Валютын ханш буюу эдийн засгийг шинжихүй

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Валютын ханш буюу эдийн засгийг шинжихүй

Монголын уул уурхайн төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж буйн хүчинд эдийн засаг урт хугацааны их хөгжлийн зам дээр гарч ирээд буй гэдэг. Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 16 хувьд хүрч, энэ эрчээ ирэх онд хадгална гэж харж байсан юм. Тэгвэл 2012 он гарсаар эдийн засгийн өсөлт эхний улиралд 16.5 хувь байсан бол 13, сүүлдээ 10 хувьд хүрлээ. Огцом тэлэлт өдгөө танагдсаар байгаа ч хэмжээнд эдийн засгийн тогтвортой байдлаа хэвийн хэмжээнд хангаж чадах нь гэсэн таамгийг эдийн засагчид дэвшүүлж байна. Улс орны санхүү, эдийн засгийн байдлын гэрэл сүүдэр нь болж байдаг нэгэн хүчин зүйл  бол гадаад зах зээл, түүний дунд гадаад валютын ханш.

Монголбанкнаас нэрлэсэн ханшаар өнөөдрийн байдлаар 1396 төгрөг байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр бол ам.долларын ханш улирлын байдлаар өгсч буурч байдаг “сезон” ёсоор хэвийн байгаа аж. Энэ нь энэ оны жилийн хагастай харьцуулахад 4 хувиар буюу 56 төгрөгөөр, оны эхнээс бараг өөрчлөгдөөгүй буюу хоёр төгрөгөөр суларсан аж. Харин өмнөх жилтэй харьцуулахад зургаан хувь буюу 83 төгрөгөөр суларсан байна. Тэгвэл 2012 он гараад л валютын үнийн савалгаанаас үүдэн шатахууны үнэ нэмэгдсэн гэсэн атал яагаад хоёрхон төгрөгөөр суларсан, онцгүй өөрчлөлтгүй гэж байгаа юм бэ гэж гайхаж байна уу? Үнэндээ бол валютын ханш тийм их савлагаатай байгаагүй бөгөөд шатахууны үнэ өсөх үндэслэл болоогүй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.  Харин шатахууны үнэ нэмэгдсэний дараа валютын ханш нэлээд савалгаатаж хамгийн өндөртөө буюу 1434 төгрөгт хүрч байжээ.  Харин одоо бол валютын ханшийн хэлбэлзэл тогтвортой байна гэж төвбанк  дүгнэж байгаа юм байна.

Эдийн засгийн нөхцөл байдлаа дагах ханш

Валютын ханшийн хэлбэлзлийг тогтвортой, үгүйгээр нь тооцохын тулд өдрөөр нь дундажилдаг юм байна. Тухайлбал, нэг өдрийн дундаж хэлбэлзэл сүүлийн нэг жил 0.17 хувьтай, оны эхнээс хойш 0.11 хувь байгаа тухай Төвбанкнаас мэдээлэв. Энэ ханшийн хэлбэлзэл нь маш тогтвортой байгааг илэрхийлж буй хэрэг гэнэ. Ерөнхийдөө ам.долларын ханш улирлын мөчлөгөө дагаад, зуны улиралд хөдөлгөөнд орж, төлбөр тооцоо идэвхжлэн намрын улиралд ам.долларын ханш сулардаг аж.

Ханшийн хэлбэлзэлд нөлөөлдөг хүчин зүйл бол мэдээж хэрэг гадаад орчин. Манай гадаад худалдааны нөхцөл өнгөрсөн оныхтой харьцуулахад 23 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч, импортын үнэ нэмэгдсэнээс  болоод худалдааны нөхцөл ийнхүү мууджээ. Энэ оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсан болон зургадугаар сард УИХ –ын сонгуулиас үүдэн хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орсон. Шинэ Засгийн газар байгуулагдах, бодлого чиглэл, хууль эрх зүйн орчноо тодорхойлох гээд хөрөнгө оруулагчид багагүй хугацааг хүлээлтийн байдалд өнгөрөөсөн нь энэ оны хөрөнгө оруулалт 23 хувиар буурахад нөлөөлсөн гэжээ. Хөрөнгө оруулалт, ханшийн урсгал ийнхүү буурснаар ам.долларын ханш аажмаар суларчээ. Ам.долларын ханш өссөн гэсэн нэрийдлээр манайхан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж орхидог, гэвч ханш буурсан ч өнөөх өсгөсөн үнэ нь эргэж буурдаггүй гэсэн шүүмжлэл бий. Ханшийн хэлбэлзлийн аливаа нэгэн банк эсвэл Засгийн газар бонд гаргах сургаар гэх мэт дотоодын тухайн үеийн цагийн байдлаас болж бас өөрчлөгддөг. Гэхдээ одоогоор  Монголд ийм маягийн хэлбэлзэл төдийлөн анзаарагдаагүй байгаа аж.

Цаашдаа Төв банкнаас гадаад худалдааны нөхцөл сайжрах төлөв харагдаж байна гэж буй. Монгол Улсын экспортын жилийн өсөлтийг хамгийн сүүлийн байдлаар буюу аравдугаар сарын графикаар харахад, экспорт сэргэж, гадаад худалдааны алдагдал багасах нь гэсэн таамаглалыг эдийн засагчид хэлж байна. Гэхдээ өнгөрсөн оны аравдугаар сард 75 хувийн өсөлттэй байсан одоо 35 хувьтай болж багассан. Энэ нь ч эдийн засгийн хурдацтай өсөлт саарч байгааг харуулж байгаа тухай албаныхан хэллээ. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн огцом тэлэлт буцаад буурах мөчлөг ёсоор тогтворжиж эхэлж байгаа ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж