“UBS music” нэг нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

“UBS music” нэг нас хүрлээ

“UBS” телевизийн 20 жилийн ой энд тохиож байгаа юм. Тэд ойн хүрээнд үзэгчиддээ барьсан хамгийн том бэлэг нь “UBS music” хөгжмийн телевизийг өлгийдөн авсан явдал. Дуу хөгжимд хайртай түүнийг өөрийнхөө амьдралын нэгээхэн хэсэг болгодог хэн бүхэнд зориулсан “UBS music” телевиз нэг жилийн ойгоо өнгөрсөн даваа гаригт нижгэр тэмдэглэн урлагийн одууд нэг дор чуулж Монголын соёл урлаг, хөгжмийн түүхэнд шинээр бичигдэх түүхэн алхамыг хамтдаа сөхсөн юм.

“UBS music”  хөгжмийн телевиз одоогоос жилийн өмнө буюу 2011 оны арваннэгдүгээр сарын 11-нд Монголын анхны хөгжмийн телевиз болон албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлэн Монголын болон дэлхийн орчин үеийн хөгжмийн ертөнцөд болж буй үйл явдлуудыг сонирхолтой хэлбэрээр хүргэн, ардын болон сонгодог хөгжмийн урлагийг дэмжин ажилласан нь хөгжмийн телевийн хувьд шинэлэг алхам болсон билээ.

“UBS” телевизийн отгон салбар хөгжмийн телевизийнхэн ирээдүйн үзэгчдийнхээ хөгжмийн боловсролд онцгойлон анхаарлаа хандуулдаг. Тэд цаашид урлаг, тэр дундаа хөгжмөөр дамжуулан соёл урлагийн салбарт олон зүйл хийхээр төлөвлөөд байгаа аж. Тэдний хувьд байгуулагдсан эхний жилийн ойгоороо “Шилдэг уран бүтээлчийн цом гардуулах ёслол”-ын арга хэмжээг зохиосноороо онцлог. Ингээд  “Шилдэг уран бүтээлчийн цом”-ын эздийг танилцуулж байна.

“Шилдэг шинэ санаа” номинацийн эзнээр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд. Монголын рок поп орчин үеийн хөгжмийн түүхэнд анх удаа “Монгол поп” нэр томьёог  албан ёсоор  тодотгон алдаршуулж, Монголын залуу үеийн үзэгч сонсогчдод Монгол омогшил бахархалыг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ  бодитоор оруулж байгаагаараа,

“Анхдагч бүтээл” номинацид Гавьяат жүжигчин, поп дива, дуучин Т.Ариунаа “Домгийн өглөө” богино хэмжээний мюзикл кино клипээрээ,

“Шилдэг хөгжмийн бүтээл” номинацид хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат “Аравт” киноны хөгжмийн бүтээлээрээ,

“Шилдэг аялан тоглолт” номинацид Гавьяат жүжигчин, зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа “Аргагүй монгол аялгуу” тоглолтоороо,

“Шилдэг хамтын бүтээл” номинацид поп дива С.Наран, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянга нар “Нутгаа дуулахуй” дуугаараа,

“Шилдэг продюсер” номинацид Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын захирал Г.Цоггэрэл 23 шилдэг тайзны бүтээлийг продюсерлэн ажилласнаараа 

“Шилдэг менежмент” номинацид
Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн Монголын орчин үеийн хөгжим сонирхогч залуусыг сонгодог урлагт  дурлах орон зайг бий болгон төлөвшүүлж, сонгодог урлагийн үнэ цэнийг өндөр өргөж, дэлхийн хэмжээний олон арван бүтээлийг Монголын тайзнаа амжилттай амилуулснаараа,

“Шилдэг шинэ залуу уран бүтээлч” номинацид “Universe best songs-2009” наадмын Гран При шагналт, дуучин Ч.Цэлмүүн “Exodus” цомгоороо

“Хөгжмийн төлөө” хүндэт цомыг “Mongolia Music” продакшны захирал Ц.Чимгээ Монголын рок поп урлагийн түүхэнд анхны хөгжмийн сувгийг удирдан ажиллуулж, 10 гаруй жил тасралтгүй уран бүтээл, нэвтрүүлгүүдээ амжилттай хүргэж, “Mongolian music vedio awards” наадмыг санаачлан зохион байгуулсаар ирсэн тул тус тус хүртсэн юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж