Хамгийн гол нь айхтар сүрхий бодлогууд бодуулна. Тогтсон томьёо, нэгдсэн арга барилаар бодох арга үгүй, сэтгэхүйн, бүтээлч сэтгэлгээний талын бодлогууд бодуулна. 1960 оны Пионерская правда дээр ийм бодлого байлаа гэж ирээд даалгавар өгнө. Ер нь тэр 60-аад онд Зөвлөлтийн шинжлэх ухаан сүрхий ахиж, математик, физик, сансар судлал гээд олон салбарт тэргүүлэх болсон нь тэр үеийн хүүхдийн сонинд тусгалаа олсон хэрэг биз ээ.
Wired сэтгүүлийг үүсгэн байгуулалцсан сэтгүүлч Кэвины бичсэн “Технологи юу хүсэж байна” номын хэдэн хуудас эргүүлж суугаад ЗХУ-н шинжлэх ухааны хөгжлийг АНУ-н технологийн хөгжилтэй, оросын академик боловсролын системийг америкийн бүтээлч сэтгэлгээний системтэй харьцуулсан хэсгийг амтархан уншаад цахим өртөөгөөр товч имэйл бичээдэхсэн нь овоо хэдэн хариу авсан хэлэлцүүлэг болсон бөгөөд Купрюхин багшийн хичээлийн талаар олон дурдатхал буцаан төрүүлж билээ.
Өнгөрсөн зун “ОНИ и УИР” хичээлийн лекцийн дэвтрийн хэдэн хуудсыг эргүүлж сонирхон сууж овоо хэдэн бодлого даалгаврыг эргэн харж ижил төстэй хэд хэдэн тохиолдол гарснаас үүдэн хэдэн зүйл энд өгүүлсү.
“Аюулаас хамгаалахын чекист их ухаалаг, хүнд гэмт хэрэгтнийг мөрдсөөр вокзалын тээш хадгаламжийн хайрцагт юм нуусныг олж мэдлээ. Ингээд хайрцгийн түлхүүр кодыг 1242 хэмээн тайлж уншаад нээсэнгүй, яагаад?” гэсэн бодлого даалгаварт өгч хариуг нь бид бодож олж дөнгөлгүй хэдэн долоо хонож билээ. Асуудлыг гол нь бодлогын тавил агуулга буюу хулгайчид бус өгөгдсөн тооны математик гаргалгаа зүй тогтолд бус шүү, та нар өөрөөр сэтгэ гэж нэмэлт тодруулга авч байж бодож билээ.
Гэтэл саяхан “White collar” гэх ТВ олон ангит цуврал үзэхээр суутал хамгийн эхэнд холбооны мөрдөн байцаах товчооныхон нууц сейф онгойлгохоор оролдож байтал код нь 629 гэж гараад сэйфийг нээхийн өмнө тусгай агент “битгий онгойлго” хэмээн хашгирсан ч нөгөө хэд дуулалгүй нээж бөмбөг дэлбэрдэг. 629 гэдэг чинь fbi гэсэн үг, биднийг ирнэ гэж мэдэж бэлтгэсэн байна хэмээн мань хүн тайлбарладаг нь цагаан толгойн дарааллаар F зургаа дахь, B хоёрдох, I нь ес дэх үсэг бөгөөд ОНИиУИР-н бодлогын хариутай санаа ижил юм. К нь цагаан толгойн 12, Г нь 4, Б нь 2 дох үсгүүд бөлгөө.
Лекцийн дэвтэрт байсан бидний бодож чадахгүй удсан бас нэгэн бодлого анхаарал татсан нь яг ижил санаа Поундстоны “Гүүглд ажиллах ухаан танд бий юу” номын нэгэн бодлогод гарсан байв. Багшийн даалгавар “ППП, ППК, ПКК, ПП, … дараагийнх ямар дараалал вэ?” гэж байсан бөгөөд Гүүглийн техникийн ажилтан шалгаруулах бодлого “SSS, SCC, C, … дараагийнх нь юу вэ?” гэж байв. 60-аад оны Оросын Пионерийн үнэн сонин хуулсан уу, 89 оны Купрюхин багш өөрчилсөн үү, тэрбумтан болж хөлжих ухаантай Стэнфордын оюутнууд сэтгэсэн үү гэдгийг үл өгүүлээд бодолтыг харвал П,К,S,C тус бүр прямой, кривой, straight, curve гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд монголчилбол шулуун, гүдгэр гэсэн утгатай бөгөөд А үсэг гурван шулуун, Б үсэг хоёр шулуун нэг гүдгэр, В үсэг шулуун, хоёр гүдгэр, Г үсэг хоёр шулуун шугамаар тус тус тэмдэглэгдэх тул дараагийн үсэг Д буюу таван зураас буюу ППППП бол багшийн бодлогын хариу, ABC гээд D буюу SC нь Гүүглийн бодлогын хариу байлаа.
Уямж зохиогч шалгаруулж авах ярилцлагуудад оролцох даалгавартай болж ярилцлагын талаар болон бодуулдаг бодлогуудтай зууралдсан тул хэдэн ном эргүүлж төрсөн санаануудаас энэхүү бичлэгийг хийв. Өмнө өгүүлсэн сүүлчийн бодлогын кирилл үсгийн дараалалтай бодлогыг англи үгийн тэмдэглэгээгээр илэрхийлж жиргээгээр бодуулсанд цөөнгүй жиргээч гоё бодолтууд хийж хариу өгсөн бөлгөө.