Супер компьютеруудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Супер компьютеруудыг нэрлэв

Top-500 төслийн удирдагчид дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай суперкомпьютеруудын жагсаалтаа шинэчлэн гаргалаа.  Энэхүү чансааг top500.org. сайтад зарласан байна.
        

Чансааны эхний байранд “Cray”, “Nvidia” компаниудын оролцоотойгоор бүтээсэн Америкийн суперкомпьютер Titan бичигдэв. Уг компьютер АНУ-ын Эрчим хүчний яамны мэдлийн Теннесси мужийн Оук-Рижийн үндэсний лабораторид байдаг бөгөөд нэг секундэд урсах цэгийн 17,59 квадриллион үйлдэл хийж чаддаг нь үйлдвэрлэлээр 17,59 петафлопстай тэнцэх хэмжээ юм.

Titan нь 18688 зангилаанаас бүрэлдэх, хибрид маягийн бүтээмжийн зохиомжтой. Супер компьютерийн зангилаа бүр нь 16 эгнээний AMD Opteron процессор,  графикийн хурдсагч Nvidia Tesla K20X зэргээр тоноглогджээ. Графикийн  процессорыг хэрэглэх нь цахилгааны хэмнэлтийг гаргадаг аж. Top-500 жагсаалтын суперкомпьютеруудын ихэнх нь зөвхөн төвийн процессортой аж.

Titan нь цаг уурын өөрчлөлт, био түлшний онцлогын дагуу тээврийн хэрэгслийн эрчим хүчний хэрэглээний үр ашигтай хөдөлгүүрийг  бүтээхэд ашиглагддаг ажээ. Оук-Риж  суперкомпьютераа бусад судалгааны ажилд түрээслүүдэг ажээ.

Top-500 чансааны зургадугаар сарын лидер, суперкомпьютер Sequoia мөн л АНУ-ын Эрчим хүчний яамных бөгөөд 16,32 петафлопс гэсэн үзүүлэлтэйгээр хоёрдугаарт оржээ. Хүчирхэг системийн эхний тавд Японы K computer, Америкийн Mira ба Германы JuQueen бичигдсэн байна.

Оросын хувьд М.В. Ломоносовын нэрэмжит улсын их сургуулийн "Ломоносов" систем 0,9091 петафлопс үзүүлэлттэйгээр жагсаалтын 26-д оржээ. Оросын бусад долоон систем энэ жагсаалтад нэлээд хойгуур бичигдсэн байна. 

Рейтинг Top-500-г жилд хоёр удаа буюу зургаа, арваннэгдүгээр сард шинэчилдэг ажээ. Суперкомпьютеруудын үйлдлийн хурдыг  Linpack тестээр тодруулдаг. Жагсаалтын 500 суперийн 23 систем нь нэг  петафлопсоос дээш үйлдэлтэй гэнэ.  Суперкомпьютеруудын 76 хувь нь Intel-ийн процессор дээр ажилладаг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж