Эмнэлэг үү, эсвэл ”эрлэг” үү?

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Эмнэлэг үү, эсвэл ”эрлэг” үү?

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу хилийн цэргийн …дугаар ангийг татан буулгаж, Цэргийн госпитальтай нийлүүлэх Засгийн газрын тогтоол гараад багагүй хугацаа өнгөрч байна. Харин тус анги нэгтгэлийн офицерүүд болох эмч, ажилчид нь “Эмнэлгээ аварья” хөдөлгөөн байгуулаад сайдынхаа эсрэг тэмцэж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр өмгөөлөгч хөлслөн яамныхаа сайдыг шүүхэд өгсөн гэнэ. Дайны үе юмсан бол нөхдүүд ангийнхаа тугийг булаагаад галын шугамнаас нуувч руугаа зугтаж байгаатай ялгаа юун. Эмч нар энэ үйлдлээ “эмнэлгээ аврах хөдөлгөөн” хэмээн нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ бусдын нүдэнд аль нэг эмнэлгийг аврах тухай бус, байшин барилга булаалдсан төдий л харагдаж байгаа. Хэрвээ хэн нэгэнд тус эмнэлгийг аврах шалтгаан байсан бол тэр нь Хууль зүйн сайдад өөрт нь байх учиртай. Тэр ч шалтгаанаар мань хүн хоёр эмнэлгийг нэгтгэх шийдвэрт хүрсэн биз. Харин эмнэлгийн эмч ажилчдын хувьд дутуу баригдсан барилгатай булаалдаж суухын оронд шинээр байгуулагдаж байгаа нэгдсэн эмнэлэгтээ эртхэн төвхнөөд, эмчилгээ үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлэх нь салбартаа хүлээсэн тэдний үүрэг, цэрэг хүний, бас эмч хүний өргөсөн тангараг.      

Тусгай эмнэлэг үү, тусгаар эмнэлэг үү?

Хотын зүүн зах руу зүтгэх замд Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн госпиталь гэж том эмнэлэг бий. Энэ эмнэлэгт 1970-аад оныг хүртэл хилийн цэрэг, цагдаа, хүчний байгууллагынхан эмчлүүлдэг байв. Харин 1970-аад оноос хилийн цэрэг, төрийн тусгай албан хаагчдыг салган тусад нь эмнэлэг байгуулж, I эмнэлгийн хажууд аваачжээ. Дараа нь нэгдсэн III эмнэлэг шинэ байранд ороход Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг тэнд нүүж очсон байна. Иймэрхүү замаар нэг чиг үүрэгтэй хоёр эмнэлэг тус тусдаа гарчээ. Цэргийн госпитальд мэс заслын, дотор мэдрэлийн тасаг, физик эмчилгээнээс гадна улсдаа хоёрдугаарт ордог гэмтлийн тасаг бий. Харин төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт ч мэс засал, дотор, мэдрэлийн тасгууд байдаг ч хамгийн гол тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой гэмтлийн тасаг нь байдаггүйгээс хүчнийхэн гэнэтийн осол аваарт орсон үедээ Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү ачигддаг. Тус эмнэлэгт шаардлага тулгарсан үед хээрийн эмнэлэг гаргах хүчин зохион байгуулалт байтугай Сүхбаатарын талбай дээрээс шархадсан цагдаа нараа зөөх дамнуурга ч байхгүй, “өөрсдөө хүрээд ир ээ” гээд сууж байсныг салбарын сайд нь хэлж байсан. Харин Цэргийн госпитальд бол 3000 хүний ортой хээрийн эмнэлэг гаргаад, хээрийн гал тогоо тавиад ажиллах бүрэн хүчин чадал нь байдаг. Тэгэхээр Төрийн тусгай албан хаагчдын гэх статустай энэ эмнэлэг үнэн хэрэгтээ хэдэн дарга нар, дээр нь эрүүл мэндийн даатгалаас хувь хүртэхийн тулд “иргэдэд үйлчилдэг” нэр зүүсэн тэнд ажилладаг 100-200 хүний амбиц дээр л тогтож ирсэн хэрэг. 

Угаасаа ч 250 сая хүнтэй, цэрэг армиараа дэлхийд тэргүүлэх гүрэн байсан тухайн үеийн ЗХУ-ын жишгээр хилийн цэргийн эмнэлгийг тусад нь гаргасан нь социализмын үедээ болж байсан юм биз. Харин өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай батлах хамгаалах бодлого өөрчлөгдөж, аюулгүй байдлаа цэргийн хүчээр биш, улс төр дипломатын аргаар хамгаалах шинэ шаардлага гарснаар армид алба хаагчдын тоо цөөрсөн тул энэ хоёр эмнэлгийн ачаалал ч тэр хэрээр буурчээ. Тиймээс Цэргийн госпиталийнхан өөрсдөө хөөцөлдөж байж Баянзүрх, Гачуурт, Налайх дүүргийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гаргуулсан байдаг. Харин Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт Чингэлтэй дүүргийн иргэд хэвтэж эмчлүүлдэг. Хоёр эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 60 гаруй хувь нь энгийн иргэд. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалаас мөнгө авахын тулд эмнэлгийн удирдлагууд өөрсдийн хүсэлтээр иргэдийг эмчилж байгаа нь тусгай үүргийн эмнэлэг гэдэг стандартад нь харшилахуйц зүйл.

Тиймээс яам болгон дэргэдээ эмнэлэг байгуулаад төсвөөс тэжээдэг энэ үрэлгэн, үр ашиггүй бүтцийг өөрчлөхийн тулд Хууль зүйн сайдын санаачилгаар Цэргийн госпиталь, ТТАХНЭ хоёрыг нэгтгэх шийдвэрт хүрч, мөрдэстэй бүх албан хаагчид нэг эмнэлгээр үйлчлүүлэхээр болсон. Учир нь Цэргийн госпиталийн хашаанд хоёр тусдаа өргөтгөлийн байшин баригдаж, 20 сая ам.долларын өртөгтэй оношлогооний шинэ төхөөрөмж, лаборатори захиалаад байгаа. Барилга байшингийн багтаамжийг, онцгой нөхцөл үүссэн үед хүн, машин олноор гарч орох нөхцөл боломж, зам талбайнхаа ачааллыг тооцоод үзсэн ч Цэргийн госпиталь дээр хоёр эмнэлгийг нэгтгэх нь зөв зүйтэй гэж үзсэн хэрэг. Хэрвээ Хууль зүйн сайд дан ганц салбарынхаа амбицаар харж, хувийнхаа шунал хүслээр асуудалд хандсан бол ТТАХНЭ-ийг Цэргийн госпитальтай нэгтгэх нь байтугай өндрөөш нь давхарлаж бариад өөрөө нэг давхрыг нь эзлээд суухыг хэн байг гэх юм.

Харин “Эмнэлгээ аварья” хөдөлгөөн өрнүүлээд жагсаал цуглаан зохион байгуулж, хэвлэлийн бага хурал зарлаад яваа эмч мэргэжилтэй офицерүүдийн хувьд тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчид жагсаал цуглаан зохион байгуулах нь байтугай үйлдвэрчний эвлэл байгуулах эрхгүй, цэргийн хүн тушаалаар явдаг гэдгийг салбарын сайд нь нэг бус удаа сануулсан. Гэвч нөхдүүд санаа авах нь байтугай улс төрийн сөрөг хүчинтэй нийлчихсэн сонгуулийн сурталчилгааны “хар пиар”-ын нэг өнцөг болчихоод явж байгааг юутай ч зүйрлэмээр юм дээ. Ямар ч л байсан эндээс харвал энэ эмнэлэгт үнэхээр хийх ажилгүй, хүлээсэн үүргээ ч тааруухан ухамсарласан нөхдүүд ажилладаг бололтой юм. Ийм газар эмч хүн мэргэжлийнхээ хувьд ч өсч хөгжихгүй, өчүүхэн газарт шигдсэн өчүүхэн амбицтай эмч нар л байна шүү дээ гэдгийг энэ салбарт олон жил зүтгэсэн гавьяат эмч н.Жамбалжав гуай ил шулуунаар хэлж байна. Тиймээс хоёр эмнэлэг хөрөнгөө бодсон ч, хөгжлөө бодсон ч нэгдэх нь зөв байлтай. Нэг чиг үүргийн хоёр эмнэлгийг нийлүүлчихвэл хүчин чадал нь нэмэгдэнэ, эмч нар нь илүү мэргэшинэ, өрсөлдөөн бий болно. Харин эндээс хэмнэсэн мөнгөөр эрүүл мэндийн салбарт дутагдаад байгаа иргэний эмнэлгүүдийг нь байгуулахад зарцуулж яагаад болохгүй гэж. Хууль зүйн сайд “100 мянган хүн бүрт нэг цагдаагийн хэлтэс байгуулна” гэж хэлж байгаа шиг Эрүүл мэндийн сайд нь ч гэсэн төрөх эмнэлгүүд, 2-3 дугаар шатлалын эмнэлгүүд чинь төдий тооны байх ёстой шүү, тийм стандарт тавигдана гэдгийг дуугарах цаг нь болсон байлтай.

Стандарт хаахна явна вэ?

ТТАХНЭ-ийг Цэргийн госпитальтай нэгтгэх сургаар тус эмнэлгийнхний хамгийн их урдаа барьж зүтгэсэн зүйл нь “дэлхийн стандартад нийцсэн ганц эмнэлэгтэй болох гэж байхад” хэмээх халаглал. Тиймээс шинээр баригдаж байгаа тус эмнэлгийн барилга байшин үнэхээр эмнэлгийн стандарт, тэр дундаа дэлхийн стандартад нийцсэн барилга мөн үү гэдгийг салбар луу нь хальт өнгийгөөд үзье.
Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдэд тавигддаг хамгийн наад захын шаардлага нь ямар ч хүнд өвчтэй хүнийг эмчилж чадахгүй юмаа гэхэд ядахдаа нэмж халдварлуулахгүй байх явдал. Энэ тухай эртний Грекийн гүн ухаанч, орчин цагйин анагаах ухааныг үндэслэгч гэгддэг Гепогратын хэлсэн үг ч байдаг. Энэ зарчим одоо хэр нь анагаахын салбарт мөрдөгддөг. Хүнийг эмчлэх нь чухал боловч, нэмж халдварлуулахгүй байх нь түүнээс илүү чухал гэж. Энэ ч үүднээс эмнэлгийн барилга байгууламжид ч гэсэн тодорхой хэмжээний стандарт тавигддаг.

Харин эх нялхас, нэгдүгээр төрөх гээд манай төрөх эмнэлгүүдэд ойр ойрхон гардаг хүйн халдвар, бусад эмнэлгүүдэд ч тохиолддог ахуйн халдвараар дамждаг өвчлөлүүд бүгд л эмнэлгийн стандарт зөрчигдсөнтэй холбоотой. Нэг өвчтөнд ноогдох эмнэлгийн орон зай, талбайн хэмжээнээс эхлээд агааржуулалтын систем, халдвараас сэргийлэх ваакум орчин байхгүй гээд олон зүйл үүнд хамаарна. Манай эмнэлгүүдийн хувьд эдгээр үзүүлэлтүүдээр дэлхийн стандартаас хол ноцорсон гэдгийг ухаартлаа удсан гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Өмнөх УИХ-ын үед Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэргүүтэй хэсэг эмч нар, нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд Өмнөд Солонгост долоо хоног ажилласан юм билээ. Тухайн үед нэгдүгээр эмнэлгийг өртгөтгөх ажил эхлээд А, Б хоёр корпусын барилгын суурийг тавьчихсан байсан үе. Айлчлалын дараа “Солонгосын эмнэлэг ийм байдаг, дэлхийд эмнэлэг нэг иймэрхүү түвшинд хөгжсөн байна, ийм стандарт тавигддаг болжээ” гэдэг мэдрэмжтэйгээр буцаж ирсэн Эрүүл мэндийн яамныхан, нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд яамны Барилга захиалагчийн албаараа дамжуулан эмнэлгийн барилгын Б корпус буюу мэс заслын тасгийн зургийг шинээр зуруулахаар Солонгосын талд захиалга өгчээ.

Харин А хэсгийн зургийг хуучин хэвээр нь үлдээсэн нь нөгөөх л хөрөнгө мөнгөтэй холбоотой. XI  зууны эмнэлэг гэдэг өмнөхөөс өөр болсон. Тэр тусмаа барууны стандартаар баригдаж буй эмнэлгийн өртөг манайхны “оюутны байр”-анд төсөвлөдөг мөнгөнөөс хол давах нь ойлгомжтой. Тиймээс эмнэлгийн удирдлагууд, Эрүүл мэндийн яамныхан ярилцаад ямар ч байсан мэс заслын тасгуудаа эхний ээлжинд дэлхийн стандартад нийцсэн барилга байшинд оруулъя гэдэг шийдэлд хүрч, Солонгосын талд захиалга өгөн зураг төслөө хийлгэжээ. Одоогоор 40 тэрбум, 70 тэрбум орчим төгрөг гэсэн хоёр өөр үнэ сонсогдож байгаа ч ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаныхан энэ тэлээр мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Бодвол дахиад л “төсөв хөрөнгө үрлээ” гэж шүүмжлүүлэхээс жийрхсэн хэрэг биз. Энэ хийгдсэн зургаар эмнэлгийн найман давхар барилга 12 давхар байшинтай дүйцэхүйц өндөр болсон байна. Учир нь мэс засал хийдэг тасалгааны тааз гэхэд 4-5 метр өндөр байх ёстой аж. Халдвар дамжуулахгүйн тулд хоёр өрөөний агаарын даралт өөр өөр, хаалга нь онгойсон ч нэг өрөөнөөс нөгөө өрөө лүү агаарын урсгал шилжихгүй, I, II, III зэрэглэлийн өрөөний бактерийн шүүлтүүр хүртэл өөр өөр стандарттай байх гэнэ. “Бид хэдий болтол ханандаа плита нааж, формалин шүршээд мэс засал хийсээр байх юм бэ. Нэгдүгээр эмнэлгийн мэс заслын өрөөнүүд ийм л стандарттай байгаа шүү дээ…” гэж эмч нар ингэж ярьж байна.

Харин нэгдүгээр эмнэлгийн дэргэд баригдаж буй шинэ өргөтгөлийн дэргэд ТТАХНЭ-ийн одоо баригдаж байгаа байр “оюутны дотуур байр” болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Угаасаа 1970-1980 он хүртэл баригдаж ирсэн манай эмнэлгүүд яг л энэ стандартаар баригдсан. Агааржуулалтын систем гэдэг нь өрөөний таазанд гаргасан нэг нүх л байдаг аж. Учир нь манайд эмнэлгийн зураг төсөл хийдэг мэргэжлийн хүн байхгүй. Өмнөх нийгмийн үед Орост төгссөн, хуучны орос стандартын зураг хийдэг ганцхан хүн байдаг нь тус эмнэлгийн барилгын зураг дээр ерөнхий архитектороор ажилласан н.Цогтоо гуай. Харин XI зууны эмнэлэг, дэлхийн түвшний стандарт гэдэг огт өөр зүйл байдгийг сүүлийн 20 жил гадагшаа явж эмчлүүлсэн монголчууд хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Тэгэхээр “дэлхийн стандартад хүрсэн ганц эмнэлэгтэй болох” тухай ТТАХНЭ-ийн эмч ажиллагсдын яриа жаахан дэгс зүйл гэдэг нь харагдаж байна. Үгүй гэвэл нэгдүгээр эмнэлгийн хашаанд баригдаж буй эмнэлгийн өргөтгөлийн зураг төслийг нэг хараад үзчихээрэй л дээ. Харин ТТАХНЭ-ийн одоо баригдаж буй барилга бол дэргэд нь зүгээр л орон сууцны байшин, оюутны дотуур байр гэж харагдаж байгаа. Энэ бол мэргэжлийн хүмүүсийн өгсөн үнэлгээ. Одоо гадна карказ нь хийгдээд явж байгаа энэ хоёр барилгыг Дээд шүүх, Мөрдөх албаны байшин болгож өөрчиллөө гэхэд нэг их төсөв хөрөнгө гарахгүй. Өрөөнүүдийг контор, эмч нарын өрөөг шүүх хурлын заал л болгоно биз. Байшин бол байшин л шүү дээ. Түүнийг яаж тоноглохоос шалтгаалж эмнэлэг болох уу, шүүх байх уу гэдэг шийдэгдэнэ.

Тэгээд ч нэгтгэх шийдвэрт хүрээд байгаа хоёр эмнэлэг хоёулаа хоёрдугаар шатлалынх. Үзүүлж байгаа тусламж үйлчилгээ нь ч хоёрдугаар шатлалд багтдаг. Харин нэгтгэж чадвал гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн эмнэлэг болох, төсөв хөрөнгөө нэгтгэж байгаад орчин үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглох боломжтой. Ингэвэл одоо байгаа дотрын тасаг, мэс заслын тасгууд нь дотрын клиник, мэс заслын клиник болж өргөжөөд харин ч тасгийн дарга нь клиникийн эрхлэгч болж албан тушаал ахина. Цэргийн цол зэргээр яривал эмнэлгийн дарга нь генерал, тасгийн эрхлэгч нь хурандаа болно гэсэн үг. Аливаа бизнес, үйлчилгээ ч ялгаагүй томрох, хөгжихийн төлөө явдаг биз дээ. ТҮЦ-тэй хүн дэлгүүртэй болъё гэдэгтэй л адил. Харин бүгдээрээ нэг нэг байшин бариулж аваад насаараа эмнэлгийн дарга суухыг хүсч байгаа бол үүнийг чинь зөвшөөрөхгүй шүү гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хууль зүйн салбарын шинэчлэл” чуулга уулзалтад оролцох үеэрээ хэлсэн. Хоёр эмнэлгийг нэгтгэснээр дор хаяж 50 тэрбум төгрөг хэмнэгдэж байгаа. Үүгээр дахиад энэ дайны иргэдэд үйлчлэх хоёр ч эмнэлэг бариад эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломж нь Эрүүл мэндийн яамныханд бий. Асуудлыг энэ талаас нь харж Засгийн газар шийдвэрээ гаргасан гэдгийг Ерөнхий сайд мөн хэлж байна.

 Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж