Беларусийн нийслэл Минск хотноо арванннэгдүгээр сарын 8-11-нд самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Эрэгтэй, эмэгтэй болон байлдааны самбо бөхийн төрлөөр явагдсан энэ удаагийн ДАШТ-д 64 орны хүчтэнүүд оролцсон нь дээд амжилт болжээ. Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 56 кг-д хүч сорьсон жүдо бөхийн ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа Болгарын Калина Стефановаг ялан дэлхийн аварга цол хүртэж, 60 кг-д 2005 оны дэлхийн аварга Түмэн-Одын Баттөгс мөнгө, 52 кг-д Сампилын Солонгогэрэл хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
21 настай залуу тамирчин Д.Сумьяагийн хувьд энэ онд жүдо бөхөөр “Лондон-2012” олимпийн наадмын татамид зодоглож, эх орондоо болсон “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, Азийн АШТ болон Олон улсын жүдогийн холбооны гранпри тэмцээнээс анх удаа хүрэл медаль зүүгээд байгаа билээ.