БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга айлчилна

Монгол Улсын Их хурлын даргын урилгаар Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын Ардын дээд хурлын дарга Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид энэ арваннэгдүгээр сарын 18-22-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тэ Бок Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийнэ. Мөн зарим салбарын сайдууд  БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тэ Бок-т бараалхах юм. Түүнчлэн БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймагт зочилж, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Их сургуулийн  Мэдээллийн технологийн сургууль, Улсын төв номын сан зэрэг газруудтай танилцана.

1948 оны аравдугаар сарын 15-нд хоёр улс дипломат харилцаа тогтоож, 1951 онд Элчин сайдын яамдаа харилцан нээсэн. УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлэг 1998 онд байгуулагдсан бөгөөд БНАСАУ-ын Ардын дээд хурал дахь Солонгос-Монголын найрамдлын дарга Ким Ван Сү тэргүүтэй төлөөлөгчид 2007 онд манай улсад айлчилжээ.  Пхеньянд жил бүр зохиогддог “Дөрөвдүгээр сарын хаврын баяр”-т манай улс 1986 оноос хойш тасралтгүй оролцож байна. Түүнчлэн Найрамдлын нийгэмлэгүүдийн хооронд төлөөлөгчид солилцоо тогтмолжиж 2005 онд БНАСАУ-ын Сангийн сайд бөгөөд Солонгос-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Пак Бон Ил Монголд айлчилсан байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлэг шинэчлэгдэн байгуулагдаж бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт  сонгогдон ажиллаж байна  гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж