”Хийлд зориулсан бүтээлүүдээр тоглолтоо хийнэ”

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

”Хийлд зориулсан бүтээлүүдээр тоглолтоо хийнэ”

Энэ удаагийн “Өглөөний мэнд” буландаа хийлч О.Байгалийг урилаа. Түүний ирэх жил хийхээр төлөвлөж байгаа бие даасан тоглолтын тухай болон шинэ уран бүтээлийнх нь талаар сонирхлоо.

-Өглөөний мэнд хүргэе. Хаана явж байгааг сонирхож болох уу?

-Сайн байна уу. Гэртээ байна. Дөнгөж сая хөгжмөө давтаж дууслаа. Одоо гадагшаа гарах гэж байна. Есдүгээр сарын 22-нд “Central tower”-т болсон VIP тоглолтынхоо зурагнуудыг хүнээс авах ёстой. Бас Дэйситэйгээ уулзахаар болзсон.

-Ирэх жил хийхээр төлөвлөсөн тоглолтынхоо тухай тодруулахгүй юу?

-Ирэх жилийн хавар юм уу, намар бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байна Монголын хөгжмийн зохиолчдын дан хийлд зориулсан бүтээлүүдийг тоглох юм. Мэдээж судалгаа, бэлтгэл их хэрэгтэй. Тоглоод  л баймаар сайхан бүтээлүүдийг үзэгч, сонсогчдодоо хүргэх болно. Би аливаа юмыг ул суурьтай хийхийг хүсдэг. Тиймээс тоглолтоо яаралгүй ирэх жил хийхээр болсон.

-Таныг “Баярын уянга” зохиол дээр ажиллаж байгаа гэж сонссон. Энэ бүтээл хэзээ цацагдах вэ?

-Өнгөрсөн сарын эхээр хөгжмийн зохиолч Б.Шаравын “Баярын уянга” зохиол дээр ажиллаж эхэлсэн. Албан ёсоор Б.Шарав гуайгаас зөвшөөрөл авсан. Би жаахан байхдаа хийлийн чуулгад энэ аялгууг тоглодог байлаа. Оки хөгжмийн найруулгыг хийж байгаа. Одоогоор Оки их завгүй байгаа болохоор хүлээж байна. Энэхүү зохиол хийлийн чуулгад зориулсан бүтээл болохоор би хоёр, гуравдугаар хийлийг ч бас өөрөө тоглож давхар бичүүлнэ. Их ажиллагаа шаардсан бүтээл дээ. “Баярын уянга”-аа бичүүлээд дуусгавал юуны өмнө Б.Шарав гуайд сонсуулах ёстой. Ямар хэлбэрээр тогловол илүү сайн бүтээл болох вэ гэдэг дээр зөвлөгөө авах юм.

-Таныг СЭЗДС-д докторын зэрэг горилохоор сурч байгаа гэсэн?

-Тийм ээ, одоо танхимын сургалттай байгаа. Би “Соёл урлагийн салбарын менежмент” гэсэн сэдвээр судалгаа хийж байна. Одоо гэрээрээ дүүрэн ном өрчихсөн сууж байна. Судалгааны ажил учраас их ном уншиж мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй. Хичээлдээ их шамдаж байгаа.

-Ойрд уран бүтээлээс гадна төлөвлөсөн ямар ажил байна вэ?

-Энэ сарын 30-нд Монголын урлагийн зөвлөлийн 10 жилийн ой болох юм. Тэр арга хэмжээнд оролцоно. Бас ирэх сарын 5-нд “Агаар мюзик” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг “Virtuoso” гала тоглолтод оролцоно. Уг арга хэмжээний үеэр  мэргэжилдээ хамгийн сайн  оюутан залуусын нэгийг өөрийн зүгээс  шагнаж урамшуулдаг уламжлалтай болсон. Би гурав дахь жилдээ шилдэг хөгжимчинд нэрийн шагналаа гардуулах гэж байна.

-Ирэх сарын эхээр “Киви” хамтлагийн найман насны төрсөн өдөрт зориулсан тоглолт болно. Та нарыг сайн найзууд гэдэг юм билээ?

-Тийм шүү. Бид ХБК-д байхаасаа л найзалж эхэлсэн. Намуунаа манай сургуулийн доод ангийн охин байлаа. Тэгээд л танилцаж олон жил үерхэж байна даа, бид. Найман насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа “Киви” хамтлагийнхандаа баяр хүргэе.

-Та “Киви” хамтлагтай хамтарч уран бүтээл хийх бодол бий юу?

-Би өмнө нь “Киви” хамтлагийн хоёр ч тоглолтон дээр хийлээ тоглож байлаа. Одоо Намуунаа СУИС-ийн төгөлдөр хуурын магистрын ангид сурч байгаа. Намуунаа бид хоёр төгөлдөр хуур, хийлд зориулсан сонгодог зохиол хамтарч тоглох тухай ярьж байгаа.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж