Фото: AFP/ ISAF/HO
Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Тагнуулын төв газрын дарга асан Дэвид Петреусийн нууц амраг Пола Бродуэллаас хураасан компьютераас улсын нууцад холбоотой материал илрүүлсэн гэж “Ассошиэйтед Пресс” энэ пүрэв гаригт мэдээлжээ.
ТТГ-ын тэргүүн өнгөрсөн бямба гаригт огцорсон юм. Нууц мэдээлэлд нэвтрэх өндөр зэрэглэлтэй цэргийн тагнуулын офицер байсан сэтгүүлч Пола Бродуэллтай нууц амрагийн холбоотой байсан нь Пэтрэусийн огцрох шалтгаан болсон байна. Флорида мужийн Тампа хотын иргэн 37 настай Жилл Келли гэдэг эмэгтэйгээс гаргасан гомдлын дагуу Холбооны мөрдөх товчоо уг хэргийг шалгаж эхэлсэн юм. Тэрээр генералын гэр бүлийн найз бөгөөд Бродуэлл түүнд заналхийсэн захидал илгээсэн гэжээ. Мөрдөн байцаалт эхэлсний дараа Бродуэлийн нууц материалтай танилцах эрх хаагдсан байна.
Мөрдөн байцаалтын явцад Бродуэллийн гэрээс хураасан компьютерт улсын нууцад холбоотой материал байсан нь илэрчээ. Баримтуудын талаар тодорхой зүйл мэдээлээгүй ч Пэтрэусийн нууц амрагт хэрэг тулгаж магадгүй гэнэ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама лхагва гаригт мэдэгдэхдээ ТТГ-ын даргын гэр бүлээс гадуурх холбоо ямар нэгэн нууц баримт алдуулсан гэх мэдээлэл байхгүй гэж мэдэгджээ. Пэтрэус улс орондоо бүх насаараа л үнэчээр зүтгэсэн учраас түүнийг буруутгах зүйл огт байхгүй гэж ерөнхийлөгч онцолж байсан байна.