Киночид хамтран нэгдэл байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Киночид хамтран нэгдэл байгуулжээ

Монголын кино урлагт “Нэүрит” нэртэй нэгдэл байгуулагджээ. Монголын кино урлагийн залуу үеийн төлөөлөл болсон зургаан студи хамтран уг нэгдлийг байгуулжээ. Тэд өнөөдөр “Үндэсний мэдээллийн төвд” хэвлэлийн бага хурал хийж, шинэ нэгдлээ танилцуулсан юм. Уг кино нэгдэлд “Амьдралд тавтай морил” олон ангит киног бүтээсэн “Захиалгат инээд” хамтлагийн “ZI” энтертайнмент, “Хайрын рекорд”, “Намрын синдром” кино, “Миний нууц хүү” драмын жүжгийг бүтээсэн найруулагч Д.Галбаярын “Go” студи, “Цэлмэг тэнгэр”, “19”, “Долоон бурхан харвадаггүй” киног хийсэн “Логикфильм” студи, “Цагаан шөнө”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Адам”, “Бодлын хулгайч” кино “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжгийг үзэгчдэд хүргэсэн найруулагч Ж.Сэнгэдоржийн “J and S”студи, “Эзэнгүй бөгж” киног бүтээсэн найруулагч Ч.Батбаярын “Мазаалай” фильм нэгджээ.

Өнөөдөр монголд кино хийж, бүтээдэг 40 гаруй студи, продакшн байдаг хэдий ч өөр хороондоо хамааралгүй бие даан ажилладаг аж. Тиймээс нэгдэл байгуулан ажиллах нь олон талын үр ашигтай гэдгийг ч тэд онцлон хэлсэн юм. Тайз, дэлгэц гээд салбар бүрт амжилттай уран бүтээлээ туурвин яваа тэдэнтэй нэгдэхийг хүссэн хэн бүхний өмнө “Нэүрит” фильм нэгдлийг үүд хаалга нээлттэй гэлээ. Зөвхөн кино студи, продакшн гэлтгүй кино зохиолч, зураглаач, найруулагч, жүжигчин гээд кино урлагийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа уран бүтээлчид тэдэнтэй нэгдэж болох нь ээ.

“Нэүрит” фильм нэгдлийн анхны уран бүтээл “Шоучид” инээдмийн кино ирэх арванхоёрдугаар сарын 1-нд зураг авалтаа эхлүүлэх гэнэ. Тус кинонд “Захиалгат инээд”, “ТВ Котейль”, “Мөрөөдлийн театр”, УДЭТ-ын жүжигчид гээд дан залуу уран бүтээлчид тоглох юм байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж