Оросын төрийн эзэмшлийн томоохон компаниудыг нэгтгэн зангиддаг “Ростехнологи” корпорацийн гүйцэтгэх захирал Сергей Чемезов Монголд хоёр дахь өдрөө ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Улаанбаатарт ирж, мөн өдөртөө хоёр талын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Зөвлөлийн хуралд оролцсон юм. Монголын төр 51 хувийг, Оросын тал 49 хувийг эзэмшдэг “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн удирдлагын асуудлыг энэ үеэр ярилцана гэдэг хүлээлт үүсээд байсан. Уг хүлээлтэд С.Чемезовын айлчлал хариулт өгч, “Эрдэнэт”-ийн нэгдүгээр захирал Ч.Ганзоригийг албан тушаалд нь хэвээр үлдээж, хоёр ч орлогч захирлыг өөрчлөн томилсноор Зөвлөлийн хурал өндөрлөлөө. Шинээр томилогдсон хоёр захирлын хувьд Монголын Засгийн газраас санал болгосон байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр бол “Эрдэнэт”-ийн Ерөнхий захирал Ч.Ганзоригийг өөрчилнө гэдэг таамаглал байсан ч энэ удаад томилгоо түүнийг тойрлоо.
Орос, Монголын төр хамтран эзэмшдэгийн хувьд хоёр талын улс төрийн оролцоог хадгалдаг учраас шинэ Засгийн газар өөрийн хүнээ томилох нь “зүй ёсны” гэдэг ойлголтоос дээрх таамаглал үндэслэсэн. Тийм учраас Ч.Ганзоригийг өөрчлөх эсэх асуулт анхаарлын төвд байсан, цаашид ч хариулт хүлээсээр үлдэж байна гэхэд болно. Гэхдээ энэ удаагийн Зөвлөлийн хурлаар “Ростехнологи”-ийн Гүйцэтгэх захирал С.Чемезов “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн удирдлагуудад “сайн ажилласан” гэдэг үнэлгээг өгсөн талаар албаны эх сурвалж хэллээ. Дэлхийн эдийн засгийн хямралын үе буюу 2008-2009 онд “Эрдэнэт” үйлдвэр 34 жилийн түүхэндээ хамгийн өндөр үр ашигтай ажиллаж, улсын төсвийн орлогын 50 хувийг дангаар бүрдүүлж байсан юм. Мөн өнгөрсөн 2011 онд 1.2 их наяд төгрөгийн орлоготой ажилласнаас цэвэр ашиг нь 300 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Эдгээр үзүүлэлтүүдийг үндэслэн өнөөгийн Ерөнхий захирал Ч.Ганзоригийг ажлаас чөлөөлөхгүй гэсэн байр суурийг Оросын тал баримталсан гэж эх сурвалж өгүүллээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн хоёр талын Зөвлөл буюу ТУЗ-ийн хурал 11 болон дөрөвдүгээр сард тус тус болдог ч тэр бүрт “Ростехнологи” корпорацийн гүйцэтгэх захирал оролцдоггүй. Тус корпорацийн удирдлага дор нийт 440 гаруй компани, үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг гээд бодоход тэр бүрийн хуралд гүйцэтгэх захирал оролцох ч боломж байдаггүй биз. Харин энэ удаагийн “Эрдэнэт”-ийн Зөвлөлийн ээлжит хуралд ноён С.Чемезов ирж оролцож байгаа нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Энэ удаагийн Зөвлөлийн хурлын онцлогийг тодотгож буй нэг зүйл нь улс төрийн нөхцөл байдал, өөрөөр хэлбэл засгийн эрх нэг хүчнээс нөгөөд шилжсний дараа болж буй анхны хурал юм.
Ноён С.Чемезовын Монголд ажиллах хөтөлбөр хоёр өдрөөр хязгаарлагдсан тун шахуу хуваарьтай байгаагаас гадна үүнээс шалтгаалан хэвлэлийнхэнд мэдээлэл хийх цаг гаргахгүй буцах нь тодорхой болж байна. Энэ хэрээр С.Чемезов Монголд ирснээр ямар асуудлыг ил, далд шийдвэрлэсэн бэ гэдэг асуулт хэвлэлийнхний шохоорхлыг улам ч өдөөж орхилоо. Тэрбээр өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Зөвлөлийн хурал болж байх зуур УИХ-ын даргатай уулзсан, мөн өнөөдөр Ерөнхийлөгчтэй уулзсан. Эдгээр уулзалтуудын хүрээнд Орос, Монголын хамтарсан үйлдвэрүүдийн цаашдын хөгжил, эдийн засгийн агуулга, үр ашгийн талаар яригдсан байх учиртай.
“Ростехнологи” корпорацийн гүйцэтгэх захирал өнгөрсөн хавар Монголд ирэхээр төлөвлөж байсан ч УИХ-ын сонгуулийн дараа болгон товоо хойшлуулсан юм. Хэрэв Монголд хэзээ ч хэнтэй ч ярьж, шийдвэрлэж болох асуудал “богцолж” ирэх байсан бол сонгуулийн өмнө, хойно гэж ялгахгүй байсан биз ээ. Юутай ч хэвлэлийнхэнд ил болсон мэдээлэл гэвэл ноён С.Чемезов “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн өнөөгийн удирдлагын үйл ажиллагаанд “Сайн” гэсэн үнэлгээ өгч, “том” томилгоог тойроод өнгөрлөө.