Улсын хэмжээнд өнгөрөгч аравдугаар сараас энэ сарын 10-ны өдөр хүртэл 144 мянган хүн эмнэлгээр үйлчлүүлсний 10 мянга нь томуу, томуу төст өвчтэй хэмээн оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 1,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Томуугаар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь 15 хүртэлх насны хүүхдүүд байсан ажээ. Энэ жил хувьд томуу, томуу төст хүүхдүүдэд халдварлах давтамж нь нэмэгдсэн байна. Улаанбаатар хотын найман дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 51.4 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж, өмнөх долоо хоногоос 3.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар ихэссэн үзүүлэлттэй байгаа аж. Дашрамд сануулахад халуурах, чичрэх, жихүүдэс хүрэх, ханиалгах, цээжээр хөндүүрлэх, булчин өвдөх зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж аван эмчийн заавраар гэртээ эсвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, шаарлагагүй тохиолдолд олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Б.СҮХ