Японы БХЯ-ны төлөөлөгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Японы БХЯ-ны төлөөлөгчидтэй уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын БХЯ-ны урилгаар манай улсад айлчилж буй Япон Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Х.Каназава тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Стратегийн түншлэл хөгжүүлэх тухай  2010 оны Хамтарсан мэдэгдэлд хоёр орны батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тусгасныг дурдаж, энэхүү салбарын  хамтын ажиллагаа нь хоёр талын төдийгүй бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахад  чухал хувь нэмэр оруулна гэж үзэж буйгаа харилцан нотлов.

Мөн талууд энэ оны 1 дүгээр сард хоёр улсын БХЯ-д хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд цаашид харилцан айлчлалыг тогтмолжуулах, цэрэг иргэний зориулалтын байгууламж барих,  боловсон хүчин сургах  зэргээр хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх, түүнчлэн бүс нутаг болон олон улсын тавцанд дахь хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж