Монгол түмэн хүүхэд хөгшидгүй дурлан үздэг “Бушхүүгийн үлгэр” уран сайхны кино дэлгэцнээ гарснаас хойш 33 жил болжээ. Уг бүтээл үзэгчдэдээ хүрсний ойг уран бүтээлчид энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа юм. КУДС-ийн “Оюутан театр”-т эл ойг угтсан хүндэтгэлийн үдэшлэг өнгөрсөн даваа гаригт боллоо. Үүнд тус киноны зохиолч, найруулагч, зураач урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цогзол, зураач Болд, хослол зургийн зураглаач Л.Шаравдорж, шулмасын дүрд тоглосон Цэнгэлмаа, Лусын дагинад тоглосон Н.Сувд, Хүдэрийн дүрд тоглосон улсын заан Д.Долгорсүрэн, Наран ээжийн дүр бүтээсэн ардын жүжигчин Л.Цогзолмаа нарын зэрэгцээ бусад олон уран бүтээлч хүрэлцэн ирсэн байв. “Бушхүүгийн үлгэр” нь Монголын анхны шулмастай уран сайхны кино. Үдэшлэгийн үеэр уг кинонд тоглосон жүжигчидтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цогзол:
– “Алтан өргөө” киног 1959 онд германчуудтай хамтран хийсэн шүү дээ. Үүнээс хойш би 19 жилийн турш ардын үлгэр, домгоос сэдэвлэсэн уран сайхны кино хийхийг хүсч, мөрөөдөж явсан. Тэр үед кино хийхийн тулд Соёлын яамнаас зөвшөөрөл авч, зохиол болон хамтран ажиллах баг, тоглох жүжигчдээ шалгуулдаг байсан юм. Хэрэв Соёлын яам зөвшөөрөхгүй бол кино хийх эрх олгодоггүй байсан. Би “Бушхүүгийгийн үлгэр” киноны зохиолоо 1978 онд ардын үлгэр, домгоос сэдэвлэж бичсэн. Тэр үед “Монгол кино нэгдэл”-д хослол зургийн цех байгуулагдсан байсан нь кино бүтэхэд маш том дэмжлэг болсон. Учир нь үлгэр, домгийн сэдэвтэй киног хослол зургийн аргаар хийхгүй бол болдоггүй. Ингээд Дундговь аймгийн Их газрын чулуу, Төв аймгийн Горхит голд зураг авалтаа хийсэн. Киноны баг бүрэлдэхүүнд “Монгол кино” нэгдлийн олон мундаг уран бүтээлч гар нийлж ажилласан. Ингээд 1979 онд буюу жил гаруйн дараа киногоо хийж дуусгасан. Гол дүр Бушхүүд дүрд Ганбат гэж цэрэг тоглосон. Түүнийг киноны уран бүтээлчид монгол дүр төрхтэй, мөн үзэгчдийн анхаарлыг татаж чадна гэж дүгнээд сонгож байлаа. Харамсалтай нь тэрбээр тэнгэрийн оронд эрт заларсан.
Хослол зургийн зураглаач, төрийн шагналт Л.Шаравдорж:
-Энэ киног хийхэд хэцүү зүйл их байсан. Өмнө нь хослол зургийн аргаар зураг авалт хийж байгаагүй учраас зарим үед зохиолоо өөрчлөх хэрэг гардаг байлаа. Киноны хамгийн хэцүү зураг авалт гэвэл Бушхүү, Лусын охин хоёр ус руу ордог хэсэг. Зураг авахын тулд Улаанбаатараас усны тэрэг аваачиж маш том нүх ухан түүнийгээ усаар дүүргэж байж ажилласан. 1979 онд киногоо дуусгачихаад их лхөөрч, догдолж, баярлаж байлаа шүү дээ.
Ардын жүжигчин Л.Цогзолмаа:
-Юуны өмнө киноны нийт уран бүтээлчдэдээ баяр хүргэе. Миний дүр хэдийгээр хоёр өгүүлбэр хэлж, цөөхөн хором гардаг боловч намайг тухайн үед тоож тоглуулсан уран бүтээлчдэдээ талархаж явдаг. Миний залуу нас “Бушхүүгийн үлгэр”-ийн Наран ээжийн дүрд хальснаа мөнхрөн үлдсэнд маш их бэлгэшээж баярлаж явдаг. “Тэсвэр тэвчээр шаардсан бүтээлүүдийн нэг нь “Бушхүүгийн үлгэр” байлаа.
Ардын жүжигчин Н.Сувд:
Уран бүтээлчдийн хийсэн бүтээл дэлгэцэнд мөнхрөөд өнөөдөр 33 жилийн ойтойгоо золгож буй нь тун таатай байна. Миний хамгийн их тэвчээр гаргаж авахуулсан кадр гэвэл нарийхан банзан дээр хөлөө нугалан сууж байгаад авахуулдаг хэсэг байсан. Үнэхээр их тэсвэр тэвчээр гаргасан. Тэр нарийн банзан дээр олон цаг хөдлөлгүй сууж зураг авалтаа амжилттай дуусгаж байлаа. Уран бүтээл гэдэг өрсөлдөөн. “Бушхүүгийн үлгэр” киног чанартай уран бүтээл болгохын тулд баг бүрэлдэхүүнээрээ хичээсэн. Үүний үр дүнд өнөөдрийг хүртэл үзэгчдийн үзэх дуртай кино хэвээр байгаа гэж бодож байна.
Улсын заан Д.Долгорсүрэн:
“Бушхүүгийн үлгэр”-т миний 32 настай дүр мөнхөрсөн юм. Сайхан кинонд тоглосондоо баярлаж явдаг. Тоглосон түүх их сонин. Нэг өдөр хотын төвөөр явж байтал Дэндэв гуай тааралддаг юм байна. Тэгээд намайг Кино үйлдвэрт яваад оч гэсэн. Би ч очлоо. Намайг ороход киноны уран бүтээлчид бүгдээрээ байсан. Тэгтэл Дэндэв гуай “За Хүдэр минь энэ дээ, дагуулаад л ирлээ шүү дээ” гэтэл тэнд байсан хүмүүс бүгд “Яг мөн байна” гээд уг кинонд тоглуулахаар болсон юм. Ингэж л би ээжийгээ гэртэйгээ өргөөд явдаг Хүдэр хэмээх залуугийн дүрд тоглосон доо. Кинонд тоглосныхоо дараа сумын төвийн улаан буланд очиж үзэх гэж их л яардаг байж билээ.