Шонхорын дэвэлттэй гарьд

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

Шонхорын дэвэлттэй гарьд

Үндэсний бөх, бөхчүүд хүч бярын өрсөлдөөн агуулахаас гадна ард түмнийг цэнгүүлэх уламжлалт өндөр үүрэгтэй. Энэ үүрэг, бөхчүүд үзэгчдийг цэнгүүлж, уран сайхан барилдаан үзүүлэх зэрэг үндэсний бөхийн үнэт чанарууд одоо үеийн олонхи барилдаанд харагдахаа больсон. Бөхийн үзэгчид заримдаа уур уцаартай бөхчүүдийн зодоон цохион шиг барилдаан, омог ихтэй залуусын хэрүүл маргаан харсаар залхаж, юун сэтгэл баясгах байтугай толгой тархиа ядраагаад харих нь бий. Харин өчигдөр болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан барилдаан үзэгчдэд ойр хавьд харагдаагүй сайхан мэдрэмж төрүүллээ.

Шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар зарласныг тохиолдуулан үзэгчдэд сонирхуулсан Улсын начин Б.Адьяахүүгийн шавь нарын харцага, шонхорын дэвэлт, бөхийн уламжлалт гараа, дэвээний үзүүлэх тоглолтын дараа улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ онцгой мэдрэмжтэйгээ харуулж, эртний дэвээ, шаваагаар дөрвийн давааны барилдаанд гарсан нь үзэгчдийн сэтгэлийг хөөргөв.

Улсын арслан Х.Мөнхбаатарын улсын наадмын дэвжээнд хэдэнтээ харуулж байсан энэ дэвээ, шавааг залуу гарьд уран хийцтэй үзүүлсэн нь Бөхийн өргөө дүүрэн үзэгчдийг аргагүй л нэг цэнгүүлсэн юм. Бөх гэж энэ, үндэсний их цэнгэлийн утга учрын нэгээхэн хэсэг нь энэ билээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж