Түлэнхийн эмнэлгийн шинэ байрны сураг тасарчихлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Түлэнхийн эмнэлгийн шинэ байрны сураг тасарчихлаа

Үүлс сүмбэдэм шилэн барилгууд нийслэлд сүндэрлэж байхад түлэгдэж, үрчийсэн хүний нүүр шиг барилга бас байх юм. Энэ бол Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъяа О.Дашийн нэрэмжит Арьсны түлэнхий эмгэгийн нөхөн сэргээх эмнэлэг буюу олны нэрлэж заншсанаар Түлэнхийн төв.

“Төд удалгүй нурах нь, ачаалал дийлэхээ байлаа” хэмээн шинэ гэмтлийн эмнэлгийн нэг тасагт тус эмнэлгийг өнгөрсөн хавар шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ Эрүүл мэндийн яамнаас “Энэ газар дээр нь шинэ эмнэлгийн байр барих болно” гэж амлалт өгсөн юм. Гэвч харамсалтай нь өнөөдөр тэр гайхамшигт амлалт, орчин үеийн шинэ эмнэлгээр үйлчлүүлэх бидний хүсэл, мөрөөдөл салхинд хийсэх гэж байна.

Түлэнхийн төвийн хуучин байрны гадаа ирлээ. Хаврын салхи намжсан юм шиг чив чимээгүй, үймсэн олны хөл ч үгүй нам гүм уг барилгыг бүчжээ. Бас нэгэн зууны түүх өгүүлэм улаан тоосгоны булан халцарсан шаврын цаанаас цухуйна. Байшинг тойруулан барьсан тоосгон хашааны булан, нуруу нь энд, тэнд нуржээ. Эмнэлгийн хаалганд өмнөд хөршөөс оруулж ирдэг 1500 төгрөгийн үнэтэй цагаан цоож зүүсэн байв. Өнгөрсөн жилийн яг эл үед тус эмнэлгийн үүдээр ороход эм, чийгийн үнэр ханхалж түлэгдэж, хөлдсөн хүмүүсийн хөлөөр дүүрч байлаа. Гэвч одоо энд хэн ч алга. Ертөнцөд дахиад шинээр мэндлэхийг хүссэн, эл хуль оргисон хуучин байшин л байна. Үнэндээ ийм газар өвчтөнүүд яаж эдгэрч байсан бол гэсэн эмзэглэл өөрийн эрхгүй төрөх аж.

Сүүлийн хэдэн жил эмнэлгийн эмч, ажилтнууд төрийн дээд мяндагтангуудад “Биднийг нүүлгэж өгөөч. Төд удахгүй Монгол Улс цор ганц байдаг Түлэнхийн эмнэлэггүй болох нь байна” гэж өчнөөн гуйсан боловч одоо болтол хэн ч тэдэнд тодорхой хариу өгсөнгүй. Нэг аз таарсан нь байшингийн нурангид даруулахаас өмнө нүүсэн нь том завшаан болсныг Түлэнхийн төвийн эмч нар хэлж байв.  Одоо тэд хуучин байрнаасаа хоёр дахин бага ортой болох Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн тархи, нуруу, нугасны 80 ортой тасагт арай гэж багтаж ядан ажиллаж байна.

Өвлийн тэсгим хүйтэн золгосон энэ үед тус тасагт эмчлүүлэгчдийн тоо хоёр дахин ачаалалтай байгаа аж. Бүр тодруулбал, дөрвөн хүн хэвтэн эмчлүүлэх өрөөнд зургаагаас долоон хүнтэй. Олны нэрлэж заншсанаар Шинэ гэмтэл гэх энэ газар байнгийн ачаалалттай байдгийг хүн бүр мэднэ. Дээрээс нь дахиад ачаалалтай тасаг нүүгээд ирчихээр байдал ямар байгаа нь ойлгомжтой. Эмнэлгийн ачаалал өвчтөнүүдийн талаар ингээд өндөрлье. Харин шинээр долоон давхар, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй арьсны түлэгдсэн, хөлдсөн гээд нөхөн сэргээх, судас, арьс, яс шилжүүлэн суулгах бүхий л төрлийн эмчилгээг хийх шинэ эмнэлгийн сураг чухам яагаад тасрав.

ЭМЯ ТҮЛЭНХИЙН ЭМНЭЛГИЙН БАРИЛГАД ОГТ САНАА ЗОВСОНГҮЙ

Өнгөрсөн хавар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрлээс дээрх эмнэлгийн барилгыг яг хэзээ барих, зураг төсөл нь гарсан эсэх талаар тодруулахад ингэж хэлж байв. Тэрбээр “Тун удахгүй барих болно. Зураг төсөл нь бараг гарчихсан. Барилга барихад нийт 14.6 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа.

Хамгийн гол нь эмнэлгийг нүүлгэчихвэл болох нь тэр” хэмээж байлаа. Тэгвэл одоо эмнэлгийн өвчтөн, ажилтнууд нүүчихлээ, тэнд хэн ч алга. Юуг хүлээнэ вэ. Монголчуудад эмнэлэг хэрэгтэй болохоос биш хэн нэгэн улстөрчийн тоочлого огтхон ч хэрэггүй. Гэтэл эх сурвалжуудын мэдээлснээр эмнэлэг барих зураг төслийг хоёр ч удаа хийсэн гэнэ. Эхнийх нь 2011 онд гарсан боловч “Өшөө илүү боловсронгуй болгох хэрэгтэй” гэсэн нэрийдлээр салбарын яамнаас дахин буцааж байжээ. Эхний зураг төслөөр барилгын нийт өртөж 14.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Тэгвэл хамгийн сүүлд гаргасан зураг төсөл, барилгын нийт өртөг нь хэдэн төгрөг юм болов оо. Энэ талаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал С.Отгонгэрэлээс асуухад “Өмнөх өртөг нь хоёр дахин нэмэгдэж 30 тэрбум төгрөгт хүрсэн. Ингэж байж гайгүй эмнэлэг барихгүй бол өдгөө Монголд ороод үзүүлэх олигтой эмнэлэг ч алга. Үнэндээ эмнэлэг ус, агаар шиг хэрэгтэй байна. Бид Түлэнхийн төвийн хуучин байсан газар дээр нь барилга барих газрын зөвшөөрлийг нь авчихсан. Гэтэл бүх төсөл нь Эдийн засгийн хөгжлийн яаман дээр очоод гацчихсан байна лээ. Удахгүй УИХ-аар хэлэлцүүлэх юм гэсэн. Франц, АНУ зэрэг гадны орнуудын эмч нар ирж арьсны нөхөн сэргээх эмч нараас туршлага солилцох, сургалт явуулах гэхээр орчин нөхцөл чинь муу байна гээд дурамжхан буцдаг” хэмээж байлаа.

Түүнчлэн нэг харамсалтай нь Эрүүл мэндийн сайд, яамнаас нь хүртэл  тус эмнэлгийн шинэ барилгын талаар огтхон ч санаа тавихгүй байгаад Гэмтлийн эмч нар сэтгэл гундуухан байна.  

ТҮЛЭНХИЙН ЭМНЭЛГИЙГ БАРИХ МӨНГӨ 2013 ОНЫ ТӨСӨВТ СУУГААГҮЙ ГЭНЭ

Хуучин гэмтлийн байрыг нураавал 260 сая төгрөг шаардлагатай гэнэ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал ийм мөнгө гаргаж тус эмнэлгийн хуучин барилгыг нураалгах байтугай энэ онд эрүүл мэндийн салбартаа яг юу хийх талаар ам цухуйлгахгүй байгаад салбарынхан нь гайхсаар…Өмнөх сайд Н.Хүрэлбаатарын үед 2013 оны төсөвт Түлэнхийн эмнэлгийг барих төсвийг тусгана гэж байсан ч хэдхэн хоногийн өмнө батлагдсан ирэх оны төсөвт үүний сураг нь ч алга.

Харин ч бүр эмнэлгийн илүү барилга барьж зарлагадахгүй гэсэн байр суурин дээр зогсож байх шиг болов. Эмч нарын нэг айж байгаа нь Арьсны нөхөн сэргээх тасгийн эрхлэгч О.Хишигсүрэнгийн хэлснээр “Түлэнхийн төвийн зүүн талд барьсан орон сууцны барилгад эмнэлгийн хэсэг газар нь орчихсон. Бид өчнөөн  удаа хэрэлдэж, тэмцээд дийлээгүй. Одоо тэнд ямар ч эзэнгүй юм чинь хэн дуртай нь дайрахад бэлэн байгаа байх. Төрөөс шинэ байр барих мөнгийг нь хурдан шийдээд өгчихвөл дээр юмсан” гэж байлаа.

Нөгөөтэйгүүр түлэгдэлт, осголтын шарх маш удаан хугацааны эмчилгээ шаарддаг. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сангаас арав эсвэл 100 хоног эмчлүүлсэн эсэх нь хамаагүй нэг удаад 150 мянган төгрөгийн л санхүүжилт олгодог учраас эм тариа, боолтын материалыг иргэдээс өөрсдөөс нь зайлшгүй гаргах тохиолдол байдаг гэнэ. Ялангуяа осголт, хөлдөлттэй ирж буй хүмүүсийн дийлэнх нь орон гэргүй иргэд байдгаас эмчлээд гаргах гэхээр очих газаргүй, өмсөх хувцасгүй болохоор тэднийг хувцаслуулах, байр орон хайх гээд Улаан загалмай болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах нэмэлт үйлчилгээ үзүүлдгийг төвийн эмч нар дурьдаж байв.

Эцэст нь хэлэхэд салбарын сайд нь ард түмнийхээ төлөө гэж байгаа юм бол Түлэнхийн эмнэлгийг бариулах талаар ганц ч болов ам дуугарч үзээч.

Л.БААТАРХҮҮ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж