Таван шилдгүүдийг нэгтгэсэн “Их Монгол” эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

Таван шилдгүүдийг нэгтгэсэн “Их Монгол” эгшиглэнэ

Их Эзэн Чингис Хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн “Их Монгол” тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд 15.00, 19.00 цагт болно. Төрийн соёрхолт Д.Сосорбарам ерөнхий найруулагчаар нь ажиллаж буй энэхүү тоглолт уламжлалт төрийн концертоос өөр хэмнэлтэй болох гэнэ. Цэнгүүнд Монголын шинэ цагийн хөгжмийн урлагийн томоохон төлөөлөгчид болох таван хөгжмийн зохиолчийн үе үед бүтээгдсэн морин хуурын таван концертыг үзэгчдэд толилуулах юм. Харин эдгээр концерт тус бүрийг таван удирдаач дохиж амьдруулна. Түүнчлэн таван өөр морин хуурч эдгээр бүтээл дээр гоцлох бөгөөд тэд мөн таван уртын дуучинтай хөг аялгуу нийлүүлж, тэднийг таван бүжиг дэглээч дэмжиж, бүжгийн хэлээр “омогшуулах” гэнэ.

Хүндэтгэлийн цэнгүүнд Ц.Нацагдорж, З.Хангал, Б.Шарав, Н.Жанцанноров, Б.Мөнхболд хэмээх таван хөгжмийн зохиолчийн бүтээлийг Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү, Д.Нямдаш, Р.Ганбат, Б.Нямдорж нар удирдаж морин хуурчид нь А.Батсайхан, М.Бүргэдбаяр, Н.Жигжиддорж, О.Чулуунбаатар, Д.Шинэцог, уртын дуучид нь Б.Батмэнд, Э.Болормаа, Б.Мөнхбаатар, А.Түмэн-Өлзий, Г.Энхбаатар, дуучид нь Ж.Алтанцэцэг, Ө.Уянга, Д.Отгонжаргал, Б.Маралжингоо, А.Түмэн-Өлзий, харин бүжиг дэглээчид нь С.Сүхбаатар, УГЖ Л.Ганчимэг, Д.Энхгэрэл, А.Даваахүү, Д.Баярбаатар нар байх ажээ. Түүнчлэн “Алтан ураг”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” хамтлагаас гадна УДБЭТ, ҮДБЧ-ын симфони оркестрын уран бүтээлчид, “Увертюра” оролцох юм.

Монголын урлаг, оюуны ертөнцийг илтгэх “Таван элемент” агуулсан цуврал бүтээлийг сэдэж, хэрэгжүүлэх бодолтой байгаагаа Д.Сосорбарам анхныхаа “Монгол” тоглолтын үеэр мэдэгдэж байсан юм. “Тав” гэдэг тоо нь тохиолдлын бус. Билэг, бэлгэдэл зүйн хосгүй соёл, уламжлалыг тээгч монголчуудын хувьд “таван махбодь”, “таван мэдрэхүй”, “таван өнгө”, “таван зүг”, “таван эгшиг”, “таван тансаг” гэсэн ойлголт байхаас гадна “Тав”-ын тоо нь эрч хүчийг илтгэдэг нэн эртний бэлгэдэл болох тухай доктор, профессор С.Дулам тун тодорхой өгүүлсэн байдаг. Харин энэ удаагийн “арай олон” таван махбодь оролцсон тоглолтоо Д.Сосорбарам эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийн ой энэ онд тохиож байгаад бэлгэшээн их хаанд зориулсан хүндэтгэлийн цэнгүүн болгож үзэгчдэд толилуулахаар шийджээ. Таван шилдгийг нэгтгэсэн тоглолтын тасалбарын үнэ 15 мянган төгрөг ажээ.

"Их Монгол" хүндэтгэлийн цэнгүүний бэлтгэлийн үеийн гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Т.МАША

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж