Дээлтэй “төрсөн өдөр”

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Дээлтэй “төрсөн өдөр”

Жилдээ бараг хоёр л удаа үндэсний хувцсаараа гоёдог төрийн түшээдийн “гоёлын өдөр” нэгээр нэмэгдлээ. Их эзэн Чингис хааны мэндэлсэн ойн өдрийг монголчууд түүхэндээ анх удаа өчигдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Олон баяр, арга хэмжээ давхацсан энэ өдөр УИХ-ын гишүүд монгол үндэсний дээлээрээ гоёсон нь эзэн Чингисийн мэндэлсний өдрийн бас нэг чимэг байлаа.

Ерөнхий сайд, УИХ-ын дарга дээлийнхээ өнгөөр ижилсжээ. Зохисон гэж ёстой ванлий. Өнгөрсөн жил Төрийн тулганы өргөөнд гал тахих ёслол үйлдэж, бүсгүй хүнд “хөл хорио тогтоож” асан гишүүн Н.Батбаяр энэ удаад эмэгтэйчүүдийг их өргөөнд оруулахыг “зөвшөөрсөн” ч, дараагийн удаад дээлтэй морилохыг сануулав. Тэрбээр харин өөрөө гоёлдоо ихэд анхаарч, хамгийн хүндэтгэлтэй хувцасласан харагдана лээ.

Хамгийн дэгжин дээлтэй нь УИХ-ын гишүүн Б.Болор байлаа. Бор өнгийг хослуулан өмссөн залуу гишүүнд дээл нь тун ч аятайхан зохисон харагдсан. Эмэгтэй гишүүдээс Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нар дээлээр гоёсон байлаа. Мөн олон нийтийн арга хэмжээнд бараг л анх удаа оролцож буй УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын гоёл усан цэнхэр өнгийн дээл байв.

Гишүүд маань энэ уламжлалыг цаашид хадгалж, жил бүрийн энэ өдөр үндэсний дээлээ өмсч байх гэнэ.

А.ШАРХҮҮ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж