Мьянмарт 452 хоригдолд өршөөл үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Мьянмарт 452 хоригдолд өршөөл үзүүлжээ

Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн өнгөрсөн мягмар гаригт зарлиг буулгаж, шоронд хоригдож байсан өөрийн улсын болон гадны нийт 452 хоригдлыг сулласан байна. Энэ нь АНУ-ын 57 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдсон  Ерөнхийлөгч Барак Обама үүрэгт албаа хүлээн авснаас хойшхи анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа Мьянмарт хийх гэж буйтай холбоотой гэнэ. Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 19-нд Мьянмарт айлчлан, Ерөнхийлөгч Тейн Сейн болон сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Читай уулзаж, тус улсын хоригдлуудын нөхцөл байдал, улс төрийн шинэчлэл, хуулийн өмнөх тэгш эрхт байдлын талаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Тейн Сейний энэхүү шийдвэрийг гадны орнуудтай харилцах харилцаанд дэмжлэг олж авах зорилготой хэмээн олон улс үзэж байна. Мьянмар улс өнгөрсөн 2010 оны арваннэгдүгээр сард ардчилсан сонгууль явуулж, цэргийн дэглэмийг халж, ардын Засгийн газрыг байгуулсанаас хойш Ерөнхийлөгч Тейн Сейн шинэтгэлийн бодлого хэрэгжүүлж байгаагийн дээр олон зуун улс төрийн хоригдлыг суллаад байгаа юм. Ерөнхийлөгч Тейн Сейний шинэтгэлийн бодлого Мьянмарт үр ашгаа өгч эхлээд байгаа бөгөөд гадны орнуудтай харилцах тус улсын харилцаанд дэвшил гарч, томоохон гүрнүүдийн тус улсад тавиад байсан хориг арга хэмжээгээ цуцлахад түлхэц үзүүлэн, дэлхийн банкнаас зээл тусламж авахад ихээхэн нөлөөлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж