Хуулийн салбарт “салхи” орлоо

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Хуулийн салбарт “салхи” орлоо

Монголд ардчиллын салхи сэвэлзсэнээс хойших 22 жилд цэнгэг агаар нэвтрэлгүй үлдсэн ганц салбар нь хууль, шүүхийн байгууллага гэдэг. Тэгвэл шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ салбарын хаалгыг зоригтой нээж салхи  оруулж эхэллээ. Түүний нэг жишээ нь уржигдар Төрийн ордонд болсон Хуулийн салбарын шинэчлэлийн чуулга уулзалт болов.

Цагдаа “мангаа” биш болно

Цагдаа гэхээр ихэнх хүнд тийм ч эерэг сэтгэгдэл төрдөггүй. Ширүүн харц, зандчиж аашилсан үг хэлнээс нь болоод хэрэг хийсэн нь бүү хэл хулгай дээрэмд өртсөн, алдсанаа мэдүүлэх гэж очсон гэмгүй хүн ч ширвээтмээр. Тэгвэл хуулийн салбарт хийх шинэчлэлтийн үр дүнд цагдаа гэдэг албан тушаал хүн айлгадаг биш, алдаа гаргасан хүнийг засч авдаг, энгийн иргэдийг бол хамгаалдаг жинхэнэ утгандаа орох гэж байна.

Ийм болгохын тулд Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулахих сургууль болгож өөрчилсөн. Өнгөрсөн зууны 30-аад оны хэлмэгдүүлэлтээс үүдээд монголчууд Дотоод яам, дотоод хэрэг гэдэг үгэнд “харшилтай” болчихсон юм. Цагдаа нар ч “дотоод хэрэг” гэдэг нэрнээсээ болоод нийтэд үйлчилдэг алба бус хүн айлгадаг “ногоон малгайт” ах нар шигээ загнадаг болчихсон. Цагдаа нарыг иргэдтэй зүй зохистой, ёс зүйтэй харилцдаг болгохын тулд 45 хоногийн курс гэдгийг зогсоохоор болжээ. Дор хаяж хоёр жил хагасаас гурван жил хагас номын дуу сонсч төлөвшиж байж цагдах эрх олж авдаг болох гэж байна. Харилцааны соёлтой, бас толгойдоо номтой болж гарна гэсэн үг. Эрүүгийн хэргийг мөрдөж шалгадаг мөрдөгч “Деррикүүд”-ийг тусад нь, иргэдэд үйлчилж хэв журмын зөрчлөөс хамгаалдаг хэв журмын цагдааг бас тусгайд нь бэлтгэдэг болж байна. Хэв журмын цагдаагийн байранд иргэд чөлөөтэй орж гарч дэмжлэг туслалцаа авч болох бол мөрдөх албаны байраар хэн дуртай нь шагайх ёсгүй. Мөрдөх алба жинхэнэ аюултай гэмт хэрэгтнүүдийг мөшгиж барьж, шалгаж байцаах учраас тэр. Ингэж бидний мэддэг цагдаа гэдэг ойлголт илүү өргөжиж, салбарлаж эхэлж байна. Цагдаа гэдэг алба гэмтэй гэмгүй бүхнийг айлгаж, хялайдаг “мангаа” биш болох нь.

Хуулийг нь бас шинэчилнэ

Хууль, хяналтын байгууллагын ажилтнуудыг харилцааны соёлоос нь эхлүүлээд шинэчлэхээс гадна барьж мөрддөг хуулийг нь шинэчлэх гэж байна. Юм л бол Эрүүгийн хуулиар далайлгаж авлига, хээл хахууль авч, мөнгөтэйг нь суллаж, мөнгөгүйг нь шорон руу илгээдэг гаж тогтолцоог үүгээр эвдэх ажээ. Хууль нь сайжраад ирэхээр хуулийн өмнө  иргэн бүр тэгш гэдэг зарчим жинхнээрээ хэрэгжих гэж байна. УИХ-аар 2002 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хууль хамгийн хатуу гэгддэг. Монгол Улс шоронжсон орон болоход энэ хууль ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ч гэдэг. Тэгвэл тун удахгүй УИХ-д өргөн барьж шинээр хэлэлцүүлэх гэж байгаа хуулиудын нэн тэргүүнд Эрүүгийн хуулийг тавьжээ. Түүний араас Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Мөрдөх албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай зэрэг багц хуулийн төслийг өргөн барихаар болсон байна.

Албан хаагчид, тэдгээрийн барьдаг гол хуулиудыг шинэчлэхээс гадна Хууль зүйн яам хаалга үүднээсээ шинэчлэлтээ эхлүүлжээ. Үүний жишээ нь Хууль зүйн яам ордог хаалганыхаа шатны зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй  иргэдэд зориулан өгсч уруудах налуу зам засч улаан хивс дэвссэнээс гадна хүлээлгийн танхимыг шинээр тохижуулжээ. Аймаг, сум, дүүргийн шүүх, цагдаагийн газруудыг ч ийм болгоно гэж байгаа. Дээр нь цагдаагийн албан хаагчид тусгай стандарт мөрдөж ажиллахаар болжээ. Нэг нь цахилгаан бороохой, нөгөө нь модон бороохой, бас нэг нь өмдний тэлээгээр хүн ороолгож болохгүй гэсэн үг л дээ.

Эмнэлэг яав?

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг одоо Хууль зүйн яамны мэдлээс гарч Батлан хамгаалах яамны мэдэлд шилжин Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд нэгдсэн. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг гэсэн нэртэй болжээ. Засгийн газрын хуралдаанаас тэгж шийдвэрлэсэн юм. Хууль зүйн сайдын илтгэлдээ дурдсанаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч нар тэгтлээ ч сүрхий иргэд, жирийн алба хаагчдад үйлчилдэггүй байсан бололтой. Ядахдаа л саяхан Тувагийн дээрэмчдийн галт зэвсэгт өртөн шархадсан Завханы хилчинд тэд туслаагүй юм байна. Хоёр эмнэлгийг нэгтгэснээр 50 тэрбум төгрөгийн өртөгтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардлыг хэмнэх тооцоо гарчээ. Эмнэлгийн дуусах гэж байгаа барилгад Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн байрлаж, нэг, хоёрдугаар давхраар  иргэд чөлөөтэй үйлчлүүлэхээр болжээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Шүүх, хууль, прокурорын байранд иргэдэд зориулсан орон зай заавал байх ёстой. Тэд гадаа гудамжинд чулуу нясалж өдрийг бардаг байж таарахгүй” хэмээн УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр хэлж байсан нь үүгээр биеллээ олох ажээ.

Дэд бүтцээ сайжруулна

Хуулийн шинэтгэлийн хүрээнд дэд бүтцээ сайжруулна гэж байна. Энэ нь зам талбай, гүүрээс тэс өөр дэд бүтэц л дээ. Эрүү, иргэний шүүх хурлыг ганц танхимд хийхгүй байх, умгар давчуу тасалгаанд сэжигтэн, шүүгч, хохирогч, өмгөөлөгч, прокурор, гэрч тохой нийлүүлж суугаад маргалддаггүй байх, ядахдаа л өөр өөр хаалгаар орж гарцгаадаг болох, өрөө хүрэлцэхгүй шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлэх нь дэд бүтцэд хамаарч байна. Нийслэлийн зургаан дүүргийн шүүх, прокурорыг хоёр цогцолборт нэгтгэх гэж байна. Талын нэг тарсан хорих ангиудыг дөрвөөс таван томоохон анги болгон цомхотгож харуул хамгаалалт, зохион байгуулалтыг сайжруулахаар боллоо. Хүмүүжигчдээр ажил хийлгэсэн ч олон хүний хүчээр дориухан үйлдвэрлэл явуулчихаж болохоор. Гэрч, хохирогчдын аюулгүй байдлыг албан ёсоор хамгаалдаг болох гэж байна. Энэ мэтээр жирийн хүмүүс эмээж дөлдөг хууль, шүүхийн салбар жинхнээсээ ард иргэдийн зөвлөгч, үйлчлэгч болох эхлэл тавигдаж байна.

                                Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж