд, хөгшид салхилсан цэцэрлэг хэвээр цэцэглэж байгаасай  гэж мөрөөдмөөр.

БАРИМТ 2

Баянгол дүүргийн II хорооны нутагт 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэдэх элдэв зарлалын зурагт хуудсаар гоёсон, зэвэрсэн ногоон хашааны эзнийг тодруулсан юм. Энэхүү газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тав орчим жилийн өмнө “Болор шилтгээн” ХХК нь үйлчилгээний зориулалтын барилга авахаар эзэмшүүлжээ. Гэвч 2568 метр квадрат бүхий энэ газар одоо хүртэл машины шороон зогсоол төдийхөн байна. Газрыг там болгон ухаж, зам гарган зориудаар авто зогсоол болгосон нь хашаан доторх гэрийн эзэн буюу манаачийн санаа биш байлтай. Өдрийн цагт л гэхэд арав гаруй машин эгнүүлсэн байхыг бодоход үйлчлүүлэгч олонтой нь бололтой. Авто зогсоол болгохоор эзэмших эрхийг олгосон бол Нийслэлийн газрын албаныханд энэ газрыг зэвэрсэн хашаагаар хүрээлэхийн оронд газраа буцаан авч орчин үеийн, шаардлага хангасан төлбөртэй зогсоол ч болгох боломжтой юм гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

БАРИМТ 3


Сүхбаатарын талбайн өмнөх хэсэг, хажуу дахь цэцэрлэгт хүрээлэнгийн 2.5 га газар бас нэг компанид өмчлөгдсөөр удаж байгааг анзаарах ч, мэдэх ч хүн тун цөөхөн. Төв талбайнхаа хормойг Нийслэлийн төв цэг байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн хамт Нийслэлийн газрын албаныхан гэрээ байгуулан нэг “UB констракшн” гэх компанид  зургаан жилийн өмнө өмчлүүлсэн байна. “Хөгжмийн аялгуут усан оргилуур барина” гэсэн сайхан амлалтад бялуурсан Нийслэлийн газрын албаныхан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрээг “UB констракшн” компанитай байгуулсан байх юм. Гэвч үнэндээ хөгжмийн аятай, өнгө бүрийн гэрэлтэй усан оргилуур бэлэглэх нэрийн цаана үйлчилгээний цэгүүд, автомашины зогсоол барих зураг төсөл батлагджээ. Өмнө дурдсан Газрын тухай хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг хоёр жил ашиглаагүй тохиолдолд гэрээг цуцлах гэсэн үндэслэлийг “UB констракшн” компани “Ус, цахилгаанаар хангах эх үүсвэр шаардлага хангахгүй байна” гэх тайлбараар таглажээ. Анх гэзэр эзэмших эрхийг авахын тулд зураг төсөл гаргаж байхдаа энэ тухай тооцоолсон байлтай. Нийслэлийн газрын албаныхан ч үүнийг анхаарсан баймаар. Гэтэл зургаан жилийн дараа буюу одоо болохоор “Дөрөвдүгээр цахилгаан станц”-ын 1000 ваттын хүчин чадалтай трубины өргөтгөл ашиглалтад ормогц “Хөгжийн аялгуут усан оргилуур”-аар нэрийдэн худалдаа үйлчилгээний цэг, автомашины зогсоол барих амлалт өгсөн гэнэ. Уншигчдын маань товлон асуусан газруудын талаар мэдээлэл хүргэхэд ийм л байна.

                                             Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж