-Орон нутгийн энэ удаагийн сонгууль УИХ-ын сонгуулиас ч дутахааргүй олны анхаарлыг татсан, нэлээд өрсөлдөөнтэй болж байх шиг санагдаж байна?
-Тийм ээ. Нийслэлийн дүүргүүдийн хороодоор явж сонирхоход сурталчилгаа өмнөхөөс илүү эрчимтэй, орон нутгийн сонгуульд нэлээд ач холбогдол өгч байгаа нь харагдаж байгаа юм. Гэхдээ аливаа зүйл эерэг, сөрөг хоёр талтай байдаг. Нэг талаар сайн боловч намууд сонгуулийг том, жижиг гэхгүй маш их мөнгө, хөрөнгө цацаж байгаа нь эргээд улс төрийн бүхий л төвшинд баг, хороо, дүүрэг, дээшээ УИХ хүртэл өнөө л “аалзны тор” шиг бохир санхүүгийн байдлаас гарч чадаагүй байна гэдгийн жишээ. Миний амьдардаг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд гэхэд л АН-ын гэрээр оруулж өгч байгаа сурталчилгааны материал, байшингийн булан тохой болгонд штаб байгуулж, туг далбаа хатгасан гээд тооцоод үзэхэд тухайн тойрогт бараг л УИХ-ын сонгуулиас илүү хөрөнгө зарцуулж байгаа нь илэрхий байна. Энэ нь гарцаагүй санаа зовних асуудал. Аливаа зүйлийг улс төрчид маань хэтрүүлдэг зантай. Санаа нь зөв боловч хэрэгжүүлэх болохоороо буруу тал руу хазайчихдаг. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг. Орон нутгийн сонгуульд өндөр ач холбогдол өгөх нь нэг талын сайн байвч хуулийнх нь тогтолцооноос эхлээд дэндүү их намчирхсан, талцсан, санхүү бизнес, улс төрийн бүлэглэлээр хуваагдсан байдлыг улам даамжруулж байх шиг байна. Ингэж нэр дэвшигчдийг намуудаар талцуулж байхын оронд СЕХ, бүх шатны сонгуулийн байгууллагууд иргэд, сонгогчдын идэвхийг сайжруулж ажиллах хэрэгтэй. Ер нь орон нутгийн сонгуульд сонгогчдын идэвх их сул, ирц бага байдаг. Энэ удаа сонгогчид маань ач холбогдлыг нь үнэлж, зөв өнцгөөс харж идэвхтэй оролцох болов уу гэсэн горьдлого төрж байна. Гэхдээ МАН, АН-ын сонгуулийн сурталчилгаанаас бохир мөнгө үнэртэж байна. Иймд хамгийн хүнд нөхцөлд юм хийе, бүтээе, зүтгэе гэж байгаа, улс төрийн хамгийн том хохирол амсч буй МАХН тэргүүтэй “Шударга ёс” эвслийн нэр дэвшигчдийг дэмжээрэй, сонгуульдаа идэвхтэй оролцоорой, өөрсдөө бас хяналт тавиарай гэж сонгогчиддоо уриалж байна.
-АН-аас нэр дэвшигчид тухайн хороондоо телевизийн антенн, төслийн зуух үнэгүй тарааж байгаа талаар иргэд ярьж байна. Хүмүүсийг хөрөнгө мөнгөөр татаж, “тархийг нь угаадаг” хууль бус үйлдэл бас л давтагдах нь ээ?
-Телевизийн антенн үнэгүй тараахад хэчнээн төгрөг болох билээ. Дүүргийн ИТХ гэдэг тухайн хорооныхоо иргэдтэй тулж ажилладаг, ахуй амьдралынх нь асуудалд шийдвэр гаргадаг байгууллага.
Гэтэл хэдэн тэрбум төгрөгийг баруун солгойгүй цацаад сонгогдсон хүн дөрвөн жил яаж ажиллах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, “шархаа нөхөх”-ийн төлөө иргэд бидний талхны мөнгөнөөс хумслана гэсэн үг. Энэ нь иргэдийн төлөөллийн байгууллагын “хумслах”, авилга авах хөрсийг бий болгож байгаа юм. Энэ удаад ч мордохын хазгай гэгч болсон. Ер нь цаашдаа орон нутгийн сонгуульд холимог систем, намын жагсаалт хэрэггүй. Ялангуяа дүүрэг, хороо, багийн хэмжээнд иргэдийн төлөөллөөр нэр дэвшдэг, сонгодог болбол үр дүнтэй байх болов уу. Өөрөөр хэлбэл, тухайн сум, дүүргийн тодорхой тооны иргэдийн дэмжлэгийг авсан хүмүүсийг намууд давхар дэмжиж, нэр дэвшигч болгодог байх жишээний. Тухайлбал иргэн Доржийг хорооны 500 иргэн дэмжиж гарын үсэг цуглуулсан нөхцөлд тухайн намаас дэмжиж сонгуульд оролцоно гэсэн үг.
-Сонгууль болоход долоо хоног үлдлээ. Шударга болж чадах болов уу?
-Шударга болно гэдэгт эргэлзэж байна. Өмнө нь орон нутгийн сонгуульд ач холбогдол өгдөггүй байсан болоод ч тэр үү, маш их маапаан будлиан ордог байсан. 2008 оны орон нутгийн сонгуульд Улаанбаатарт сонгогчдын ирц хүрээгүй. 48 хувь хүрэхтэй үгүйтэй байсныг булхайгаар өндөр хувьтай гэж зарлаад хүчинтэй болгосон жишээ бий. Ер нь хотод сонгуулийн ирц тааруу байдаг. Өндөр хувь гарах юм бол ямар нэг будлиан байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, компьютерийн автомат систем сонгуулийг хамгийн их будлиантуулдаг хэрэгсэл болчихоод байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн эргэлзээ тайлагдаагүй байхад автомат системээр сонгууль явуулахаар шударга болж чадна гэдэгт эргэлзэхээс аргагүй. Давхар хяналтын механизм бүрэлдээгүй байна. Автомат системийн тохируулга, программ, тоолдог бүх зүйл нь хүний оролцоотой. Хяналтын хэдэн тойрог аваад гараар тоолъё гэхээр АН хэрэггүй гээд гүрийчих жишээтэй. Автоматжуулсан систем бол сонгуулийн ажлыг шуурхайлах төхөөрөмж. Энэтхэг зэрэг тэрбум шахам сонгогчтой улсад хүртэл автомат системийн зэрэгцээ гараар хяналтын тооллого хийдэг. Сая гаруйхан сонгогчтой манайд хяналтаа сайжруулаад ажиглагчдынхаа хариуцлагыг өндөржүүлж, эрхийг нээлттэй болгоод гар аргаараа тоолж байсан бол болохгүй зүйл байхгүй. Өөрсдөө хүндрэл үүсгээд байна. Нэг тойрогт олон мандаттай хүмүүсийг чихэлдүүлж толгой эргүүлээд дараа нь тэр саналын хуудсаа тоолох гэж “цаг наргүй ажиллалаа” хэмээн гомдоллож хоёр гурван хоногоор сунжруулах ямар хэрэг байна.
-Ер нь улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд хууль бус явдал улам бүр гаарах боллоо?
-Арай хэтэрч байна. Ний нуугүй хэлэхэд, АН-ынхны тунхаглаад байдаг хүний эрх улайм цайм шууд зөрчигдөж байгаа маш олон жишээ бий. Би МАХН-ыг улс төрийн хүчний хувьд хэлмэгдэж, хохирч байгаа нам гэж үзэж байна. Яагаад гэвэл, улс төрийн хилс хэрэгт гүтгэгдсэн МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын асуудлыг шударгаар шийдэж чадахгүй өдий хүрлээ. Үүнийг хүн болгон мэдэж байгаа. Олон улсын ажиглагч нар ч улс төрийн өнгө аястай асуудал гэж үзэж байна. Интерпол нь хүртэл асуудалд оролцохоос татгалзаж дургүйцээд байхад “Бид нар шударга байна аа” гээд байгаа прокурор, шүүгч, хөшигний ард байгаа улстөрчдөд ичээч ээ гэж хэлэхэд зөөлдөнө. Тэдэнд хаяглах үгс даанч хэвлэлээр хэлэхэд арай бүдүүлэг юм даа. ТВ-гээр цензуурддэг “бип-бип” гэсэн дохиог хэлчихье.
Хоёрдугаарт, хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг уландаа гишгэж байна. Энэ олон сайтыг цэгцлэх нь зөв. Хүнийг доромжилдог, элдвээр харааж зүхдэг, хяналтгүй тэр олон комментыг цэгцлэх нь соёлтой улс оронд байдаг асуудал. Гэтэл манайд үүнийг далимдуулаад үнэн шударга зүйл бичдэг сайтуудыг хаах маягаар шууд хяналтдаа авч байна. ТВ-9-ийг ч ийм маягаар дарамталж байгаа нь илэрхий. Ер нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг үл ажиглагдах байдлаар мөлхөө замаар сүрдүүлэн айлгаж, заримыг нь мөнгөөр худалдаж авч байгаа нь шударга ёс гэж үү. Сүрдүүлэг гэдэг дарангуйллын шууд илэрхийлэл. Ийм байдлаар сайт, ТВ, цаасан хэвлэлүүдийг авах оролдлогыг ичгүүр сонжуургүй хийж байгааг гайхаж байна.
Хэдийгээр “Шударга ёс” эвсэл УИХ, шинэчлэлийн Засгийн газарт төлөөлөлтэй ч гэсэн хэтэрхий цөөдөж байгаа юм. Олонхийн гишүүд манай хэдэн хүнийг асуудал шийдэхэд байсан шүү дээ гэж буруугаа чихэх маягаар хандахыг үгүйсгэх аргагүй, ийм өнгө аяс харагдаад байна. Ингэж болохгүй ээ, Н.Алтанхуяг Ерөнхий сайд аа. Уг нь улс орныхоо төлөө хийе бүтээе, өнгөрсөн дөрвөн жил зогсонги байсан томоохон төслүүдийг анхаарч байгаа тань сайшаалтай хэрэг. Дэмжиж байна. Гэхдээ Ерөнхий сайд гэдэг бол улс орны эдийн засаг, аж ахуйн ажлыг нэн даруй шийдэх ёстой хариуцлагатай хүнээс гадна Ерөнхий сайд Монгол Улсын хамгийн том улс төрийн албан тушаалын нэг шүү. Улс оронд ардчиллын үндсэн зарчмуудыг яаж уландаа гишгэж байгааг,бусармаг үйлдлүүдийг зүгээр хараад суухгүй, ухаантай, боловсролтой хүний хувьд арга хэмжээ авах байх гэж аргаа бараад, горьдлого тасраад таниас гуйж байна. АН бүр олуулаа гэж орон нутгийн сонгуулиар сурталдаж байна. Бүрэн хяналтаас гарахыг тэд хүсч байна. Эрээ цээргүй, хяналтгүйгээр олуулаа идэж ууж дуусгана гэж орчуулж болно. МАН-тай бол ярих юм алга, ерөөсөө бүтэхгүй гэдгээ бүрэн харуулсан.
-Ингэхэд Монголын улс төр учир зүйгээ олохгүй самуурч, манан дунд төөрч будлиад байна уу?
-Манан гэдгийг өмнө нь МАН, АН-тай холбож байсан бол одоо олигархийн манан бүр намаг болчихоод байна. Олигархийн намагт живж гүйцлээ. Эцсийн амьсгал тасрахаас өмнө “Шударга ёс” эвслийн цөөн хүмүүсийн дэвшүүлээд байгаа санал санаачлагыг дэмжээч ээ. Ингэж байж намаг балчигаас гарна.
-Та хэнээс ч айж эмээхгүйгээр шударга үгийг шуудхан хэлдэг. Үүнээс болоод ямар нэгэн дарамт шахалт ирдэг үү?
-Ирэлгүй яахав дээ. Би мөнхийн сөрөг хүчин шиг, ямар ч төр, засгийн үед “гудамжинд лаазандаа” гэдэг шиг явдаг. Хувь хүнийхээ хувьд улс орондоо хэрэгтэй зүйл хийхсэн гэж бодолгүй яахав. Юм хиймээр, бүтээмээр байна. Гэтэл надад ийм боломж олгохгүй байна. Нүүрэн дээр нь үнэнийг шуудхан хэлчихдэг хүнд өрөөлийнх ч, өөрийн ч зарим нэгэн сайн байдаггүй шүү дээ.
-Та яагаад УИХ-ын сонгуульд өрсөлдөөгүй юм бэ?
-Энэ надаас хамаараагүй зүйл болсон гээд л хэлчихье. Илүү дэлгэрэнгүй яриад яахав. Нөгөөтэйгүүр, миний маш их хүндэтгэдэг, Монголын лидер улстөрч гэж үздэг хүн хэлмэгдэлд өртсөн нөхцөлд би хувьдаа ямар ч хамаагүй үнээр нэр дэвшээд УИХ руу улайран зүтгэх сонирхол ний нуугүй хэлэхэд байгаагүй. Яагаад гэвэл, миний нэгдүгээрт тавьсан зүйл маань Н.Энхбаяр даргыг суллах, улс төрийн хэлмэгдэлд өртсөн гэдгийг олон нийтэд таниулах, хүндэтгэдэг лидерээ дэмжих нь хамгийн чухал асуудал. Аливаа үндэстэн шилдэг хүмүүсээ хавчиж гадуурхах,хэлмэгдүүлэх, хохироож эхэлбэл мөхөхийн дохио гэдгийг олон эрдэмтэн мэргэд, түүхч, гүн ухаантнууд ном судартаа бичсэн байдаг. Монголын түүхээс ч харахад Чингүнжав ванг хилсээр Хятадад аваачиж хороосон, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар харь нутагт амиаа алдсан гээд жишээ зөндөө бий. Хожим цагаатгаж байна гээд хэдэн зуун хөшөө босгоод яах юм бэ. Б.Дашбалбар агсны хэлсэн “Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ” гэдэг үг шиг үнэн зүйл алга. Энэ үгийг хүн болгон мартахгүй байвал Монголын нийгэм, улс төр илүү цэвэр болж магадгүй. Гэтэл мөнгө, баялаг, зоос гэдэг билгийн нүдийг сохлодог юм байна. Гэхдээ би бусад эх орончдын адил гадаад гүрнүүдийн алсыг харсан стратеги бодлого Монголд нэвтрээд байгааг үгүйсгэхгүй. Харин манай томчууд тусгай эрх мэдэл авчихаад үг дуугүй, дуртайяа утсан хүүхэлдэй болж байгаа нь Монголын эмгэнэл. Нийгмийн их өөрчлөлт болсон ороо бусгаа онуудад 22 жил улс орныхоо төлөө асар их хүнд ачаа үүрэн зүтгэж явсан хүнд хилс хэрэг тулган, бие сэтгэл, эрүүл мэнд,оюун санаагаар нь хохироож байгаа явдлыг гардан зохион байгуулагчид монгол үндэстнийхээ өмнө уучлалшгүй нүгэл хийжээ гэж шуудхан хэлнэ. Н.Энхбаяр сайн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. УИХ-ыг удирдаж байхад нь улс оронд хэрэгтэй олон чухал хууль батлагдсан. Улсын Ерөнхийлөгч байхдаа гадаад яваад ирэхдээ хөнгөлөлтэй зээл, хандив тусламж гээд ганзага хоосонгүй ирдэг байсан тухай олон сайн мэдээ сонсож байлаа. Өнөөдрийнх шиг Иранд очоод булш бунхан үзээд, шарилын газрыг эргээд ирлээ гэсэн мэдээ сонсч байгаагүй гэдгээ шулуухан хэлчихье. Сайн ажиллаж байсан улсынхаа Ерөнхийлөгчийг шоронд хийчихсэн. Энэ нь дэлхий даяар шившиг болж байна шүү дээ. Түүнээс гадна хийх ажилгүй, ямар ч боловсролгүй, бүтээсэн материаллаг зүйлгүй, амны салиа нь арилаагүй хэдэн сагсуу залуус өдөржингөө интернэтэд цагаа нөхцөөж, дэмий балай зүйл бичиж байна. Н.Энхбаярыг “Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хийж байсан одоо бол оо ш дээ, ямар шуналтай юм бэ” гэж хэлж байгаа нь харин ч өөрсдөө ямар Монголоо алдчихсан юм бэ. Монголчууд эрт дээр үеэсээ ийм сэтгэхүйтэй байгаагүй шүү. Зарим залууст хатуухан хэлэхэд, гэрийнхээ хэдэн тавгыг олигтойхон угаачихаж чадахгүй байж өдөржин шөнөжин компьютерын өмнө наалдчихдаг, наад захын мэдээллийг шүүж чадахгүй, толгой тархи нь төлөвшөөгүй байж хүнийг доромжилж бичдэг. Энэ нь Монголын хүн болгоны оюун санааг хордуулж гүйцлээ. Арай хэтэрхий байна. Нэргүй коммент дээр бүдүүлэг, хараалын үг хэрэглэж болохгүй гэх зэргээр бага зэргийн хяналт тавих нь зөв. Гэхдээ үүнийг далимдуулаад сайтуудыг нэгмөсөн арчиж хаях бодлого явуулж болохгүй гэдгийг дахин хэлье.
-Улс оронд хамгийн их тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн засч залруулмаар байгаа талаар судлаачийн хувьд та юу хэлэх вэ?
-Юуны түрүүнд, хүн бүхний анхаарлыг татаад байгаа хэлмэгдүүлэлтийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийнхэнд үзүүлж байгаа дарамт шахалтаа зогсоох хэрэгтэй. Сөрөг хүчнийхээ үгийг сонсох нь чухал. Шударга ёс эвслийн төлөөлөл цөөн хүнийхээ үгийг сонсч, илүү хүндэтгэлтэй хандаж, тэдний санаа бодлыг аливаа асуудалдаа шингээж шийдэж хэрэгжүүлж байгаасай гэж хүсч байна. Түүнээс биш хэдэн сандал ширээ, албан тушаал,квот хуваарилах маягаар эвсэж ажиллах юм бол бид дахиад л юуг ч өөрчилж чадахгүй. Эвсэлд тооны хувьд бага байгаа ч гэсэн цөөнхийн хамтрагч гэдэг бол нийгэмтэйгээ илүү ойрхон олон түмэнтэйгээ хүйн холбоо нь тасраагүй, илүү соргог байдаг. Илүү олон болсон улс төрийн хүчин хүссэн хүсээгүй дээшээгээ гарчихсан учраас бодит амьдралаас холдчихдог. Ийм учраас олонх болсон улс төрийн хүчин цөөнх хамтрагчийнхаа саналыг илүү хүндэтгэлтэй хүлээж авах ёстой. Яагаад гэвэл,тэднээр дамжин нийгмийн дуу хоолой очиж байгаа.
-Сүүлийн үед улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо эрс нэмэгдлээ.Энэ удаагийн орон нутгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ихэнх нь бүсгүйчүүд байна?
-Ар гэрээ авч явсан, амьдралын ухаан, туршлага хуримтлуулж, өөрсдийгөө боловсруулж чадсан нийгмийн томоохон хэсэг бол эмэгтэйчүүд байдаг. Шилжилтийн ороо бусгаа 9О-ээд оноос хойш боловсорч чадсан бүсгүйчүүд маань одоо улс орондоо зүтгэх цаг үе нь бодит байдал дээр зайлшгүй ирж байна.
-Өөрийг тань хурц дайчин үгтэй, шүүмжлэгч гэдгээр хүмүүс сайн мэднэ. Харин хувь хүний тань хувьд тэр бүр сайн мэдэхгүй байх?
-Би Улс төр, стратеги судлалын төв ТББ-ын захирлаар ажилладаг. Аль ч улс төрийн хүчин, нам, эвсэл, улстөрчдөд зөвлөгөө өгч, энэ чиглэлээр хамтарч ажилладаг. Гэхдээ эсрэг тэсрэг үзэл бодолтой хүмүүсийн дунд гүйгээд байдаг гэж ойлгож болохгүй л дээ. Бодит судалгааны үр дүнг л үнэн зөвөөр хүмүүст хэлдэг. Үүнийг хэрхэн хүлээж авах нь тухайн хүний асуудал. Өнгөрсөн 2О-иод жилийн хугацаанд улс төрийн процесс судлаад яг мэргэжлийн хүний үүднээс яаж ажиллах ёстой вэ гэдэгт хувь нэмрээ оруулсан. Онолын хэдэн сурах бичиг, ном, гарын авлага бичих биш улс төрийн яг үйл явдлыг, практик дээр ямар байгааг судласан. Улс төрд хэвшмэл болсон хэлц үг, ойлголтуудыг тодорхой хэмжээгээр нэмсэн. Тухайлбал, “олигархи дэглэм, бялуу хуваах” гэхчлэн миний гаргасан үг одоо бүр улс төрийн хүрээнийхний дунд хэвшмэл болчихоод байгаа. Ийм үг олон бий. Хувь хүнийхээ хувьд эгэл жирийн монгол эмэгтэй. Шударга бус зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй, ийм зүйлд үнэхээр дургүй. Багаасаа л, 10 жилд байхдаа л ангийн “атаманууд” охидыг, чац багатай, сул дорой хөвгүүдийг дээрэлхэхэд дуугүй өнгөрдөггүй нэгэн байлаа.