Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, сайд С.Эрдэнэ Баянгол дүүргийн МАН-ын хороо, МАХН-ын хорооны дарга нарыг мэтгэлцээнд урьж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Эл мэтгэлцээнийг арваннэгдүгээр сарын 19-ний 18.00 цагт ETV телевизийн 400 студид хийхээр төлөвлөсөн байна. Мэтгэлцээнд дүүргийн намын хорооны дарга нараас гадна удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, нэр дэвшигчдийн төлөөлөл оролцох боломжтой. Үүгээр намын мөрийн хөтөлбөрийг ярьж, өнгөрсөн дөрвөн жилд юу хийсэн, ирээдүйд юу хийх боломжтой талаар ярих ёстой гэж буй юм. Бас нэг шинэ мэдээлэл дуулгасан нь хэрвээ энэ удаагийн орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийн Ардчилсан нам олонхи болбол Засаг даргад Д.Оросоог, Засаг даргын орлогчор Д.Дэлгэрбат нарыг нэр дэвшүүлэх болсноо урьдчилан мэдэгдлээ.
Дашрамд сануулахад өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн МАН-ын хорооноос хэвлэлийн хурал хийлгэх үеэр “Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, сайд С.Эрдэнэ гэр бүлийнхээ дөрвөн гишүүнээс гадна жолооч, туслах гэсэн 10 гаруй хүнийг дүүргийнхээ ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн нь шударга бус үйлдэл боллоо” гэж мэдэгдэж мэтгэлцээнд дуудсан юм. Харин энэхүү мэтгэлцээнийг Баянгол дүүргийн Ардчилсан намын удирдлага хүлээж авсан байна, ингэхдээ МАХН-ын удирдлагыг мөн давхар мэтгэлцээнд оруулах ёстой гэж мэдэгдээд байна.
Г.ДАРЬ