Европын холбооны орнуудад жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Европын холбооны орнуудад жагсаал болжээ

Европын холбооноос ирэх оны төсвөө хэлэлцэж буйтай давхцан тус холбооны олон оронд эсэргүүцлийн жагсаал болсон байна. Европын холбооны орнуудын олон мянган ажилчид сүүлийн үед ажилгүйдэл нэмэгдэж, хэмнэлтийн хатуу бодлого хэрэгжүүлж буйг эсэргүүцэн ийнхүү жагсчээ. Европын холбооны Испани, Португаль зэрэг орнуудын ажилчид цалин, тэтгэвэр, урамшууллыг хасч, татварыг нэмэгдүүлж буйг эсэргүүцэж байгаа бөгөөд жагсаал газар авч, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарснаас нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэг үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьсан байна. Энэхүү мөргөлдөөний улмаас олон хүн гэмтэж бэртэн, олон тооны жагсагчид баривчлагджээ. Эсэргүүцлийн жагсаал Европын холбооны 23 оронд их, бага хэмжээгээр үргэлжилж байгаа бөгөөд Грек, Франц, Белги  зэрэг орнуудад жагсаал газар авах хандлагатай байгаа аж. Түүнчлэн Европын холбооны орнуудын ажилчдын эсэргүүцлийн жагсаал цуглаанаас болж олон зуун онгоцны нислэг цуцлагдаж, олон мянган зорчигчид нисэх буудлын хүлээлгийн танхимд саатаад байгаа юм байна. Европын холбооны статистик үзүүлэлтээр тус холбооны ажилгүйдлийн түвшин 15.8 хувьд хүрчээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж