Ирландад жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Ирландад жагсаал болжээ

Ирландад өчигдөр олон мянган хүмүүс цуглан Засгийн газраас үр хөндөлтийн тухай хатуу чанга үзэл баримтлалаа эргэн харахыг шаардан жагсаал зохион байгуулжээ. Тэдний жагсах болсон нь өнгөрсөн сард үр хөндөлт хийлгэж чадаагүйн улмаас амиа алдсан Энэтхэг эмэгтэйтэй холбоотой юм байна. Өнгөрсөн сард Савита Халаппанавар гэгч 17 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй  ураг нь амьгүй болсон гэдэг оношоор Ирландын Голуэй их сургуулийн эмнэлэгт үр хөндөлт хийлгэхийг хүсчээ. Гэвч Ирландад хуулиар үр хөндөлтийг зөвшөөрдөггүй учраас эмнэлгийн зүгээс түүнд  үр хөндөлт хийгээгүй байна. Үүнээс болж Савита Халаппанавар амиа алдсан бөгөөд энэ талаарх мэдээлэл Ирландчуудын дургүйцлийг ихээр хүргэжээ.

Ирландын нийслэл Дублин хотод болсон тус жагсаалд ойролцоогоор хоёр мянга гаруй хүн оролцжээ. Үүний дараа Ирландын Ерөнхий сайд Энда Кенни “Би болон манай нам үр хөндөлтийн тухай хууль батлахыг дэмждэг боловч энэ хэрэг дээр мөрдөн байцаах ажиллагаа явагдсаны үндсэн дээр хариу арга хэмжээ авах болно.” гэж мэдэгджээ. Үр хөндөлт нь Католик шашинтай Ирланд улсын хувьд туйлын маргаантай асуудал бөгөөд тус улсад  үр хөндөлтийг хуулиар хориглосон байдаг аж. Хэдийгээр Католик сүмүүдийн Ирландын улс төрд үзүүлэх нөлөөлөл 1980-аад оны үеэс эрс буурсан ч Засгийн газрын гишүүд өнөөг хүртэл үр хөндөлтийн тухай хуулийг батлах эсэх дээр санал зөрөлдөөнтэй байдаг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж