Сэлэнгийн онцгойгийн даргыг ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн онцгойгийн даргыг ажлаас нь чөлөөллөө

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр таагүй мэдээлэл цацагдаж албаны нэр хүнд, албан хаагчдын хариуцлагын асуудал хөндөгдөж буй. Өмнө нь аврах албаны ажилтнуудыг хувийн компанийн барилга дээр ажиллуулж байгаад нэгэн аврагч гэмтсэн тохиолдол гарсан бол Сэлэнгэ мөрний мөс цөмөрч найман сартай хүүтэйгээ мөс тэгнэн ОХУ-ын хил рүү урсан одсон бүсгүйг аврагчид олж чадсан эсэх талаар монголчууд чих тавин байгаа ч одоо ч ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа билээ.

Иймд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдоржийн шийдвэрээр зарим анги,  байгууллагын үйл ажиллагаанд албаны шалгалт хийсэн байна.

Шалгалтын үеэр илэрсэн дутагдал, албаны бэлтгэл бэлэн байдал хангаагүй, ажлын хариуцлага алдсан зарим анги, байгууллагын удирдлага, албан тушаалтанд хариуцлага тооцжээ. Тухайлбал, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагчаар ажиллаж байсан онцгой байдлын хурандаа А.Батмөнх албан хаагчдыг гүйцэтгэх чиг үүргээс нь өөр ажилд буюу, хувийн компанийн барилга дээр ажиллуулснаас болж нэг албан хаагч хүндээр гэмтэн хөдөлмөрийн чадваргүй болсон. Иймд тус ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулах шийтгэл ноогдуулан  нийслэлийн Онцгой байдлын газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан онцгой байдлын хурандаа Д.Чинзоригийг томилоод байна.

Мөн Сэлэнгэ аймагт тохиолдсон усны ослын үеийн аврах ажиллагаа явуулсан нөхцөл, байдлын талаар ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга онцгой байдлын хурандаа С.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн тус аймагт ажилласан. Шалгалтын үеэр албаны бэлтгэл бэлэн байдлыг сулруулсан, ажлын дотоод зохион байгуулалт хангалтгүй, албан хаагчдаас ирүүлсэн санал гомдол, удирдлагын буруу арга барил, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн зэргийг нь шалган тогтоосны үндсэн дээр тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Равдандоржийг үүрэгт ажлаас чөлөөлж, түүний оронд ОБЕГ-ын Бодлого төлөвлөлт, сургалт сурталчилгааны хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаярыг томилсон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт санхүүгийн ноцтой зөрчлүүд илэрсэн тул ахлах нягтлан бодогч, онцгой байдлын хошууч Р.Наранцэцэгийг албан тушаалаас нь чөлөөлж зарим албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлагын арга хэмжээ авсан байна.

Албан хаагчдаас ирүүлсэн санал, гомдлын мөрөөр асуудлыг шалгаж тогтоосны дагуу Аврах, гал унтраах 36 дугаар ангийн захирагч онцгой байдлын хошууч Д.Баярааг үүрэгт ажлаас чөлөөлж,  онцгой байдлын хошууч Ч.Баатарсүхийг,  тус газрын орлогч, гамшгаас хамгаалах хяналтын тасгийн даргаар онцгой байдлын дэд хурандаа Н.Бат-Эрдэнийг тус тус томиллоо.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үүрэг бүхий Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын бие бүрэлдэхүүн төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэж ажиллахын дээр албан хаагчид нь ёс зүйтэй, хариуцлагатай байж, албаны бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангах, иргэдийн амь нас, эд хөрөнгийг аврах, хамгаалах, тэдэнд туслах үүрэг, хариуцлагаа чандлан сахиж биелүүлэх үүрэгтэй.

ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж Онцгой байдлын албаны аль ч шатанд албан хаагчид ёс зүй, хариуцлага, сахилга батыг сахин ажиллаж албаны нэр хүндээ өндөрт өргөн, дахин алдаа дутагдал гаргахгүй байхыг төв, орон нутгийн анги, байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд анхааруулж эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан удирдлага, албан тушаалтантай цаашид хамтран ажиллахгүй гэдгийг санууллаа.

Мөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаах журамд зааснаар төрийн тусгай алба хаах насны дээд хязгаар хэтэрсэн 26 албан хаагчийг цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох мэдэгдлийг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга нарт хүргүүлээд байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж