Д.Ганхуяг, И.В.Моргулов нар Москвад уулзав

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Д.Ганхуяг, И.В.Моргулов нар Москвад уулзав

Москва хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч орнуудын Гадаад харилцааны дэд сайд нарын зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг энэ сарын 13-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтай уулзав. Уулзалтын үеэр дэд сайд Д.Ганхуяг, орлогч сайд И.В.Моргулов нар Монгол Улс, ОХУ-ын дээд, өндөр түвшиний харилцан айлчлалын давтамжийг үргэлжлүүлэн хадгалахын чухлыг онцлоод, энэ ондоо багтааж Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг Улаанбаатар хотод хийх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлж, улмаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал бодлоо солилцов.
Түүнчлэн  Д.Ганхуяг, И.В.Моргулов нар олон улсын зарим асуудлаар, тухайлбал Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн харилцаанд Монгол Улс, ОХУ хамтран оролцох боломжийн талаар ярилцлаа. Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн, Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд О.Дамбийням, Оросын талаас ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Кулик, Монголын хэлтсийн дарга Р.И.Журавлев нарын албаны хүмүүс байлцав.

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг ОХУ-ын Гадаад хэргийн яамны орлогч сайд И.В.Моргуловтай уулзахын өмнө буюу мөн өдрийн үдэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд яамны ажилтнуудтай уулзалт хийж, шинэчлэлийн Засгийн газар, Гадаад харилцааны яамны бодлого, үйл ажиллагаа, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлж, ажлын холбогдох чиглэл, зөвлөмж өглөө гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадааад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж