10-15 давхар спортын бэлтгэлийн төвтэй болно

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

10-15 давхар спортын бэлтгэлийн төвтэй болно

Zaal 1

Манай спорт холбоодын тулгамдсан асуудлын нэг нь бэлтгэл хийх заал
танхимын бололцоо нөхцөл. Гадагшаа тэмцээнд явахын тулд бэлтгэл хийх
заал олдохгүй, олдсон ч тэр нь маш өндөр үнэтэй байдаг талаар олон
хүнээс сонсч байлаа. Тэгвэл Монголын үндэсний олимпийн хорооны
ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэдний тулгамдсан бэрхшээлийг арилгах үүднээс
спортын бэлтгэлийн төв байгуулах санаачилга гаргажээ. 23 спортын
төрлийнхөн энэ төвд бэлтгэлээ базаах боломжтой бөгөөд нийт 17-18 заалтай
байхаар урьдчилан төлөвлөөд байгаа аж. 10-15 давхар барилгын хэмжээний
өндөртэй, 17 орчим заалтай байх энэ төвийг хоёр жилийн дотор босгохоор
төлөвлөж байгаа юм байна. Өнгөрсөн баасан гаригт ажлын хэсгийн анхны
хурал болж, Д.Загдсүрэн ерөнхийлөгч, спорт холбоодын төлөөлөл, барилга
болон зураг төслийн компанийхантай уулзаж ярилцсан юм. Энэ үеэр бид
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, барилгыг барьж гүйцэтгэх “Нийслэл
өргөө” компанийн захирал Б.Ганзориг, зураг төслийг хийх “Эй-Эн-И-И”
компанийн ерөнхий захирал Н.Мөнхбаяр нартай уулзаж ярилцлаа.

 

Д.Загдсүрэн: Үүнийг босговол маш том асуудлыг ардаа хийлээ гэсэн үг

zaal 2

-Спортын нэгдсэн бэлтгэлийн төв байгуулах төлөвлөгөө ажил
хэрэг болоход ойртжээ. Энэ төвийн талаарх мэдээллийг манай уншигчдад
өгнө үү?

-МҮОХ-ноос спорт холбоодын нэгдсэн бэлтгэлийг төв барихаар шийдээд
байна. МҮОХ-ны бүрэлдэхүүнд гишүүнчлэлтэй, тогтмол үйл ажиллагаа явуулж
байгаа олимпийн төрлийн 15, олимпийн бус төрлийн найм, нийтдээ 23 холбоо
хамрагдана. Бид эхний байдлаар энэ 23 холбоог бүгдийг багтаах зорилго
тавьж байна. Холбоо өөрийн гэсэн бэлтгэлийн төвтэй байж, тэндээ шигшээ
багийг байгуулж, бэлтгэл сургуулилтаа хийх боломжийг бүрдүүлж өгөх гол
зорилготой юм. Бэлтгэлийн төв бол манай спорт холбоодын өмнө тулгамдаж
буй хамгийн том асуудал. Яг өнөөдрийн байдлаар МҮОХ-нд бүртгэлтэй 60
гаруй спорт холбоодоос Үндэсний бөхийн холбоо, Хөлбөмбөгийн холбоо л
өөрийн гэсэн байртай байна. Тиймээс холбоод бэлтгэлийн төвтэй болох
хүсэлтийг их тавьдаг. Энэ санал хүсэлтэд тулгуурлан шийдвэр гаргасан юм.
Газрын асуудлыг шийдчихсэн. Олимпийн хорооны дэргэдэх манай эзэмшлийн
газар дээр энэ төв баригдана.

Бид өнөөдрийн байдлаар зураг хийх, барилгын ажил гүйцэтгэх компаниа
сонгоод байна. Давхар заал барих туршлага Монголд одоогоор алга. Тиймээс
бид цаасан дээр ажиллах шаардлага их байгаа юм. Бусад оронд бол ийм төв
олон байна. Тийм учраас ирэх долоо хоногт Өвөр Монголын Хөх хот руу
хэдэн хүн явах гэж байгаа. Үүнд зургийн компани, барилгын компани,
холбоодын төлөөлөл багтана. Хөх хот өнгөрсөн жил 13 давхар ийм заал
барьсан. Үүнийг газар дээр нь очиж үзэх зорилготой. Гэхдээ стандартад
нийцсэн байх тал дээр анхаарч байгаа. Жижигхэн заал барьчихаад энд
чөлөөт, энд бокс байна гэвэл шаардлага хангахгүй болчихно. Тиймээс
анхнаас нь олон улсын стандартад нийцсэн төв барих болно.

Урьдчилсан тооцоогоор 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт
шаардлагатай болно. Бид дөрөв, таван эх үүсвэрээс хөрөнгө босгохоор
төлөвлөж байна. Нэгдүгээрт, олон улсын спорт холбоод. Жишээ нь волейбол,
сагс, теннисний олон улсын холбоодтой нь харьцана. Хоёрдугаарт, МҮОХ
өөрийн түнш байгууллагуудын хөрөнгийг төвлөрүүлж ийш чиглүүлэх.
Гуравдугаарт спорт холбоод тус бүрийн спонсор байгууллагуудаас хөрөнгө
босгох. Мөн Азийн олимпийн зөвлөл, Олон улсын олимпийн хороонд хандан
төсөл хэрэгжүүлэх гэсэн төлөвлөгөө гаргасан. Уг нь спортын барилга
байгууламж барих төсөл байдаггүй юм. Гэхдээ манайд зориулсан тусгай
хөтөлбөр хэрэгжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавих бодолтой. Хамгийн гол нь
бид ажлаа эхлүүлсэн байхад цаашаа яваандаа бүтэх бололцоотой. Энэ ажилд
дан ганц Олимпийн хороо биш, бүх спорт холбоод хамтарч байж биеллээ
олно. Гагцхүү зөв зохион байгуулах нь л чухал байна. Барилга барих
компаниар “Нийслэл өргөө” компанийг сонгосон. Энэ компанийн захирал
Б.Ганзориг Байт харвааны холбооны ерөнхийлөгч, байтын спортын мастер
хүн. Спортын зовлон, жаргалыг сайн мэддэг, барилгын их туршлагатай.
Ганзориг өөрөө ямар нэг ашиг харахгүйгээр, зөвхөн туслах хэлбэрээр
гадаадын түншүүдтэйгээ хамтарч оролцъё гэсэн. Энэ маань бүтэх юм бол
спортын салбарын өмнө тулгамдсан том асуудлыг шийдлээ гэсэн үг.

Хугацааны хувьд аль болох хурдан ашиглалтад оруулах зорилготой. Зураг
хийх компани өнөөдрөөс эхлээд ажлаа хийгээд явна. Барилга барих компани
бас судалгааны ажилдаа орно. Тэгээд хавар газар гэсэхээр газар шорооны
ажлаа хийгээд явчихна. Ер нь болж өгвөл хоёр жил хагасын дотор
ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

zaal 3

-Урьдчилсан байдлаар ямар хэлбэртэй, хэдэн заалтай байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Манай зургийн компани ерөнхий хэлбэрийг дөрвөлжин хийсэн байна лээ.
Дотроо спортын заалууд байна. Энэ заал нь цаанаа хувцас солих өрөө, бие
засах газар, душтэйгээ байх юм. Саун болон хүчний бэлтгэлийн газрыг
тусад нь, холбоодын дунд хийж өгье гэж шийдсэн. Ямар ч байсан 17-18 заал
байх болов уу. Зарим холбоод заалаа хамтарч ашиглахаас аргагүй. Жишээ
нь сагсан бөмбөг, олс таталт нэг дор. Үшүгийнхан сандо бокс,
кикбокстойгоо, шатар гэхэд даамтайгаа нэг дор байх жишээтэй. Гэхдээ энэ
бол урьдчилсан байдал. Цаашдаа ярилцах байх.

-Хэдэн давхар байх бол?

-10-15 давхар байх болов уу. Гэхдээ арав орчим давхарт нь заал байна.
Яагаад гэвэл зарим заал төрлөөсөө шалтгаалаад өндөр байхыг шаарддаг.
Жишээ нь волейбол гэхэд долоо, теннис найман метр өндөр байх ёстой. Тэр
стандартыг барихгүй бол болохгүй.

-Улсаас мөнгө авалгүйгээр барина гэж ойлгож болох уу?

