“Монгол сонгодог”-ийн тасалбар худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

“Монгол сонгодог”-ийн тасалбар худалдаанд гарлаа

Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж, Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатарын санаачлагаар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг хэрэгжүүлж буй.

Тэрбээр уг төслийнхөө нээлт болгож, Монголын нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлээр “Монгол сонгодог” талархлын тоглолтоо ирэх арванхоёрдугаар сарын 1-нд Тусгаар тогтнолын ордны концертын их танхимд хийхээр болжээ.

Тоглолтод  урилгаар Монголын сонгодог урлагийн төлөөлөл болсон Ардын жүжигчин А.Долгор,  ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Улсын филармонийн гоцлол дуучин Д.Отгонжаргал нар оролцох аж. Түүнчлэн тоглолтын  хөг аялгууг эгшиглүүлэхээр Ардын жүжигчин , Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони найрал, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчид болон Удирдаач Д.Түвшинсайхан нар оролцох юм байна.

“Монгол сонгодог” талархлын тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарч эхэлсэн байна. Тоглолтын тасалбар 50 мянган төгрөг ба “Тусгаар тогтнолын ордон”-ы билетийн кассаар худалдаалах юм.


Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж