
ОХУ-ын тэрбумтан Абрамович 2003 онд “Челси” клубыг худалдан авч, хөрөнгө оруулж эхэлсэн. Англид төдийгүй Европын тавцанд “том” баг болгохоор хөлбөмбөгийн “том” тоглогчдыг нэгтгэхэд хөрөнгө мөнгө хайр найргүй цацсан тэрбээр жил бүр алдагдал амсч байсан юм. Өнгөрсөн жил тэд 108 сая ам.долларын алдагдалтай ажилласан бол энэ жил харин 2,2 сая ам.долларын ашиг олжээ. Тэдний эргэлтийн хөрөнгө 407 сая ам.долларт хүрсэн нь Европын топ төвшний багуудаас тавдугаарт бичигдэх амжилт гэнэ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 52 саяар өссөн үзүүлэлт ажээ. Түүнчлэн “Челси” Аваргуудын лигт түрүүлснээр тус багийн тоглогчдын өмсгөлийн борлуулалт нэмэгдэж, түүнээс 46 сая ам.долларын ашиг олсон байна.