Их эзэн Чингис хааны өдөр шагналын хур буулаа

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

Их эзэн Чингис хааны өдөр шагналын хур буулаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг төрийн дээд цол, одон, медалиар шагнан урамшууллаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагналыг Төрийн ордонд гардуулсан юм.

Монгол Улсын Ардын багш цолоор МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийн багш, Математикийн хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, академич А.Мекейг шагнасан бол  Монгол Улсын гавьяат багш цолоор СУИС-ийн уртын дууны ахлах багш, уртын дуучин Ц.Дэлгэр, Р.Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Ж.Юра, МУИС-ийн Ерөнхий ба аналитик химийн тэнхимийн зөвлөх профессор А.Мөнгөнцэцэг, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Г.Батсуурь, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Далайван” ЕБС-ийн  бага ангийн багш Ц.Мааньгүмбэн нарыг тус тус шагналаа.

Мөн  Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Сарантуяаг урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр шагнан урамшуулсан юм.

Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Бааст, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч Б.Ганхөлөг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх их эмч Д.Чойжилсүрэн, Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор СХД-ийн 14 дүгээр хорооны иргэн, төрийн захиргааны ахмад ажилтан Т.Наранхүү, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Г.Цолмон, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин А.Даваахүү, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор нийслэлийн Сүхбаатар дүүргийн  долдугаар хорооны иргэн, ахмад сэтгүүлч Д.Дорждулам, Монголын үндэсний олон нийтийн радиогийн ерөнхий редактор Д.Нямаа, Нийгмйин эрүүл мэндийн хүрээлэнгийн Биотехнологийн үйлдвэр судалгааны төвийн зөвлөх Д.Дандий  Монгол Улсын гавьяат малчин цолоор Баянхонгор аймгийн Баянлиг сумын  Баян-Аараг 2-р багийн тэмээчин Г.Тойвгоо, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баянцогт багийн малчин Г.Сампил, Монгол Улсын гавьяат мал зүйч цолоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дөрөвдүгээр багийн иргэн, мал зүйч О.Хатран, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Улсын филармонийн концертмейстр З.Туяа, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор БХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академийн Цэргийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, хурандаа В.Чимэдсүрэнг тус тус шагналаа.

Мөн өөрийн ажиллаж буй салбартаа гаргасан амжилт, үр бүтээлийг нь үнэлэн  “Алтангадас” одонгоор Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн биеийн тамирын багш С.Бадамханд, Цахилгаан тээвэр ХК-ийн тролейбусны жолооч Б.Гантөмөр, МҮОНТ-ийн сэтгүүлч П.Алтанцэцэг, Цэргийн гавьяаны одонгоор Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Т.Өлзийбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар “Билэгт зам” ХХК-ийн механизмчин Б.Лувсан, “Ган хийц” ХК-ийн цахилгаан гагнуурчин Ж.Сувданзагас, Цэргийн хүндэт медалиар ОБЕГ-ын ХУД-ийн онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 65 дугаар ангийн гал сөнөөгч Т.Сайнбаяр, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн цэргийн сургалт, сахилга, албаны зохион байгуулалтын тасгийн ахлах ажилтан, хошууч Д.Батсоёл нарыг шагнасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал хүртсэн салбар салбарынхандаа баяр хүргэж үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Та бүхэнд Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн түүхт ой, “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Өвөг дээдсийнхээ үйлс гавъяаг санаж дурсах, сэхээрч ухаарахын уламжлалаар Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг монгол түмэн төдийгүй дэлхий дахин өргөн дэлгэр тэмдэглэж байна. Чингис хаан бол ирт сэлмийн дохилт, эмээлт хүлгийн давхил төдийгөөр ертөнцийн гүрэн байгуулсангүй. Ухааны цараа, эв нэгдэл, үнэнч нөхөрлөлийг эрхэмлэн, хүй ертөнцийн сэтгэлийг хурааж, хүн төрөлхтний дэг журам, хөгжлийн үндсийг тавьсан эрин цагийн их удирдагч байсан билээ.

Өнөөдрийн энэхүү түүхэн өдөр, монгол түмний бахархал, эвнэгдэл, хөдөлмөрч зан чанарын илэрхийлэл болсон, эх орныхоо дөрвөн зүг найман зовхист үйлс амжилтаараа шалгарсан эгэл жирийн иргэдийнхээ хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлж байна. Энд шагнал хүртсэн хүмүүсээс гадна бас манай олон иргэн төрийн өндөр шагнал хүртэж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна” гэлээ.

Боловсролын байгууллагад тасралтгүй 43 жил ажиллаж 16 удаа нэгдүгээр анги хүлээж авсан Ц.Мааньгүмбэн гуай, эрүүл энхийн манаанд тасралтгүй 51 жил зогсож хүн ардаа анагааж яваа эмч Х.Бааст гуай, мал сүргийг чанаржуулан, үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, байгаль цаг уурын онцлогт тохирсон нутгийн хэвшлийн цөм сүрэг үүсгэх, залуу халаа малчдыг сургахад зүтгэж яваа малчин Г.Сампил гуай гээд эмч, багш, эдийн засагч, сэтгүүлч, жүжигчин, тэмээчин, тролейбусны жолооч, гагнуурчин, гал сөнөөгч нарын шилдэг иргэд маань шагнуулж байгааг онцолсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аугаа их түүхийг бүтээсэн өвөг дээдсийн үр хойч бидэнд өөдрөг гэгээн ирээдүй буй гэдэгт би итгэдэг. Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийг ойг өргөн дэлгэр тэмдэглэж буй монгол түмэндээ болон Монголын төлөөх сэтгэл зүрхтэй бүхий л хүнд түүхт ойн баярын мэнд хүргэсэн юм.

Монгол Улсын Ардын жүжигчин С.Сарантуяа: Би урлагийн салбарт 16 наснаасаа эхлэн зүтгэж, хөдөлмөрлөсөн. Энэ хичээл зүтгэлийг минь үнэлэн Ардын жүжигчин цол авсандаа маш их баяртай байна. Урлагт хайртай, урлагийг хүндэлдэг ард түмний минь хишиг гэж бодож байна. Мөн өнөөдрийн Их эзэн Чингис хааны түүхт ойн өдөр энэ шагналыг авч байгаадаа маш их баярлаж байна.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх их эмч Д.Чойжилсүрэн: Эрүүл мэндийн салбарт ажиллаад 44 жил дөрвөн сар болж байна. Одоогоос 44 жил дөрвөн сарын өмнө мөн энэ өдөр анхны ажлын гараагаа эхэлж байсан юм. Миний хийсэн бүтээсэн, төр засагтаа зүтгэсэн зүтгэлийг минь үнэлэн гавьяат эмч цолоор шагнаж байгаад баяртай байна. Би наймдугаар  сарын 14-нд анх ажлын гараагаа эхэлж байсан байсан бол өнөөдөр Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж байгаа арваннэгдүгээр сарын 14-нд энэ шагнал хүртсэндээ баяртай байна.

МҮОНТ-ийн сэтгүүлч П.Алтанцэцэг: Сэтгүүлзүйн салбарын анхны алхам болох сонингийн үсэг өрөхөөс эхлээд МҮОНТ-ийн алтан микрофоныг барих хүртэл олон жил сэтгүүлзүйн салбартаа хүчин зүтгэсэн. МҮОНТ-ийн дөрвөн улирал нэвтрүүлгийн үзэгчид оролцогчид гээд олон малчин ардын минь сүүн цацлын билэгдэл гэж бодож байна. Алтангадас одонгоор шагнуулсандаа их баяртай байна. Аливаа зүйлд зорьж, чин сэтгэлээсээ хийвэл Төрийн хишиг хайрыг хүртдэг юм байна. Маш их баяртай байна, хамт олондоо ард түмэндээ ч баяраллаа. Сайхан баярлаарай гэж ерөөе.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж