Украины хөлбөмбөгийн спортын түүхэнд 111 тоглолтод оролцож, 56 гоол оруулсан тэрбээр шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон, дээр нь хамгийн олон гоол оруулсан мэргэн бууч. 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш тус улсаас төрөн гарсан хамгийн шилдэг тоглогч нь Шевченко юм.
Андрей Шевченко 1995-1999 оны хооронд “Динамо Киев” багт тоглож, дотоодын лигтээ таван улирал дараалан аваргын цом өргөсөн. Ингээд “АС Милан”-ыг зорьж, 2003 онд Аваргуудын лигт түрүүлсэн билээ. Улмаар 2006 оны тавдугаар сард Жозе Моуриньогийн “урилгаар” Английн “Челси” клубт 47 сая ам.доллараар зарагдсан ч “Стэмфорд Бриж”-д хоёр улирлыг үдэхдээ төдийлөн гялалзаж чадаагүй юм. Зодог тайлах хүртлээ тэр “Динамо Киев”-т гурван улирлын турш тоглосон. Украин болон Польш улсууд хамтран зохион байгуулсан “Евро-2012”-т Украины шигшээ баг хэсгийн шатанд бүдэрсний дараа Шева шигшээ багаасаа зодог тайлах шийдвэр гаргасан билээ.
Хэдийгээр түүнд хөлбөмбөгийн баг дасгалжуулах туршлага байхгүй ч Украины хөлбөмбөгийн холбооны эхний сонголт нь тэр байжээ. Тус улсын шигшээ багийг дасгалжуулж байсан Олег Блохин “Динамо Киев” клубт ажиллахаар шигшээ багийг орхисны дараа хөлбөмбөгийн холбооноос түүнд санал тавихаар болсон байна. Энэ талаар Украины хөлбөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудсанд “Украины хөлбөмбөгийн холбоооны ерөнхийлөгч Анатолий Конков Андрей Шевченког шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллуулахаар санал тавихаар шийдсэн. Андрей “Динамо Киев”, “Милан” болон “Челси” клубт Валерий Лобановский, Карло Анчелотти, Жозе Моуриньо нарын домогт дасгалжуулагчдын удирдлага дор тоглож байсан туршлагатай. Тиймээс тэдний авьяас, мэдлэг чадвар, туршлагыг хэрэгжүүлэх бүрэн чадвартай гэж дүгнэж байгаа” хэмээн бичжээ.