-Ер нь бид төрөөс санхүүжилт авахгүйгээр барих зорилготой. Харин
дараа нь урсгал зардалд төрөөс дэмжлэг авья гэсэн бодолтой байгаа.

-МҮОХ-нд бүртгэлтэй 60 гаруй холбоо байдаг гэлээ. Энэ 23-ыг тэднээс сонгон шалгаруулж авсан юм уу? Бусад нь яах бол?

-60-аад холбооноос заалан дотор үйл ажиллагаа явуулдаг 23 холбоо
байгаа юм. Бусад нь цана, тэшүүр зэрэг өвлийн төрлийн холбоо, нэг хэсэг
нь спортын эмнэлгийн, допингийн, оюутны зэрэг ажил мэргэжлийн холбоод
байна. Яг жилийн дөрвөн улиралд зааланд үйл ажиллагаа явуулдаг нь 23
холбоо байгаа юм. Тэгэхээр бүгд хамрагдаж байгаа гэсэн үг. Заал
ашиглалтад орж дууссаны дараа энэ өмчийг холбоодод өгнө. Холбоо үүнийгээ
арчлаад, доторх тоног төхөөрөмжөө хариуцаад өмчтэй болж байгаа гэсэн үг
л дээ.

-Энэ санаачилгыг спорт холбоод талархан хүлээж авсан байх?

-Бидэнтэй уулзаж, саналаа ирүүлсэн бүх холбоод маш их дэмжиж байна.
Өнөөдөр манай спортын холбоодын өмнө тулгарч байгаа хамгийн хүндрэлтэй
асуудал бол бэлтгэлийн заал. Үүнийг шийдчихвэл маш том асуудлыг ардаа
хийлээ гэсэн үг.

Б.Ганзориг: Бүх бэлтгэлээ хангачихвал жилийн дотор хийнэ

zaal 4

-Спортын нэгдсэн бэлтгэлийн төвтэй болох санаачилга гарч, дэмжигдээд явж байна. Танай компанийн зүгээс энэ ажилд ямар хэлбэрээр оролцож байна вэ?

-Ер нь спортын байгууллага голдуу ивээн тэтгэлгээр явж байгаа. Мэдээж
олимпийн төрлийн ТОП спортууд улсын хангамжинд ордог. Одоо Монголд
спорт их хөгжиж байна. Үүнийг улам дэмжин хөгжүүлэх ёстой. Харин спортыг
хөгжүүлэхийн тулд хамгийн эхлээд заал, талбай хэрэгтэй. Монгол орон
жилийн дөрвөн улиралтай, үүний ихэнхэд нь хүйтэн байдаг. Тиймээс бидэнд
заавал битүү заал хэрэгтэй. Гэвч битүү заал барихад хөрөнгө мөнгө,
газрын асуудал хүндрэлтэй байдаг. Харин Олимпийн хорооноос энэ ажлыг
санаачлаад, өөрийн мэдлийн газар дээр барья гэж байгаад туйлын их
баяртай байна. Манай байгууллагын хувьд энэ жил 50 жилийн ойгоо
тэмдэглэж байгаа, Монголын барилгын ууган компани. Бид зургийн дагуу
ямар ч барилгыг гүйцэтгэж чадна. Орон сууцнаас гадна нийтийн
байгууллага, спортын барилга, үйлдвэр аж ахуйн гээд бүх л төрлийн
барилгыг барьдаг. Энэ барилгын хувьд шинэ стандарт, шинэ техник
технологи шаардсан байгууламж. Тиймээс бид гадны барилгын компаниудтай
хамтарч барина. Манай инженер, техникийн ажилчид үүнээс ихийг сурч аваад
давхар спортын цогцолбор барилга гэдгийг Монголд анх удаа хэрэгжүүлэх
гэж байна.

Үүнийг бид анх удаа шинээр хийх гэж байгаа юм биш. Өөр оронд ийм
барилга барьсан туршлага олон байна. Тиймээс бид Хөх хотод баригдсан
цогцолборыг спорт холбооддоо үзүүлэх юм. Өөрөө нүдээрээ хараад ирсэн хүн
өөрийн спортын заал аль хэсэгт яажшуухан байрласныг харж авна. Мөн
зургийн байгууллага маань тэр барилгын зургийг шууд хуулбарлах биш,
Монголын хөрсөнд, Монголын стандартад яаж нийцүүлэх талаар харж авах
боломжтой.

-Нэг спорт цогцолбор барихад 2-3 тэрбум төгрөг зарцуулж байна
гэж сонсогддог. Харин ийм олон давхар цогцолбор барихад арав гаруй
тэрбум төгрөг хүрэлцэх үү?

-Нэг спорт холбоо заал барихад хамгийн багадаа 2-3 тэрбум төгрөг
хэрэгтэй болно. Ер нь спортын гайгүйхэн заал, талбай барья гэвэл арваад
тэрбум төгрөг хэрэгтэй болдог. Харин энэ бол бэлтгэлийн заал болохоор
зардал арай бага гарна. Дээр нь суурийг олон дахин тавихгүй, тэр хэрээр
зардал хэмнэгдэнэ. Гэхдээ энэ мөнгө бол урьдчилж гаргасан төсөв. Зураг
гүйцэд гарсны дараа хэдэн төгрөгийн зардал гарах вэ гэдэг нь илүү
тодорхой болно.

-Зураг бэлэн болоод, хөрөнгө мөнгө шийдэгдчихвэл хэдий хугацаанд барих боломжтой вэ?

-Бүх юм бэлэн болчихвол жилийн дотор хийж гүйцэтгэнэ гэсэн зорилготой байгаа.

-Танай компани ямар нэг ашиг харалгүйгээр барьж гүйцэтгэнэ гэсэн байх аа?

-Манай компани ашиг харахгүй. Гэхдээ компанийн ажилчид ажилтай байна
гэдэг чухал. Би өөрөө спортын хүн, энэ салбарын зовлон жаргалыг сайн
мэддэг болохоор ивээн тэтгэх маягаар оролцож байгаа юм. Хэрвээ би
ашигтай ажилласан бол тэр ашгаа хандивлаж байна гэсэн үг.

 

Н.Мөнхбаяр: Нилээн төвөгтэй төлөвлөлт хийгдэх байх

zaal 5

-Манайд анх удаа олон давхар заалтай бэлтгэлийн төв баригдах
гэж байна. Барилгын зураг төсөл урьдчилсан байдлаар ямархуу байх бол?

-Олимпийн хорооны ард талын талбай дээр бид ерөнхий төлөвлөгөөг хийж,
тойм зургаа гаргасан. Анхны төсөөллөөр бол 45.5х28 метр гэсэн хэмжээтэй
барилга байж болох юм байна гэж дүгнэсэн. Өндрийн хувьд 10-15 давхар
барилгын хэмжээтэй, 8-10 давхар заалтай байхаар төсөөлөгдөж байгаа.

-Ийм барилга өмнө нь баригдаж байгаагүй болохоор хүндрэлтэй зүйл тулгарч байна уу?

-Монголд давхар заалны системтэй барилга барьсан тохиолдол байхгүй.
Одоогоор судлах зорилгоор Хөх хотын заалыг очиж үзье гэж бодож байгаа.
Ер нь боломжгүй зүйл биш л дээ. Олон төрлийн спорт байгаа учраас
заалнууд нь хэмжээний хувьд өөр өөр байна. Тиймээс нэлээн төвөгтэй
төлөвлөлт хийгдэх байх.

-Зургийн ажлыг хэдий хугацаанд хийж гүйцэтгэх бол?

-Ихэнх барилгын зургийг хийхэд гурван сар зарцуулдаг. Харин энэ
удаагийнх төлөвлөлтийн шийдлийн хувьд өөр учраас арай илүү хугацаа орно.
Тав, зургаан сар болох байх.

-Танай компани барилга, тэр дундаа спортын бүтээн байгуулалтын салбарт хэрхэн ажиллаж байсан туршлагатай вэ?

-Манай компани 2007 онд байгуулагдсан. Тэр үеэс хойш нэлээн олон
барилгын зураг төслийг хийсэн. Сургуулийн спорт заал, хөдөө орон нутгийн
спорт цогцолборын зураг төслийг хийж байсан.

Г.Баярсайхан

Эх сурвалж: "Таван цагариг"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж