2012 оны аравдугаар сарын 29. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Төв шуудан, Туркийн элчин сайдын яамны байр хоёрын дундах өндөр бетонон ханатай 1998 оноос хойш сүндэрлэж байгаа “цайз”-ын эзнийг олох эрэлд гарав. Аливаа газрын эзнийг олж мэдэхийн тулд нийслэлийн Газрын албанд хандах ёстойн дагуу тус газрын холбогдох мэргэжилтэнд хандахад “Аливаа газрын эзнийг хэн нэгэнд мэдээлэхийн тулд заавал албан бичиг ирүүлж, албан бичгийн дагуу бид газрын эзнийг мэдээлэх эсэхээ шийддэг” гэсэн шаардлагатай тулгарлаа.
2012 оны аравдугаар сарын 30. Нийслэлийн газрын албанд хүссэн албан бичгийг нь илгээсэн ч арваннэгдүгээр сарын 1-нд хариу өгөх “хариу” сонсов.
2012 оны арваннэгдүгээр сарын 1. Бичиг хэргийн ажилтнаас “Уг нь манай даргаас цохогдоод Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга М.Дунгармаад шилжүүлсэн байгаа. Гэхдээ дарга одоогоор эзгүй байгаа тул үдээс хойш ирж хариултаа авна уу” гэв. Ингээд хариугаа авахаар тав дахь удаагаа очсон ч мөн л “Уучлаарай, дарга алга. Маргааш өглөө ирнэ үү” гэх үгээр дахиад л амыг минь таглаж дөнгөв.
2012 оны арваннэгдүгээр сарын 2. Албан бичиг хариуцсан ажилтны дараагийн хариулт: “Ямартай ч таны албан бичигтэй Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга М.Дунгармаа танилцан, уг бичгийг Газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Энхээд хуваарилсан байна. Та Ё.Энхээ мэргэжилтнээс хариултаа авна уу”.
Харин мэргэжилтэн Ё.Энхээгийн хариулт нь “Манайх шалгалт ихтэй байгаа тул ажил ихтэй байна. Энэ хэдэн газрынхаа эздийг тэр хавьд нь байгаа манаач, ойролцоо нь байдаг хүмүүсээс асуучих” гэх нь тэр. Бүтэн 14 жилийн турш хэвлэл мэдээллийнхнээс нуугдаж чадсан тэр эрхмийн нэрийг манаач нь хэлж өгнө ч гэж юу байхав. Уг нь бид албаны эх сурвалжаас албан мэдээллийг нь авах гэж зорьсон шүү дээ. Ийн учирлан тайлбарласаар “За яахав, тэгвэл ирэх мягмар гаригийн /арваннэгдүгээр сарын 6/ үдээс хойш 16.00 цагийн үед ирж хариултаа аваарай” гэсэн бас нэгэн хариултаа өгөв. Хэдийгээр төрийн албаныхан хэвлэл мэдээллийнхэн гэлтгүй иргэдэд ч нээлттэй мэдээлэл өгөх ёстой ч санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй энэ тээгүүдийг давсаар албан мэдээлэлтэй болох буй за хэмээн тэвчээртэйгээр хүлээхээр шийдлээ.
2012 оны арваннэгдүгээр сарын 6. Газрын эзэн нууц ноёнтонг хэлж өгөхөөр тохирсон Газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах Ё.Энхээ ажил дээрээ байсангүй. Хамт ажиллагсдаас нь сонссоноор бол тэрээр энэ өдөр хичээлтэй байдаг гэнэ. Нийслэлийн газрын албанаас хариултаа авахаар хэдэнтээ эргэлдэж хэдийнэ танил болсон хэлтсийн дарга Б.Амаржаргал “Манай дүүрэг хариуцсан газрын мэргэжилтнүүд ажлын хэсэгт байгуулан салбарууддаа шалгалт хийж байгаа. Ажлын хэсгийн шалгалт нэг сар үргэлжилнэ. Тийм болохоор хариулт өгөх хүн олдохгүй байх аа даа” гэж анхааруулангаа бас нэгэн мэргэжилтнээс сураг дуулах “жим” зааж өгөв. Шинэ ажилд томилогдоод удаагүй байгаа гэх мэргэжилтэн нь харин дахиад л гурав хоногийн дараа ирж дахин лавлах хугацаа зааж өгөв.
Чамгүй олон хоног хөөцөлдөж, мэдээлэл авч чадахгүй байгаагаа дахин дахин учирласны эцэст Б.Амаржаргал дарга ашгүй нэг “Нийслэлийн газрын албаны дарга М.Батсайхантай уулзуулахыг хэвлэлийн ажилтандаа үүрэгдэж тус хүргэв.
Ийнхүү Нийслэлийн газрын албаны дарга М.Батсайхан Газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Энхээтэй утсаар холбогдоход “Тэр газрын эзнийг мэдээлж болох эсэхийг судалж үзсэн. Тэгээд хоосон хашаануудын эзнийг мэдээлж болох юм байна гэж М.Дунгармаа даргад мэдэгдсэн” гэсэн бас нэг арай нааштай хариу дуулдав. Ийнхүү бөөн асуудал сунжирч сунжирч Нийслэлийн Газрын албаны дарга М.Батсайхан Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга М.Дунгармаад дээрхи албан тушаалтнуудад анхааруулах үүрэг өгөөд гурав хоногийн дараа нийслэлийн Газрын албаны дэд дарга Б.Энхбаатараас хариултаа ав гэсэн бас нэг хариулт өглөө.
2012 оны арваннэгдүгээр сарын 9. Нийслэлийн Газрын албаны дэд дарга Б.Энхбаатартай утсаар холбогдон, гадуур дотуур ажлынх нь сиймхийг хүлээсээр арайхийн үдээс хойш уулзах "тийз" авсан ч дахиад л “М.Дунгармаатай уулз” гэсэн хариулттай “учрах” нь тэр. Ийнхүү Нийслэлийн газрын албаны орон тооны бус ажилтан болох шахуу эргэлдэж байж арайхийж сураг гаргаж магадгүй болж, найдварын гэрэл аслаа. “Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга М.Дунгармаагаас авсан албан мэдээллээр бол Сүхбаатарын талбай, Төв шуудангийн баруун урд талд дотроо ганц гэртэй дүнхийх хоосон хашааны газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 1998 онд зарлаж, газар эзэмшүүлэх гэрчилгээ олгожээ. Дуудлага худалдаанд иргэн Д.Ганпүрэв гэгч нууц эрхэм ялагч болж, Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ газарт зочид буудал бариулахаар эзэмших эрх авсан байна. Ингээд л 3515 метр квадрат хэмжээтэй газрыг “хөндөлгүй” нийслэлд жил бүр газрын эзэмших хураамж 1.5 сая орчим төгрөг төлсөөр 14 жил өнгөрсөн аж. Газрын тухай хуульд зааснаар бол газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө төлөөгүй, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг хоёр жил ашиглаагүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэлтэй байдаг. Гэтэл энэ газрыг 14 жил ашиглаагүй байхад ямар учраас гэрээг цуцлахгүй байсныг М.Дунгармаагаас лавлахад “Танай явуулсан албан бичигт сэтгүүлчийн асуултад хариулах” тухай заалтт байгаагүй. Тиймээс энэ талаар лавлахаар бол дахин албан бичиг явуул. Тэгээд ч газар эзэмшигчийн хувийн нууцад ингэж халдах шаардлагагүй шүү дээ. Одоо явж болно. Асуултад хариулахгүй” гэсэн “сонгодог” хариулт сонсдог байгаа.
Тэгснээ “Албан бичиг явуулсан аравдугаар сарын 30 лхагва гариг байтал чи мягмар гаригт бичиг явуулсан гэж даргад худал хэлсэн. Залуу хүн ингэж худал ярьж болохгүй” гэж өндөр дуугаар зандчиж эхлэв. Он сараа андуураагүй гэж хэчнээн тайлбарласан ч нэмэр алга. Угтаа ч мягмар, лхагва гаригийн зөрүү ч нэг их чухал биш л байсан л даа. За ингэж албан бичиг илгээж, албаны өрөөний хаалга сахьсаар сүүлдээ бүр дэлхий ертөнцийн он тооллыг будилуулсан хэрэгт орох шахав.
Болсон явдлыг хураангуйлан товчлон бичсэн маань энэ, зөвхөн албан ёсны мэдээлэл авахын тулд ямар их шат дамжлага туулсныг та бүхэн бага ч гэсэн ойлгоосой гэсэндээ шүү дээ. Яг гахайнаас хялгас авч, дээс томж, найзыгаа аврах гэсэн шоргоолзны үлгэрийн бүтэл муутай хувилбар шиг байгаа биз. Албан бичиг “талбин”, мэдээлэл авах эрх чөлөө, төрийн албаны мэдээлэл өгөх үүрэг тэргүүтнээр “зэвсэглэсэн” надад Нийслэлийн газрын албаныхан ингэж хүнд суртал гаргаж байгаа юм чинь жирийн нэг иргэнд хэрхэн хандахыг бодохоос ч аймаар. Анхилам үнэрт цэцгээр дүүрсэн, зөөлөн хивстэй, амрах буйдантай, өдөржин фэйсбүүкээр аялагчид. Төрийн ажилтнуудын байгаа байдал ийм л байна.
Ямартай ч ийнхүү эрэл сурал болж байж олсон хоосон хашааны эздийн талаарх мэдээллийг цувралаар хүргэх болно. Ингэхэд ердөө л нэг хашааны эзэмшигчийн талаар мэдээллийг хүргэхэд ийм хэцүү байх ёстой гэж үү, гайхмаар юм.
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН