“Чингис хаан ба даяарчлал” хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

“Чингис хаан ба даяарчлал” хурал боллоо

Талын нүүдэлчний хөвгүүн, хоёрдугаар мянганы аугаа их удирдагч Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн түүхэн тэмдэглэлт ойд зориулсан эрдэм шинжилгээний  хурал өнөөдөр Төрийн ордонд өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочид, эрдэмтэн судлаачдад мэндчилгээ дэвшүүлж, эрдэм шинжилгээний хурлыг нээсэн юм. “Чингис хаан ба даяарчлал” сэдэвт хуралд дэлхийн олон орны монголч эрдэмтэд хүрэлцэн ирэв.

Дэлхийд нэрээ дуурсгасан Чингис хааныхаа Монгол болон дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, үйл ажиллагааг бодит үнэний шалгуураар шүүн тунгааж, гүтгэгдэн гуйвагдсаныг нь  залруулахын сацуу амжилтын түүхээс нь санаа авахаар энэ хурлыг зохион байгуулж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үгийнхээ эхэнд тодотголоо. Түүнчлэн, “Даяаршина гэдэг Монгол Монголоороо байхаа болихын нэр огтоос биш. Өөрийн үнэт соёлыг гээж, өрөөлийн өвийг өөриймшүүлнэ, өөр хэлийг өвлөнө гэдэг даяаршиж байгаагийн хэлбэр биш, харин ч эсэргээрээ үндэстэн сульдаж байгаагийн илрэл юм. Тиймээс бид өнөөдөр Чингис хааныхаа нэрийн дор оюун санаагаараа дахин нэгдэж, улс орны үндэсний эрх ашиг, хөгжлийн төлөө нэг сэтгэл, нэг хүчээр зүтгэх нь Монгол орны хөгжил цэцэглэлтэд үнэлж баршгүй хувь нэмэр болно” гэлээ.

Мөн Чингис хааны төр хүчтэй байсан нь ард иргэдээ сонсдог төр байсных. Өнчин хөвгүүнээс өтөл буурлаа хүртэл сонсч, хийсэн үйлээ олны өмнө ил тод байлгаж, хуулийн өмнө тэгш эрхтэй явахыг үлгэрлэн үзүүлж чадсанаараа их хаан маань үнэлэгдэж, Монголын төр хүчирхэг байсан. Удирдахуйн энэ том соёл өнөө цагт ч хүчирхэг төрийн үндэс хэвээр учир ард түмнээ сонсдог төр байхын төлөө чадлаараа ажиллаж байна. Их хаанаасаа, эх түүхээсээ суралцахын ач холбогдол үүнд оршино хэмээн Засгийн газрын тэргүүн тэмдэглэсэн юм.
 
XIII зуунд Чингис хаан бүх монголчуудаа нэгтгэж, Их Монгол улсыг байгуулсан нь манай ард түмний хувь заяанд эргэлт болсон төдийгүй хүн төрөлхтний түүхэнд үнэлэгдэхүйц нөлөөлсөн. Энэ тухай ч хурлын үеэр монголч эрдэмтэд тэмдэглэн хэлж байлаа. “Урьд байгаагүй асар том гүрнийг байгуулснаар Евро азийн ард түмнүүдийг зам харилцаа, эдийн засаг, мэдээллийн сүлжээгээр холбож, бие биенээ харилцан мэдэх болж техник, технологийн дэвшлийг түргэтгэжээ. Үүнээс Чингис хааны зүтгэлээр эхэлсэн даяарчлал хүн төрөлхтний хөгжил дэвшилд олон арван өөрчлөлт шинэчлэл, ахиц дэвшил авчирсан нь тодхон харагддаг” гэсэн нийтлэг санаанд эрдэмтэд санал нэгдэж байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж