1.5 саяын үлдэгдлийг хэзээ олгох вэ?

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

1.5 саяын үлдэгдлийг хэзээ олгох вэ?

1.5 саяын үлдэгдлийг иргэдэд хэзээ олгох нь тодорхойгүй хэвээр байна

Хүний хөгжил сангаас эх орны хишиг болгон олгож буй 1.5 сая төгрөгийн
үлдэгдэл мөнгө хэзээ иргэдийн гар дээр очих нь тодорхойгүй байна. Иргэд
тэр дундаа ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд үлдэгдэл мөнгийг нь
хэзээ өгөх бол хэмээн чих тавин хүлээж сууна.

Засгийн газраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгийг
энэ ондоо багтаан өгнө хэмээн амалсан учраас өдөр өнгөрөх тусам мөнгөө
авна гэсэн найдлага нэмэгдсээр байгаа. Гэтэл энэ мөнгөний санхүүжилтийг
одоог хүртэл шийдээгүй байна. Манай улсын хэмжээнд 334 мянга орчим ахмад
настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 306.9 мянга орчим нь нэг
сая төгрөгөө бэлнээр авах хүсэлт өгсөн.

Дархан-Уул, Архангай, Дундговь зэрэг аймгийн ахмад настан, хөгжлийн
бэрхшээлтэй иргэд мөнгөө бүхлээр нь авч дуусаад байгаа бол зарим аймгийн
иргэдийн гар дээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш нэг ч төгрөг очоогүй
байгаа юм.

УИХ-аас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг олгох
зорилгоор 334 тэрбум төгрөг төсөвлөснөөс энэ оны эхний хагас жилийн
байдлаар 211 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас олгожээ. Харин үлдсэн 120
орчим тэрбум төгрөг нь ХХС-д төвлөрөх урьдчилгаа төлбөр тасарснаас болж
иргэдэд олгогдоогүй байна. Иймд төсвийн тодотголоор дээрх мөнгийг
урьдчилгаа төлбөрийн орлогоор бус өөр эх үүсвэрээр санхүүжүүлье гэсэн
шийдвэр гарсан.

Уг мөнгийг хэрхэн бүрдүүлэх талаар УИХ-аас тодорхой чиглэл өгсөн
тохиолдолд Сангийн яам санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх ажлаа эхлүүлэх
аж. Засгийн газрын зүгээс шаардлагатай мөнгөний эх үүсвэрийг бонд гаргах
замаар бүрдүүлэх талаар УИХ-д санал тавьж байгаа. Хэрвээ Засгийн газрын
гаргасан саналыг УИХ дэмжиж бонд гаргах шийдвэрийг баталбал санхүүжилт
тодорхой болж иргэд мөнгөө авна.

Харин УИХ уг саналыг дэмжихгүй бол ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн үлдэгдэл мөнгийг олгох ажил гацахад хүрээд байна. Учир нь энэ
оны төсвийн тодотголыг өнгөрсөн есдүгээр сард хийсэн учраас шаардлагатай
байгаа мөнгийг улсын төсвөөс гаргах боломжгүй юм.  ХАХНХ-ын сайд
С.Эрдэнэ “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл 340
мянган төгрөг болон хувьцаагаа зарж мөнгө авах хүсэлт гаргасан иргэдийн
нэг сая төгрөгийг энэ ондоо багтаан олгоно” гэсэн. Харин энэ мөнгийг
чухам ямар эх үүсвэрээс яаж олохыг тодорхой дурьдаагүй.

Засгийн газрын бонд гаргах санал дэмжлэг авахгүй бол иргэд мөнгөө энэ
онд багтаан авч чадахгүй нь бараг ойлгомжтой болоод байна. Одоогийн
байдлаар иргэн бүр сар бүрийн 21 мянган төгрөг хэлбэрээр 2010-2012 онд
500 мянган төгрөгийг бэлнээр аваад байгаа. Засгийн газраас үлдсэн нэг
сая төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа болон бэлэн мөнгөний
аль нэгийг нь сонгох эрхийг иргэдэд өгсөн.

Энэ дагуу Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт нэг сая 532 мянган иргэн
нэг тэрбум 614 сая ширхэг хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр
худалдах хүсэлт ирүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл нэг сая 500 мянга гаруй
хүн маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж үзэн хувьцааны оронд бэлэн
мөнгийг сонгоод байна. Эдгээр иргэний мөнгийг олгоход 1.5 их наяд төгрөг
шаардлагатай байгаа. Засгийн газраас иргэдэд мөнгийг нь олгохын тулд
тэдний хувьцааг үндсэний аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулах
ажиллагааг зохион байгуулсан. Гэтэл аж ахуйн нэгжүүд 29 сая ширхэг буюу
ердөө 27 тэрбум төгрөгийн хувьцаа худалдан авчээ.

Уг нь хувьцаагаа зарахаар шийдсэн бүх хүнд мөнгийг нь олгохын тулд 1.5
их наяд төгрөг шаардлагатай. Гэтэл энэ хэмжээний мөнгө бүрдсэн нь аманд ч
үгүй хамарт ч үгүй болчихоод байгаа аж. Иймд Сангийн яамнаас уг
асуудлыг шинэчлэлийн Засгийн газарт танилцуулж тодорхой чиглэл авахаар
бэлтгэл ажлаа хийж байгаа гэнэ. Засгийн газраас ямар нэгэн чиглэл өгч
УИХ-аас баталсан тохиолдолд хувьцаагаа зарж мөнгө авах хүсэлт гаргасан
иргэдийн асуудал шийдэгдэх юм. Иймд хувьцаа зарах хүсэлт гаргасан 1.5
сая гаруй иргэн мөнгөө хэзээ авах нь мөн л тодорхойгүй хэвээр байна. Мөн
21 мянган төгрөгийн үлдэгдэл мөнгөө авч чадаагүй байгаа цөөнгүй хүн
бий.

Эдгээр иргэний хувьд мөн л ирэх оныг хүлээхээс аргагүй болж байна. 
2010, 2011 онд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй болон гадаадад ажиллаж
амьдарч байсан иргэд мөнгөө авч чадаагүй байсан. Харин энэ онд Хүний
хөгжил санд хуримтлагдсан мөнгө дуусч магадгүй хэмээн болгоомжилсон
иргэд өмнөх жилүүдийн мөнгөө нөхөн авсан учраас ийнхүү зарим иргэн
мөнгөө авч чадаагүй аж.

21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн мөнгийг ирэх оны төсөв
суулгасан байгаа учраас мөнгөө 2013 оны эхээр авах боломжтой болсон
байна. ХАХНХЯ иргэдийн бүртгэлийг хийж мөнгөө дутуу авсан иргэдэд нөхөн
олгох ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Н.САНЖААСҮРЭН
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж