“80 мянгыг төлөөд ажилласан жилээ нөхөж тооцуулна”

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

“80 мянгыг төлөөд ажилласан жилээ нөхөж тооцуулна”

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Хууль батлах шаардлага нь юу байсан юм бол, хоёрдугаарт энэ хууль иргэдэд ямар боломж бололцоо олгож байна вэ гэдгийг тодруулахгүй юу?

-Монгол Улсын хувьд 1990-1995 он төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжсэн, социалист коммунист тогтолцооноос ардчилсан, хүний эрхийн тогтолцоонд шилжсэн шилжилтийн үе байлаа. Нийгмийн тогтолцоо ийн үндсээрээ өөрчлөгдсөнөөр тухайн үед маш олон үйлдвэр, аж ахуй, албан байгууллагууд татан буугдсан, 300 –н мянгаад хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн гэсэн судалгаа байдаг.  Тэднийг төр ажлын байраар хангаж чадаагүйн зэрэгцээ ажилласан жилийнх нь Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй баримтууд ч бий.  Энэ нь эргээд тухайн иргэн үндсэндээ ирээдүйд учрах эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжгүй болгосон тул төр зохицуулалт хийх ёстой гэж үзээд бид энэ хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан.

Хуульд зааснаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн, 1995-2000 оны хооронд Нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд хамрагдах юм. Ингэснээр тухайн оны хооронд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй болон Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жишиг болгож Нийгмийн даатгалын шимтгэлээ 10 хувиар тооцон нөхөн төлж тэтгэврээ тогтоолгох бололцоотой болно.  Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгоно гэдэг маш том боломж шүү дээ, иргэдийн хувьд. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийгмийн даатгалын хуулиар Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг хориглочихсон байдаг юм.

-Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлье гэж бодоход тухайн иргэн жилдээ хэдэн төгрөгийг шимтгэлд төлөх тооцоо гарч байгаа вэ?

-Жишээ нь 1995-1998 оны долдугаар сарын 1-нийг хүртэл 9600 төгрөг, 1998 оны долдугаар сарын 1-нээс 2000 оны аравдугаар сарын 1-нийг хүртэл 12 мянган төгрөг, 2000 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ныг дуустал 18 мянган төгрөгөөс 10 хувь тооцож шимтгэл төлнө. Таван жилийнхээр тооцохоор 80 мянга орчим төгрөгийг шимтгэлд төлөх тооцоо гарч байгаа.

-Тэтгэврээ тооцуулах хугацааг 2014 он гэж заасан нь ямар учиртай юм, 2013 оноос хэрэгжүүлэх боломж байхгүй хэрэг үү?

-Орон нутагт ажиллах үед иргэд энэ асуудлыг их тавьж байна лээ. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, наад зах нь иргэд өөрсдөө бичиг баримтаа бүрдүүлж, шимтгэлээ төлөх ёстой. Нөгөө талаас тухайн аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэний материалыг судалж үзээд хуульд заасантай нийцэж байвал баталгаажуулаад явна. Тийм учраас иргэдийг 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхэлж 2013 оны наймдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд хүсэлтээ гаргаж, бичиг баримтаа бүрдүүлэн шимтгэлээ төлөх бололцоог олгоно. Энэ ажилтай зэрэгцээд хуулийн бүртгэл, судалгааны ажил хийгдэнэ.  Тийм болохоор 2013 оны наймдугаар сарын 1-нээс хойш өргөдөл хүсэлт гомдлыг хүлээж авахгүй энэ талын зохицуулалтын үйлчлэх хугацаа дуусч байна гэж ойлгох хэрэгтэй.

-Хууль үйлчилж эхэлснээр төсөвт хэр их ачаалал ирэх бол?

-Иргэдээс ирүүлсэн материалыг судлаад ямар хэмжээний ажилласан жилийн нэмэгдэл гарах нь вэ, үүнтэй холбоотойгоор тэтгэвэр тэтгэмж дээр ямар хэмжээний мөнгө шаардлагатай вэ гэдгийг тооцон гаргана. Түүнийгээ 2014 оны төсөвт суулгаад олгож эхэлнэ. Ямар ч байсан энэ хуулийн үр дүнд Халамжийн тэтгэвэр авч байсан иргэн Хувь тэнцүүлсэн, Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байсан нь Бүрэн тэтгэвэр авах боломж руу шилжилнэ. Мөн Бүрэн тэтгэвэр авч байгаа хүний ажилласан жил нь нэмэгдсэнээр тэтгэврээ 10 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж бас нээгдэнэ.

-Хувийн байгууллагад ажиллаж байсан зарим иргэдийн хувьд сар тутамд тасралтгүй Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явсан байтал байгууллага нь шимтгэлийн мөнгийг нь Нийгмийн даатгалын санд шилжүүлээгүйгээс болж тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна.  Эдгээр иргэд энэ хуульд хамрагдах уу?

-Байгууллага нь хуулиа ойлгоогүйгээс болдог юм уу, эсвэл иргэдийн хуулийн ойлголтгүйг далимдуулдаг юм уу өөрийн тань хэлсэн жишээгээр маш олон иргэн хохирсон байгаа. Тэгэхээр тэдгээр иргэдийн хувьд 1990-1995, 1995-2000 оны хооронд шимтгэл нь тасарсан, ажилласан жил нь тасарсан байх юм бол энэ хуульд заасан баримтыг бүрдүүлээд нөхөн тооцуулах боломжтой. Гол нь 1990 оноос өмнө болон 2000 оноос хойшхид энэ хууль үйлчлэхгүй. Энэ хуульд бас нэг онцлог бий, тухайн үед төрөөс тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож байсан иргэн хамрагдахгүйг сануулъя.

-Мэргэжил зааж байгаа юу, энэ хуульд хамрагдах иргэдийн хувьд?

-Ажил мэргэжил заагаагүй, тийм болохоор 1990 он гэхэд 18 нас хүрчихсэн байсан, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан, эсвэл шимтгэл төлөх боломжгүй буюу тасарсан иргэн хэн ч байсан бүгд хамрагдана гэж ойлгох хэрэгтэй. Жишээ нь малчид, тариаланчид хамрагдах боломжтой. 1990 онд нэгдэл татан буугдсан, энэ үед малчдын албан ёсны хөдөлмөр эрхлэлт нь тасарсан. Мөн тухайн үед сангийн аж ахуй нь хувьчлалд өртөөд татан буугдсан тариаланчдын хувьд энэ хуульд хамрагдах бүрэн боломжтой.

Нэг зүйлийг онцолж хэлье, энэ хуулийг баталсан зорилго бол 1960 оноос хойш мэндэлсэн иргэдэд үүсч болзошгүй эрсдлийг бууруулах, нөгөө талдаа халамжийн тэтгэврийн ачааллыг бууруулах давхар агуулгатай юм л даа. Халамжийн тэтгэврийг 100 хувь төр хариуцдаг, хэрвээ төрөөс ийм зохицуулалт хийхгүй бол төрийн нуруун дээр ирэх ачаалал нөгөө талдаа нэмэгдэх гээд байна. Тийм учраас иргэдийнхээ эрсдлийг арилгах замаар иргэд өөрсдөө ядаж тэтгэврийнхээ тодорхой хувийг бүрдүүлдэг хуулийн үйлчлэл рүү орох ёстой гэж үзээд их олон талыг бодож боловсруулж баталсан хууль юм.

-Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс болоод тэтгэврээ тогтоолгоход маш их хүндрэлтэй тулдаг. Энэ нөхцөлд яах вэ?

-Энэ хуулийн журамд маш тодорхой заачихсан байгаа. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн бол шүүхийн шийдвэрийг харж болно. Шүүхийн шийдвэр гараагүй бол архивын баримт материалыг үндэслээд тухайн шатны Засаг дарга тодорхойлолт олгох боломжуудыг хуульд тусгаж өгсөн. Энэ боломжуудын аль нэгээр өөрийнхөө ажилласан жил тасарсан гэдгийг нотлох ёстой. Ер нь бол энэ хуульд иргэдээс ямар нэг асуудал аль болох бага шаардана. Нэг ёсны иргэн талдаа үйлчлэхээр хууль батлагдсан гэж ойлгож болно.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг байгууллагаас нь төлдөг. Иргэд шимтгэлээ нөхөн төлөхөөр тухайн байгууллага нь түүнийгээ төлөх үү? 

-Түүнийг тооцох боломжгүй. Яагаад гэвэл тухайн үед байгууллага нь татан буугдчихсан, эсвэл бүр байхгүй болчихсон маш олон аж ахуйн нэгж байгаа учраас иргэн нь өөрөө 10 хувиа төлснөөр шимтгэл төлсөн хугацааг нь тооцно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж