“Холбоодын цом” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

“Холбоодын цом” үргэлжилж байна

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон “TLG13” ТББ хамтран дөрөв дэх удаагийн “Холбоодын цом-2012” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.  Тэмцээнд Спрайт супер лиг болон дээд лигийн шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан аваргын цомын төлөө өрсөлдөж байгаа юм. Одоогийн байдлаар нэг ч хожигдол хүлээгээгүй “Эрдэнэдрийлинг RIGS”, “ER Харцага”,  “Баянзүрх буллс”, “ОТИС”, “TLG13”,  “Танан” багууд тэмцээнийг тэргүүлж байна. Мөн энэ жил тус тэмцээнд эмэгтэй багууд орж байгаараа онцлог бөгөөд нийт зургаан багаас “МУИС” баг хожигдол хүлээгээгүй охидын багуудыг манлайлж байна. Нийт зургаан сая төгрөгийн сантай “Холбоодын цом”-ын шилдэг тоглогч “NBA Cnina game” үзэх эрхийн эзэн болох юм. 

Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн IV тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Монголын оюутны шигшээ багийн залуусыг хүлээж авч, хүндэтгэл үзүүллээ. Тус багийн бүрэлдэхүүнд О.Сэргэлэн /Төмөр замын коллеж/, А.Энхтүвшин /ШУТИС/, Б.Батжавхлан /МУИС/, А.Бямбадорж /МУБИС/, Э.Цэрэнбаатар /ОТИС/, Т.Санчир /МУИС/, Б.Билгүүн /ОТИС/, Г.Цэнгүүнбаяр /МУИС/, Т.Билгүүн /МУБИС/, Ц.Азбаяр /МУИС/, Д.Дэлгэрням /ШУТИС/, О.Очирбат /МАБТДС/ нарын тамирчид багтсан бөгөөд ОУХМ Ш.Сэдбазар, Д.Пүрэвдорж нарын удирдлага дор тоглосон билээ. Монголын бахархал болсон тэдгээр залууст Монголын залуучуудын холбоо “Тэргүүний залуу алтан медаль” шагналыг гардуулсан бол “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”-ноос 2,5 сая төгрөг, өргөмжлөл гардууллаа. Мөн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Монголын оюутны шигшээ багийн залуусыг NBA-ын тоглолт үзүүлэх болсноо мэдэгдсэн юм.

“Холбоодын цом-2012” тэмцээн СТО-нд үргэлжилж байгаа бөгөөд тэмцээний аварга энэ сарын 18-нд тодорно. 

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж